
2016 оны сонгуульд 11 нам, 3 эвсэл оролцоно
Сонгуулийн Ерөнхий хороонд хуульд заасан хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр 13 нам, 3 эвсэл 2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн. Сонгуульд оролцохоор хүсэлт ирүүлсэн намуудын бичиг баримтыг Сонгуулийн Ерөнхий хорооноос томилогдсон ажлын хэсэг нягталж үзээд энэ сарын 2-нд 11 намд батламж гардуулж, ХҮН болон ИЗНН-ыг сонгуульд оролцох боломжгүй гэж үзсэн юм. Учир нь тус намуудын баримт бичгүүд дутуу байсан аж. Сонгуулийн Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Сонгуульд оролцох намууд 10 төрлийн бичиг баримт ирүүлэх ёстой байдаг. ХҮН сонгуулийн дансны мэдээллээ өгөөгүй. Мөн хоёр өөр тамгатай баримт бичиг илгээсэн. ИЗНН-ын хувьд баримт бичгүүдэд тус намын дарга С.Оюун гарын үсэг зураагүй байсан” гэсэн юм. Тэгвэл 93 хүн бие дааж нэр дэвшихээр Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн.
Сонгуульд оролцох батламжаа авсан нам, эвслүүд:
1. Монгол Ардын Нам
2. Монгол Консерватив Нам
3. Бүгд Найрамдах Нам
4. Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам
5. Ардчилсан Нам
6. Монгол Ардын Хувьсгалт Нам
7. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
8. Ард Түмнээ Хайрлая Нам
9. Монголын Уламжлалын Нэгдсэн Нам
10. Монголын Социал Демократ Нам
11. Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын
"Тусгаар тогтнол,эв нэгдэл” эвсэл
12. Эх Орончдын Нэгдсэн Нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын
"Эх орончдын нэгдсэн эвсэл”
13. Иргэний хөдөлгөөний нам
14. Хөгжлийн Хөтөлбөр Нам, Монголын Либерал Намын "ХААН сонголт” эвсэл.
Харин нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна. Өмнө нь үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа хийдэг байсан бол энэ удаад сонгууль 18 хоногийн өмнө буюу ирэх сарын 11-нээс сурталчилгаа хийх эрх нээгдэж байгаа юм.
Түүхэнд анх удаа сонгуулийн санал хураалт болохоос өмнө хуульдаа гар хүрсэн парламент болов.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт ажлын бус цагаар УИХ хуралдаад Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, жижиг 76 тойрог бүхий можритар хувилбартай болгов. Ингэснээр түүхэнд анх удаа сонгуулийн санал хураалтаас сар гаруйн өмнө хуульдаа гар хүрсэн анхны парламент болж буй юм. Тодруулбал хэн нэгэн гишүүн намын далбаан дор хавчуулагдаж гарч ирэхгүй гэж үзжээ. Ингэхдээ ажлын хэсэг Сонгуулийн тухай хуулиас зөвхөн Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтэд хөндөгдсөн зүйл заалт, хэсгүүдийг өөрчлөх зарчмыг барьж ажилласан гэдгийг онцолж байлаа.
Сонгуулийн хуулинд орсон нэмэлт, өөрчлөлт:
1. Нэр дэвшигчид сонгуулийн мөрийн хөтөлбөрийн эдийн засгийн тооцоонд заасан хугацаанаас 10 хоногийн өмнө хийсэн аудитын байгууллагын дүгнэлтийг хавсаргах шаардлагатай.
2. Нэр дэвшигч бүр нэг мандаттай 76 тойрогт өрсөлдөнө. Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.8 дахь хэсгийн “нэр дэвшигчдийн” гэсний өмнө “нам, эвслээс” гэж, мөн хэсгийн “бүртгэх” гэсний өмнө “бие даан нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор” гэж нэмэхээр тусгажээ.
3. Сонгуулийн тухай хуулийн Сонгуулийн тогтолцоо гэсэн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг “7.1.Сонгууль нь олонхийн буюу мажоритар тогтолцоотой байна.
4. Нэр дэвшигч бүрийн авсан саналыг тоо, хувиар нь эрэмбэлэн, тойргийн дарааллын дагуу үйлдэх” гэж тус тус өөрчлөн найруулахаар зохицуулжээ. Мөн хуулийн зарим зүйл, заалт, хэсгийг өөрчлөх, хүчингүй болгохоор тусгасан байна.
Мөн УИХ-ын чуулганаар “Нэр дэвшигчийн 30 хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн заалтыг эрэгтэй гишүүдийн олонхын саналаар 20 хувь болгон багасгав.Бүсгүйчүүдэд зориулсан квотоо сонгууль болохоос өмнөхөн хасаж байсан түүх 2007 онд гарч байсан юм.
76 жижиг тойрог VS Мандатын хувиарлалт:
Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсэн төслөөр орон нутагт 48 мандат, нийслэлд 28 мандат ногдож байгаа юм. Гэвч Говь-Алтай, Булган аймаг зөвхөн нэг мандаттай байгаа нь УИХ-ын сонгууль 76 жижиг тойргоор зохион байгуулагдана гэсэн хуультайгаа нийцэж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж буй. Тухайлбал, Говь-Алтай 60900 хүн амтай 1 мандат байхад Өмнөговь 46800 хүн амтай мөртлөө 2 мандат хуваарилсан. Мөн 60800 хүн амтай Булган аймаг 1 мандаттай байхад Хэнтий 71200 хүн амтай байж 3 мандаттай байгаа нь хэр шударга хуваарилалт болов гэх асуудал үүсээд байгаа юм.
Сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн 00:00 цагаас эхлэн гарна
Өвчтэй, өндөр настай хүмүүсээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажил зургаадугаар сарын 27-нд явагдана. Санал авах цагийн хуваарь 09-22 цагийн хооронд авна.
Улс орон даяар санал авах ажиллагаа зургаадугаар сарын 29-нд эхэлнэ. 07-22 цаг хүртэл УИХ болон аймаг нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа үргэлжилнэ. Энэ нь өмнөх сонгуулийн санал авч байсан цагаас хоёр цагаар нэмэгдэж хуульчилсан байна.
Аймаг нийслэл дүүргээс мэдээгээ авч эхний урьдчилсан тооллогын дүн 00 цагт гарна гэж тооцоолжээ.