
УИХ-ын сонгууль хаяанд ирээд байна. Дөрвөн жилийн хугацаанд улстөрчид имижээ бүрдүүлж амжсан. Тэдний хэн нь сайн нэр олохоор шоудаж, сайхан ярьж, хэн нь чимээгүйхэн ч үр дүнтэй ажиллаж байгааг ард түмэн ялгаж салгаж буй. Хэдхэн сарын дараа тэдэнд, намд нь сонгогчид дүнгээ тавина. Амласан мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлснийг нь шүүнэ. Энэ шүүлтэд хувь оруулж, бид УИХ-ын 76 гишүүнийг “сонжиж” байгаа билээ.
Бүсгүй хүн гэхээр л гэрийн ажилд дарагдаж, үр хүүхэд, эр нөхөр, ар гэрийн аар саархан ч болов зүйлийн төлөө сэтгэл чилээх учиртай мэт хэвшмэл ойлголт өнөө хэр хүчтэй байсаар буй. Тэднийг төрийн эрх барих дээд байгууллагад түмнээ төлөөлчихөөд байхад нь хүртэл тээршаах, бүр тохуурхах маягтай, тийм гэхийн аргагүй ялгамжтай хандлага парламентын дотроос ч, гаднаас ч гардаг нь нууц биш. Тийм “дарамт”-ыг сөрж, торгон мэдрэмж, хичээл зүтгэлийнхээ үрээр төрийн түшээгийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж буй бүсгүйчүүдийн нэг нь УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, гишүүн С.Одонтуяа юм.
Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдэд шаардлагатай хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэн ажиллажээ. Гэхдээ эдгээртэй хүссэн ч, эс хүссэн ч холбогдчих гээд байдаг эмэгтэй гишүүдийн замналыг давтаагүй. Тэр УИХ дахь Хүүхэд, гэр бүлийг дэмжих лообий бүлгийн ахлагч, эмэгтэй гишүүдийн бүлгийн идэвхтэй гишүүн. Ингэхдээ тэрбээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын одоогийн бүтэц, статус, засаглалыг шинэчилж, үйлчлүүлэгч төвтэй, үр ашигтай санхүүгийн менемжменттэй болгох Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхэд бүхий л талын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан.
Салбартаа төдийгүй нийгэмд үгүйлэгдсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн санаачлагч нь Засгийн газар байх учиртай ч сураг алдраад хэдэн жилийн нүүр үзсэн уг хуулийг С.Одонтуяа гишүүн барьж авч, санаачлан батлууллаа. Тэрбээр Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлд ийм байдлаар оролцоод зогсохгүй, сонгогдсон дүүрэгтээ Эрүүл мэндийн төв, Хүүхдийн эмнэлэг барих асуудлыг шийдвэрлэхэд нь гар бие оролцсон. Мөн шинээр 150 ортой хүүхдийн, 80 ортой ахмадын эмнэлэг удахгүй ашиглалтад оруулахаар болж, Баянгол дүүргийн иргэдийнхээ Эрүүл мэндийн асуудалд бүрэн анхаарлаа хандуулан ажиллажээ. Тэрбээр зөвхөн тойргоо чухалчлалгүй төв, орон нутгийн эх, хүүхдүүд үйлчлүүлдэг ЭХЭМҮТ-ийн Нярай судлалын танхимыг засварлан шинэчилсэн юм. Тус тасагт эмчилгээ нэн шаардлагатай нярай хүүхдүүдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг юм билээ.
Үүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийн ажлын хэсгийг ахлан ажилласан юм. Ийнхүү дагнасан, бие даасан хуулиудыг боловсронгуй болгохоос гадна холбогдох хуулиудад хэрэгтэй ганц ч болов заалт тусгуулахын төлөө сэтгэл гаргадаг нь анзаарагддаг. Тухайлбал, Эрүүгийн хуульд хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусгай бүлэг болгон оруулж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгасны зэрэгцээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зөрчсөн тохиолдолд холбогдох хүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар хуульчилсан.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд даргаар ажиллаж, бүлгийн доторх зөрчилдөөнтэй асуудлууд, УИХ-д суудалтай нам, эвслийн бүлэг, бие даагч гишүүдтэй харилцан ойлголцох, зөвшилцөхөд маш том нөлөө үзүүүлдэг гэж УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлсэн байдаг. Үнэхээр бүлгийн дэд даргын хувьд ирц бүрдүүлэхээс эхлээд бүлгийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад тэрээр чухал үүргийг энэ дөрвөн жилд гүйцэтгэж иржээ. Өнгөрсөн бямба гарагт бүх нийтээрээ мод тарьсан. УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэхдээ УИХ-ын гишүүд тойрог хуваах болохоор бүгдээрээ ирдэг, харин мод тарих болоход С.Одонтуяа гишүүн л иржээ гэж хошигносон. “Сэтгэл байхад шийдэл ямагт олддог” гэж хэлэх дуртай тэрээр асуудлыг шийдэл болгох мэдрэмжтэй нэгэн.