Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийг товлон зарлах болон зардлын хэмжээг батлах тухай тогтоол баталлаа. Ингэснээр ээлжит сонгуулиудыг маргааш товлож зарлах нь. Мөн сонгууль зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 16 тэрбум 453 сая 912 800 төгрөгөөр тогтоолоо.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн хэлснээр өнгөрөгч сонгуультай харьцуулахад сонгогч 146 мянга, сонгуулийн хэсгийн тоо 186, сонгуулийн хороодод ажиллах хүний тоо урьдчилсан тооцоогоор 5000 гаруйгаар нэмэгджээ. Түүнчлэн УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамт зохион байгуулах учир саналын хуудасны зардал нэмэгдэнэ гэв.
2012 онд УИХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамт явуулахад УИХ-ынхад 16.8 тэрбум, ИТХ-ынхад 464 сая буюу нийт 17.3 тэрбум төгрөг зарцуулсан аж. Энэ удаагийн сонгуульд аймгийн ИТХ-ын сонгууль нэмэгдэж байгаа гэж үзвэл түрүүчийн УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулиас нэг тэрбум орчим төгрөгөөр бага зардалтай байх нь. 2012 оны аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн нийт зардал 5.2 тэрбум төгрөг байжээ.
Б.НОМИН