МАХН-ын зохион байгуулалт, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн батлан даалтад гаргажээ. Түүнийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбын ил захидалтай холбоотойгоор өнгөрсөн хоёрдугаар сарын 20-доор цагдан хорьж, улмаар яллагдагчаар тооцсон юм.
Тухайн үед Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба захидал бичиж “Миний бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 мянган ам.долларыг 2015 оны арваннэгдүгээр сарын 4-ний өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно.
Харин уг өдрийн орой О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 мянган ам.долларыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан” гэж бичсэн. Харин П.Цогтбаатар нь “Г.Шийлэгдамбын өгсөн 50 мянган ам.долларыг би авсан” хэмээн тайлбар өгсөн нь түүнийг хорьж шалгах үндэслэл болсон гэдэг.
Уг хэрэгтэй холбогдуулан АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярын хамгаалагчаар ажиллаж байгаад сүүлд нь Гадаадын иргэн харьяатын газрын хэлтсийн дарга болсон М.Мөнхөөг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт саатуулсан байна.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, хэвлэл, мэдээлэл олон нийт хариуцсан дарга Б.Тулга нар энэ тухай мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн бөгөөд “Намын даргын хамгаалагчийг өнгөрсөн баасан гаригт гэрээс нь барьж саатуулсан. Хамгаалагч М.Мөнхөөг нэлээд хүнд гэмтэлтэй байхад баривчилсан нь харамсалтай. Ер нь АТГ бүх л баривчилгааг баасан гаригт хийдэг болчихсон. Дөрвөн жилийн өмнөх дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Н.Энхбаяр даргыг баривчилж байсан” гэж мэдэгдлээ.