
УИХ-ын сонгууль хаяанд ирээд байна. Дөрвөн жилийн хугацаанд улстөрчид имижээ бүрдүүлж амжсан. Тэдний хэн нь сайн нэр олохоор шоудаж, сайхан ярьж, хэн нь чимээгүйхэн ч үр дүнтэй ажиллаж байгааг ард түмэн ялгаж салгаж буй. Хэдхэн сарын дараа тэдэнд, намд нь сонгогчид дүнгээ тавина. Амласан мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлснийг нь шүүнэ. Энэ шүүлтэд хувь оруулж, бид УИХ-ын 76 гишүүнийг “сонжиж” байгаа билээ.
Тэр түүхийн хамгийн дуулиантай УИХ-ын дарга байсан. Орондоо ч, ордондоо ч хууль засна гэдэг үг нь нэг үе нэлээд “хит” болж явлаа. Тийм ээ, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн тухай ярьж байна. 2005-2007 онд УИХ-ын дарга хийж байхдаа энэ эрхэм гишүүдээ гайгүй сайн зангиддаг байлаа. Гэвч хууль зассан хэргээр огцрох “ял”-д унасан. Хэдийгээр тухайн үедээ УИХ даргыгаа авч үлдэх шийдвэр гаргасан ч мань эр өөрөө ажлаа өгсөн түүх бий. Тэр бол УИХ-д тасралтгүй сонгогдон ажиллаж буй хуруу дарам цөөн, туршлагатай түшээгийн нэг. Хуульч мэргэжилтэй, хоёр ч удаа Хууль зүйн сайдаар ажилласан. 2008-2012 онд Хууль зүйн сайд байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр унтаж байсан, гэрт нь зурагт байдаггүй гэсэн хөгжилтэй хариулт өгч явсан эр. Тэр үед МАХН-ын ахмадууд мөнгө нийлүүлж байгаад эрхэм сайдад зурагт авч өгсөн удаатай. Мэдээж Хууль зүйн сайд нь тийм том баривчилгаа болохыг мэдээгүй байх боломжгүй. Тэр үед хууль, цагдаагийн ажилд нөлөөлөх ёсгүй, боломжгүй учраас л ийм “шазруун” хариулт хэлснээ тэр саяхан ярьсан байна лээ. Шулуухан, хатуу, хоржоонтой үгтэй энэ эрхмийг улс төрийн “хатуу самар” хэмээн тодотгодог.
2012 оны сонгуулиар тэрбээр МАН-аас жагсаалтаар тав дахь удаагаа УИХ-д сонгогдсон. Үүнээс өмнөх он жилүүдэд хоёр ч удаа Хууль зүйн сайдаар ажиллаж, энэ салбарын олон ч хууль санаачлан батлуулсан байдаг. Байсхийгээд л нэг часхийсэн үг хэлж, үйлдэл гаргаад олны анхааралд ордог нэгэн байв. Харин өнгөрсөн дөрвөн жилд тэр тун даруу байлаа. Үүнд гурван ч шалтгаан байна. Юуны өмнө МАН сөрөг хүчин болж “тушаал буурсан”, Ц.Нямдорж ч тэр хэрээр намба зааж, хаа нэг хатуухан, чимхсэн үгээ хэлсэн шиг л явна. “Түшиж байгаа төрийг нүдэн дээр чинь нурааж байхад ус балгачихсан юм шиг гүлдийгээд сууж байх нь лав л миний зарчим биш” хэмээн эрхэм гишүүн ярьсан байна лээ. Тиймээс өөрөө ч ярих, сэтгүүлчид ч яриулах сонирхолтой байдаг. Учир нь нийгэм түүний үгийг анхааралтай сонссоор байгаа хэрэг. Чуулган, Байнгын хорооны хуралдаан дээр Ц.Нямдорж гишүүн үг хэлнэ гэвэл сэтгүүлчид ч, түшээд ч тийш чихээ сортойлгоно. Тиймээс л тэр өөрөө гол дүрд нь тоглох үйл явдал болоогүй ч мартагдахгүй яваа юм.
Хоёрдугаарт, АН эрх барьж, хууль зүйн салбарт ч энэ намынхан очиж, холбогдох эрх зүйн орчны өөрчлөлтийг ч тэд санаачлан хийж байна. Тиймээс л Ц.Нямдоржид орон зай “олдохгүй” байгаа бололтой. Түүний гэж овоглох тоймтой хууль, тогтоол өнгөрсөн дөрвөн жилд санаачилсангүй, батлуулсангүй. Гуравдугаарт, жагсаалтаар сонгогдсон гишүүнд амлалтаа биелүүлэх, тойргоо эргэх, сонгогчдоо аргадах шаардлага ч гарахгүй юм. Ингээд л энэ эрхмийн дүр төрх өмнөх он жилүүдийнхтэй харьцуулахад бүдгэрсэн байх нь. МАН-ынхан Ч.Сайханбилэгийн танхимд хэдэн сар хамтрах үед ч түүнд албан тушаал оногдоогүй.
Бас тэр өнгөрсөн дөрвөн жилд үзээгүйгээ үзсэн. Ганц энэ гишүүн биш, МАН-ынханд хүндхэн цаг хугацаа байсан биз. Сөрөг хүчин болж, буйдантай суулт хийж, гудамжинд жагсаж ч үзлээ. Өвөрхангай аймагт сонгогчдын саналаар илт ялсан тус намын Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын нэрийг хасаж, АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нарыг хууль, шүүхийн байгууллагаар далайлган гишүүн болгосон “онцгүй” явдал 2012 оны сонгуулийн дараа болсон. Тэр үед Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ын лидерүүд лоозон барьж, буйдантай жагсаал хийсэн билээ. Том улстөрчид Л.Гүндалай стийлээр жагсаал хийж, чуулганы танхимын үүдийг хаан суух нь тэр үедээ л цочир санагдаж байлаа. Сонгуулийн тухай хуульд УИХ өөрчлөлт оруулж, мажоритар тогтолцоотой боллоо. Одоо эрхэм гишүүн Увс аймагтаа хүч үзэх үү. Өөрт нь бол санаа бий байх. Олон удаа сонгогдсон, улиг болсон гэлтгүй иргэд, ялангуяа увсынхан түүнд саналаа дуртайяа өгөх биз. Хэдийгээр оролцоо, дүр төрх нь бүдгэрч яваа ч үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг шүү дээ. Тэр бууж өгөх, харих болоогүй байна.