УИХ-ын сонгууль хаяанд ирээд байна. Дөрвөн жилийн хугацаанд улстөрчид имижээ бүрдүүлж амжсан. Тэдний хэн нь сайн нэр олохоор шоудаж, сайхан ярьж, хэн нь чимээгүйхэн ч үр дүнтэй ажиллаж байгааг ард түмэн ялгаж салгаж буй. Хэдхэн сарын дараа тэдэнд, намд нь сонгогчид дүнгээ тавина. Амласан мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлснийг нь шүүнэ. Энэ шүүлтэд хувь оруулж, бид УИХ-ын 76 гишүүнийг “сонжиж” байгаа билээ.
Сангийн сайд болох нь түүний чин хүсэл байлаа. Эдийн засагч, статистикч мэргэжилтэй энэ эрхэм 2004 оноос хойш УИХ-д гурвантаа сонгогдон ажиллаж буй. УИХ дахь бас нэг өвөрмөц гишүүдийн нэг болох түүнийг Н.Батбаяр гэдэг. 2004, 2008 онд Ардчилсан нам Засгийн газрыг хамтран байгуулах үед тэр Сангийн сайд болох хүслээ хэлдэг байсан. Гэвч боломж олдоогүй. Тэгэхээр нь “андуураад” 2004-2006 онд Барилга, хот байгуулалтын сайд хийчихсэн гэж байгаа. Гэхдээ мөрөөдөл биелдэг. Ялангуяа хэт өөдрөг үзэлтэй, мөнх хөх тэнгэртэй “ярилцдаг” энэ эрхмийн хувьд одоогийн парламентын эхэнд мөрөөдөл нь биелсэн.
2012 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эдийн засгийн хөгжлийн яамыг бараг л түүнд зориулан байгуулсан. “Чингис” зэрэг бондын хөрөнгийг хөгжлийн төслүүдэд зарцуулах эрх мэдэл түүнийх болов. Уг бондоос санхүүжүүлсэн цөөнгүй төсөл амжилттай байсан. Аймгуудын ихэнх нь нийслэлтэй авто замаар холбогдож, нийслэлд “Гудамж” төсөл хэрэгжсэн. Үүнд түүний хичээл зүтгэл бас байсан биз.
Гэвч эдийн засаг өдөр ирэх бүр хүндэрч байлаа. Сангийн яам нь бэлгэдэл төдий болчихсон нөхцөлд Эдийн засгийн хөгжлийн сайдаас л олон нийт, сөрөг хүчин хариуцлага нэхэв. Тэр бүрт энэ эрхэм “Хямралыг боломж болгон хар, муу юм бүү бод, бүү ярь” гэсэн өөдрөг уриалга дэвшүүлж байсан. Энэ үг нь бараг л афоризм болох шахсан. Харамсалтай нь хэчнээн өөдрөгөөр бодоод ч үр дүн гарсангүй. Төгрөгийн ханш суларч, долларынх өссөн, улсын өр гаарсан, хөрөнгө оруулалт буурсан. Эдийн засгийн буруу бодлого явуулсан гэсэн үндэслэлээр МАН-ынхан түүнийг огцруулах тогтоолын төслийг 2014 оны тавдугаар сард өргөн барьж байлаа.
УИХ олонхоороо түүнийг хамгаалж үлдсэн ч үүнээс хэдхэн сарын дараа тэр мөрөөдлийн ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Аравдугаар сард нь шинэчлэлийн Засгийн газраас долоон сайдаа чөлөөлсний нэг нь мань Н.Батбаяр байлаа. Ийм арга хэмжээ авсан ч удалгүй Н.Алтанхуягийн танхим тэр чигээрээ огцорсон түүхтэй.
2008-2012 онд түүнийг бөө болсон тухай мэдээлэл тарсан. Эрхэм гишүүн ч үсээ ургуулж, Төрийн ордонд гал тахиад эхэлсэн юм даг. Удалгүй үсээ богиносгосон ч чуулганы танхимд мөнх хөх тэнгэрээ шүтэх талаар үе үе яриа дэлгэх болсон. Энэ парламентад ч, сайд байхдаа ч тэр уг зарчмаараа ажилласан.
“Чингис” бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн тоо зүгээр ч нэг 888 байгаагүй гэдэг. Бэлгэдэл юм шүү дээ. Сайдын суудлаасаа бууснаас хойш хэдэн сард тэр “ичээндээ орчихсон”. Төрийн ордноор ч ховорхон үзэгдсэн тэр үед түүнийг “Эмчилгээ хийлгэж байгаа” гэх мэдээлэл гарч байлаа.
Мөрөөдлийн ажлаасаа “цаг бусаар” чөлөөлөгдсөн шокноосоо гарах гэж хэдэн сар чимээгүй амьдарсны дараа тэр эргэн ирэв. Дөрвөн жилд эрхэм гишүүн Статистикийн, Хөрөнгө оруулалтын тухай зэрэг хуулийн төсөл санаачлан өргөн барьсан ч хамгийн том нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл байлаа. Учир нь тэрбээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахлах үүргийг Л.Цогоос хүлээн авч, сүүлийн жил гаруйн хугацаанд ажилласан. Түүний багийнхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг 2015 оны арваннэгдүгээр сард УИХ-д өргөн барьсан юм.
Ингэхдээ уг асуудлаар хоёр долоо хоногийн дотор бүх нийтийн санал асуулга явуулна гэж зүтгэв. Сонгуулийн санал хураалт болохоос зургаан сарын өмнө өөрчлөхийг хориглодог цөөн хуулийн нэг нь Үндсэн хууль. Гэвч Н.Батбаяр гишүүн өнөөх л өөдрөг үзлээрээ хандаж, “Болгоё гэсэн хүн аргаа олдог. Болохгүй гэсэн хүн шалтаг олдог” гэж байлаа. Санал асуулгыг арваннэгдүгээр сарын 26-нд товлосон тогтоолын төсөл оруулж ирсэн нь учиртай.
“Монголчууд бэлгэ дэмбэрлээ боддог ард түмэн. Тэр үүднээс анхны Үндсэн хууль баталсан түүхэн өдрөө санал асуулга явуулъя гэж шийдсэн юм” хэмээн мань эр тайлбарлаж байлаа. Бэлгэдлээс бэлгэдлийн хооронд л амьдардаг хүн бололтой. Гэвч санал асуулга болоогүй, Үндсэн хуулийг энэ парламент өөрчлөх боломжгүй нь тодорхой болсон.
Н.Батбаяр гишүүн үндэсний үзлээ шүтэж, өөдрөг байхыг уриалж, хурдан ярьж, яаруу алхсаар явна. Аливаа юмны хэмжээ сайн, муу аль нэг тийшээ хэтэрвэл бурууддаг жамтай. Хэт өөдрөгөөсөө болоод аливаад хөнгөн, тооцоололгүй хандах гээд байдаг алдаа түүнд байх шиг. Тэрбээр Архангай аймагт өрсөлддөг. Хоёр сарын дараа болох сонгууль түүнд өөдрөг үр дүн харуулах болов уу, удахгүй мэдэх биз.