
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -Санал гаргасан гишүүн нь хэн юм бэ? Норовын Алтанхуяг уу, Увс аймгийн АН-ын дарга, ТЭСО компанийн захирал найз нь уу. Хэн үүнийг зурсан юм бэ?
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: -Гурвыг яаж хуваахыг би мэдэхгүй. Би хуваагаагүй.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -Битгий худлаа ярь. Танай намынхан Б.Гарамгайбаатарын өрөөнд өчигдөржин зурцгаасан шүү дээ. “Хэн нь зурсан юм бэ” гэхээр та мэдэн будилж гөрдөхөө боль.
Энэ бол УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ч.Хүрэлбаатар нарын дунд өнгөрсөн пүрэв гаригт өрнөсөн маргаан. Увсын зүүн сумдыг баруун сумдтай “нэгтгэж”, нэг тойрог болгосон “шог зураг”- ийн эзнийг Ч.Хүрэлбаатар гишүүн АН-ынхнаас хайж, Н.Алтанхуяг мэлзсэн дүр зураг. Гэвч АН-ынхнаас арай шударга, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Санал гаргасан Н.Батбаяр, Г.Батхүү, Х.Тэмүүжин, яг энэ санал дээр, Увс дээр бол Н.Алтанхуяг нарын гишүүн байна. Р.Гончигдорж гишүүн бас байгаа” гэж хоёр гишүүний маргааныг хагалав.
Өөрөөр хэлбэл, “Би зураагүй” хэмээн асуултаас бултах гэсэн Н.Алтанхуягийг Ч.Хүрэлбаатар гишүүнд барьж өгөх нь тэр. АН-ын бүлгийн даргын өрөөнд өөрийг нь “цавчих” зураг зурсан эрх баригчдад сөрөг хүчний заргач гишүүн мөчөөгөө өгсөнгүй. “Ч.Хүрэлбаатарыг унагахын тулд Увсын тойргуудыг өм цөм болгож зурсан аавын хүү чаддаг юм бол надтай өрсөлд. Амлаж авч байна” гэж мэдэгдэв. Ч.Хүрэлбаатар гишүүн ийн бухимдах нь ч аргагүй. Эрх баригчид төрийн эрхийг олуулаа биш, одоо бүр олонхоороо хүч түрэн авахын тулд Увсын зүүн талд орших Зүүнхангай сумыг баруун хязгаарт орших Бөхмөрөн сумтай нэг тойрог болгон зурсан байгаа юм. Увсаас сонгогдсон Ч.Хүрэлбаатар гишүүний хэлснээр, энэ хоёр сум хоорондоо 600 орчим километрийн зайтай.
Тэгэхэд Улаанбаатараас Архангай аймаг ороход 480-аад километр! УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн хэлснээс харвал Н.Алтанхуяг гишүүн Увсын тойргуудыг өөртөө болон ТЭСО компанийн захирал найздаа зориулаад зурчихаж. Гэвч түүнийг ойлгож болно. Хүргэн Г.Дэнзэнгээс нь эхлээд ойр тойрныхон нь хуулийн байгууллагад шалгагдаж, зарим нь ял сонсчихоод байгаа энэ үед “Н.Алтанхуягийг АН-аас нэр дэвшүүлэх үү” гэдэг асуудал аль хэдийнэ хөндөгдөөд эхэлчихсэн. Өөрөө ч үүнийг мэдэж өрөвдүүлэх тактик хэрэглэж байгаа. Харин түүний эцсийн арга нь Увсын тойргуудыг өөртөө болон найзууддаа зориулж зурчихаад УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хамгаалалт хийх юм. Тэгэхээр Н.Алтанхуягийг ойлгож болж байгаа биз! Гэвч тэрбээр Увсад Ч.Хүрэлбаатартай халз өрсөлдөж, “цавчиж” чадах болов уу, яах бол. Ямар ч байсан “Өөрийн болон аав, ээжийнхээ төрсөн сум, хамаатан садан, арван жилийн ангийнхан нь амьдардаг сумдыг нэг тойрог болгож уу” гэмээр “шог зураг”-ийг Н.Алтанхуяг зурж, А.Бакей гишүүн түүнийг нь сөрөг хүчнийхэнд барьж өгөв.
Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин... Ч.Хүрэлбаатар гишүүний хувьд бүтэн өдөржин “эрэн сурвалжилж”, МАН-ынханд “Араг яс шиг, нөхөөстэй дээл шиг зураг зурлаа” гэж гоочлуулсан хэргийн эзэд бол тэд. Арванхоёр оны сонгуулиар арайхийж УИХ-ын гишүүн болсон Б.Гарамгайбаатарын дэргэд Н.Батбаяр, Р.Гончигдорж нар илүү туршлагатай, ядаж л “Тойрог, мандатын тоог хуваарилахдаа хүн ам, засаг захиргааны нэгжийн хуваарилалтыг харгалзах ёстой” гэдгийг мэддэг баймаар. Гэтэл тэгсэнгүй. “Фортуна” Н.Батбаярт тэнгэр нь тийм зарлиг буулгасан уу, Р.Гончигдорж “АН ялбал би Үндсэн хуулийн цэцийн дарга болно” гэж тооцоолсон уу, Ч.Хүрэлбаатар гишүүний хэлсэнчлэн тойргуудыг ёстой л “цавчжээ”.
Харин Х.Тэмүүжин... “Хууль, эрх зүйн салбарт шинэчлэл хийнэ, хийх гэж байгаа” гэж дөрвөн жил ярьсан тэрбээр тойргуудад шинэчлэл хийх нэрийдлээр “Шог зураач гишүүд”- ийн тоонд орчихсон байх юм. Гэвч хуульч Х.Тэмүүжин “Сайн ах нар”- тайгаа хамтарч, тойрог, мандатыг “цавчих” санал зүтгүүлэхдээ байнга ярьдаг, бараг автор нь болох шахсан хүний эрх, ард түмний эрх ашиг гэдэг ойлголтыг АН-ын ашиг сонирхлын аль талд нь гаргаад мартчихав. АН-ынхны зурсан тойрог, мандатын хуваарилалтаас харвал, ард түмний сонгох эрх З.Энхболдын багийнхны ашиг сонирхлын ард бичигдчихлээ. АН-ынхан СЕХ-нд хүсэлтээ аваачиж өгөх үеэр З.Энхболд “Бид олонх болмоор байна” гэж мэдэгдсэнчлэн Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин нар намын даргынхаа мөрөөдлийг биелүүлэх даалгавар авсан юм болов уу.
“Үнэнд гүйцэгдээд ирэхээрээ, өр зээл тавихаараа өвөөгийн нэрийг барина. Одоо бүр мандат авах болохоор өвөөгийн нэр барьж байна”.
Монголын парламентын брэнд гишүүдийн нэг Д.Лүндээжанцан гишүүн АН-ынхныг гоё хэлсэн байгаа биз! Өдгөө өвөөгийн нэрийг барьж, өөрийгөө УИХ-ын гишүүний сэнтийд дахин залах сонирхолтой нэг эрхэм тодорсон нь Б.Гарамгайбаатар. “Хэнтий аймаг бол Чингис хааны төрсөн нутаг. Тиймээс би тойрогтоо нэг мандат нэмүүлж авсан юм. Яах юм, та нар” хэмээх улс төрийн супер онигооны эзэн болсон тэрбээр “Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу Хөгжлийн банкаар дамжуулж “Чингис” бондын хөрөнгөөс “Монроуд” компанидаа шилжүүлсэн. Хууль хяналтынхан түүнийг нь шалгаж байгаа” гэхчилэн хэл ам дагуулж байсан нь саяхан. Өвөөгийн нэртэй бондын мөнгөөр хувийнхаа компанийг тэтгэсэн Б.Гарамгайбаатар өнөөдөр түүний нэрийг барьж, өөрийгөө УИХ-ын гишүүнээр дахин сонгох нь. Тойрог, мандатыг өөртөө зориулаад “аваад өгчихдөг” хүн өөрийгөө бас сонгочих биз.
Харин одоо тойрог, мандатын хуваарилалтыг “цавчиж” зурсан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин нарыг хэн амлаж авах вэ. Ч.Хүрэлбаатар гишүүний хэлсэнчлэн тэнгэрийн зарлиг, намын даалгавраар тойргуудын зургийг зурсан энэ дөрвөн эрхэмтэй өрсөлдөх чадалтай аавын хүү байна уу. Баянгол дүүргийг “Эрдэнэ вангийн хошуу” болтол нь “хувьчилж” авсан С.Эрдэнийг дуучин Нара, Л.Гантөмөрийг “Цэнхэр үст” Т.Цэрэн амлаж авчихаад байгаа. Тэгвэл олонхийн эрх мэдлийг ямар ч хамаагүй аргаар авах АН-ынхны ашиг сонирхол бүхий хуйвалдааны тогтоолыг санаачлагчдыг хэн амлаж авах нь сонирхол татаж байна. Хэрэв тийм эрхмүүд байгаа бол “Монголчуудыг үндэстэн, ястнаар нь хувааж, Үндсэн хуулийн хямралыг улам дэвэргэхүйц АН-ынхны хуйвалдааны зургийг чи зурсан уу” гээд сонгогчдынх нь өмнө асуугаарай. “Бид өөрсдөдөө зориулаад ийм зураг зурсан юм” гэхийг нь ард түмэн дахиад сонсог. Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин нарын зурсан зургаас болж сонгуулийн санал хураалт дээр будлиан үүсэж, 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдал давтагдах вий. Тойрог, мандатын шог хуваарилалтаас болж ийм айдас, болгоомжлол ч нийгэмд үүслээ. 2012 онд бас юу болсныг санацгаая. Тэгэхэд төрийн эрхийг АН-ынханд өгөх “Хар машин” ажилласныг бүү март!