
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч, тус эвсэл зургаан гишүүнтэй болоод буй. Улмаар эвсэл байх эрх зүйн боломжгүй болж, Засгийн газар тарах уу гэсэн асуулт гараад байна. Үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Засгийн газрыг бүрдүүлэх асуудлыг УИХ-ын сонгуульд оролцсон субъектүүдийн хооронд ярьдаг. Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа. Сонгуульд оролцсон субъектүүдэд өөрчлөлт ороогүй учраас Засгийн газрын үйл ажиллагаа, чадамжид ямар ч асуудал гарахгүй. Хоёрдугаарт, УИХ-д наймаас дээш гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулах хууль зүйн зохицуулалттай. “Шударга ёс” эвслийн бүлэг УИХ-д зургаан гишүүн үлдсэн. Тиймээс бүлэгтэй байх чадамжгүй болж байгаа юм. Эвслийн бүлэггүй болж байгаа ч үйл ажиллагаа нь үргэлжилж буй учраас Засгийн газрын чадамжид ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох, УИХ-ын бүлэгтэй байх нь хоёр өөр асуудал. Тиймээс Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх эрх зүйн чадамжтай” гэлээ.