
УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэх байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаан болсонгүй. 09.00 цагт эхлэх байсан тус хуралдаан тодорхойгүй шалтгаанаар, тодорхойгүй хугацаагаар хойшилсныг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей тайлбарласан. Тус Байнгын хорооны зарим гишүүн “Тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тогтоолын төслийг Сонгуулийн ерөнхий хорооныхон бэлэн болгоогүй байна. Саналаа танилцуулангуут нь үдээс хойш хэлэлцэнэ” гэж байв. Үнэндээ аль аль нь шалтгаан биш байсан бололтой. Пропорциональ хувилбараар сонгох байсан 28 мандатыг нийслэл болон аймгуудад хэрхэн хуваарилах асуудлаар байр суурийн зөрүүтэй байсан АН, МАН-ынхан ойлголцох гэсээр өдрийг барсан хэрэг.
СЕХ-ноос ямар санал хүргүүлсэн нь үдийн цайны цагаас өмнө нэгэнт ил болсон байв. Тодруулбал, орон нутагт 48, нийслэлд 28 буюу Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймаг, Багануур (Налайх, Багахангай) дүүрэгт тус бүр нэг, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Увсад тус бүр хоёр, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр зургаа, Хан-Уул, Чингэлтэй, Баянголд тус бүр дөрвөн мандаттай байх санал боловсруулсан байна.
Эдгээрээс МАН-ынхан, тэр дундаа гишүүн Ё.Отгонбаяр, Ж.Энхбаяр нар Булган, Говь-Алтайд мандатын тоо нэмүүлэх гэж Хэнтий, Сүхбаатарынхантай барьцаж, хэл ам хийсэн сураг байна. Энэ мэт яриа, тохироо хийх гэсээр АН, МАН-ынхан 14.00 цагт дахин зарласан хуралдааныг ажлын цаг дуустал эхлүүлсэнгүй. МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт тэргүүтэй цөөнхийн гишүүд АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын албан өрөөнд цуглаж, дараа нь УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын өрөөг зүглэсэн. Тэнд цаг орчим ярилцсаны дараа тэд тус тусын бүлгийн даргын өрөөнд хуралдсан юм.
Ц.ЛХАГВАСҮРЭНГ ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДААР ТОМИЛОХЫГ ДЭМЖСЭНГҮЙ
Энэ өдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын сайдаас чөлөөлж, оронд нь Ц.Лхагвасүрэнг томилуулах Засгийн газрын саналыг хэлэлцлээ. Улмаар Г.Шийлэгдамыг сайдаас чөлөөлөхийг дэмжсэн ч, Ц.Лхагвасүрэнг тус албан тушаалд томилуулахыг дэмжсэнгүй. Хэлэлцүүлгийн үеэр төдийлэн олон гишүүн асуулт тавьж, санал хэлээгүй бөгөөд гишүүн С.Одонтуяа “Ц.Лхагвасүрэнг хувь хүнийх нь хувьд дэмжиж байгаа ч түүнийг нэр дэвшүүлсэн “Шударга ёс” эвслийн бүлэг задарсан тул ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж байна. Уг саналыг хэлэлцэх шаардлагатай, эсэхэд эргэлзэж байна” гэлээ. Үүнд Шадар сайд Ц.Оюунбаатар “Засгийн газрыг АН, МАХН бүрдүүлж байгаа учраас Ц.Лхагвасүрэнг томилуулах саналыг хэлэлцэх ёстой” гэсэн хариулт өгсөн.
Мөн тус Байнгын хорооны дарга Д.Батцогт нэр дэвшигчийг хувь хүнийх нь хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд, “Ерөнхий сайд энэ хүнийг нэгэнт дэвшүүлсэн юм чинь хэлэлцэх ёстой. Гишүүд итгэл үнэмшлээрээ саналаа өгнө биз” гэж байлаа. Үүнээс гадна гишүүн Г.Баярсайхан эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүнээр удирдуулах нь зүйтэй гээд түүнийг дэмжихийг гишүүдэд уриаллаа. Санал хураалтад оролцсон гишүүдээс А.Тлейхан, Д.Сарангэрэл, Г.Баярсайхан нараас бусад нь Ц.Лхагвасүрэнг дэмжих боломжгүй хэмээн санал өгсөн юм. Уг саналыг өнөөдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.
АТГ-ЫН ДАРГЫГ ТОМИЛОХ АСУУДЛААР АН-ЫН БҮЛЭГ ЗАВСАРЛАГА АВАВ
Хууль зүйн байнгын хороо бүтэн өдөржин хуралдав. Хуралдааны эхэнд гишүүн Ё.Отгонбаяр АТГ-ын даргыг томилох саналыг хэлэлцэх горимын санал гаргасныг дэмжсэн ч АН-ын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авлаа.
Мөн Г.Уянга гишүүний тавьж буй Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар нэлээд маргав. Энэ үеэр гишүүн Ш.Түвдэндорж “Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн талаар УИХ-ын гишүүний тавьсан асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцвэл Үндсэн хууль зөрчинө. Ерөнхийлөгчид уучлал үзүүлэх онцгой эрх бий. Аль ч улсын иргэнийг уучилж болно. Энэ эрхийнхээ хүрээнд “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Каплаг хуулийн хугацаанд уучилсан. Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэцээс гаргасны дараа УИХ уг асуудлыг хэлэлцэх ёстой. Хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаад байж болохгүй, Г.Уянга гишүүн ээ. “Саусгоби сэндс” компани Монгол Улсад өрөө төлөөд эхэлсэн юм билээ. Г.Уянга гишүүн та, “хулгайч нар” гэж бөөрөнхийлөөд байлгүй, нэр дурдах хэрэгтэй. Би хулгай хийгээгүй гэдгээ хаана ч хэлнэ. Авлигын эсрэг хуулийг би санаачилж, батлуулсан” хэмээн бухимдсан бол гишүүн Р.Гончигдорж “Г.Уянга гишүүн энэ асуудлаар иргэнийхээ хувьд Цэцэд хандах хэрэгтэй.
Сонгууль болох гэж байхад биднийг “гаднынхны тагнуул” гэх мэтээр дуудах хэрэггүй” гэв. Мөн гишүүн Х.Тэмүүжин “Уучлал үзүүлсэн нь Үндсэн хууль зөрчсөн, эсэх талаар өмнө нь хоёр удаа хэлэлцэж байсан. Гэхдээ хүсэлт хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзсэн байдаг. Монгол Улсын хуулиар ялыг шүүх оноодог. Гомдол, маргаан гаргах нь шүүхээр орж буй хэн бүхэнд нээлттэй. Үндсэн хуульд заасан, хэнтэй ч хуваалцахгүй Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнх нь талаар Цэцийг алгасаж, УИХ хэлэлцэх нь хууль зөрчсөн хэрэг” гэж байсан юм.
Ингээд Ш.Түвдэндорж гишүүн горимын санал гаргаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Жастин Каплад уучлал үзүүлсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.
Үүнтэй холбогдуулан гишүүн Г.Уянга хэвлэлийн бага хурал зарлаж, “Иргэний бус, УИХ-ын гишүүний хувиар уг асуудлыг тавьсан. Ингэх хангалттай үндэслэл бий. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд “Цэц нь Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг УИХ-ын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Нөгөө талаас Цэц УИХ-ын хүсэлтээр маргаан хянан шийдвэрлэхдээ дүгнэлт гаргаж УИХ-д оруулдаг. Энэ бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж буй хэрэг биш” гээд үүнийг хэлэлцүүлэхийг үргэлжлүүлэн шаардахаа мэдэгдлээ.