
УИХ-ын сонгууль хаяанд ирээд байна. Дөрвөн жилийн хугацаанд улстөрчид имижээ бүрдүүлж амжсан. Тэдний хэн нь сайн нэр олохоор шоудаж, сайхан ярьж, хэн нь чимээгүйхэн ч үр дүнтэй ажиллаж байгааг ард түмэн ялгаж салгаж буй. Хэдхэн сарын дараа тэдэнд, намд нь сонгогчид дүнгээ тавина. Амласан мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлснийг нь шүүнэ. Энэ шүүлтэд хувь оруулж, бид УИХ-ын 76 гишүүнийг “сонжиж” байгаа билээ.
УИХ-ын болон Ардчилсан намын дарга хэмээх “давхар дээл”-тэй З.Энхболд гишүүнийг бид энэ удаа онцолж байна. Парламентад гурав дахь удаагаа сонгогдоод буй энэ эрхмийг туршлага, мэдлэг чадварынх нь хувьд хэн ч өөлөхгүй. ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль, МУИС, АНУ-ын Денверийн их сургуулийг тус тус төгссөн. Автоматик, теле механикийн инженер, эрх зүйч мэргэжилтэй. Намтраас нь харвал гурван өөр улсад гурван их сургуулийг 7-8 жилийн зайтай дүүргэсэн байх юм. ТӨХ-ны дарга байсан, 2004 оны сонгуульд өрсөлдөөд нэлээд маргаан гарсан ч хөлөө хүрэх газар хүртэл заргалдаад УИХ-ын босгыг жилийн дараа алхаж байсан нэгэн. Ер нь нэлээд хашир, заргач зан чанартай. Сэтгүүлчдэд ярилцлага өгөх бол давхар дуу хураагуур асааж, он сар, хаанахын хэн гэдэг сэтгүүлчид ярилцлага өгч буйгаа давхар бичиж авдаг юм. Үүнийгээ тэр “Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ” гэсэн үгээр тайлбарладаг. Хэн нэгэн ярьсныг нь гуйвуулж бичээд хаширсан хэрэг л дээ. Өнөөдрийн УИХ-ын дарга монтёрчноор ажлын гараагаа эхэлж байсныг тийм олон хүн мэдэхгүй болов уу.
Эхний хоёр парламентад тэр Байнгын хорооны даргаас илүү албан тушаал хашаагүй. Гэхдээ цаас хэмнэ, ядаж л Шинэ жил зэрэг баярын мэндчилгээг цахимаар илгээж, зардлаа хас гэж уриалдаг гишүүн байлаа. Өөрөө ч энэ уриалгаа яс хэрэгжүүлэх болсноор “Цахим гишүүн” тодотгол зүүсэн юм даг. Ер нь л технологийн давуу талыг ашиглах ёстой гэсэн сэтгэлгээтэй хүн. Энэ нь ч зөв биз. 2008-2012 онд АН-ын хэсэг гишүүн хамтарч, “Ардчилсан хүчний холбоо” төрийн бус байгууллага үүсгэсэн нь өнөөдөр хүчээ аваад буй “Шонхор” фракцын эхлэл байлаа. Тэгвэл 2012 оны сонгуулийн дараа Ардчилсан нам эрх барих болсноор түүнд УИХ-ын даргын суудалд тухлах боломж тохиов. Тэрбээр гурав дахь удаагаа парламентад сонгогдохдоо намын жагсаалтаар орж ирсэн юм. Энэ мөчөөс л З.Энхболд гэдэг эрхэм жинхэнэ мөн чанараа харуулж эхэлсэн. Эрх мэдэл түүний дотор нуугдсан “мангас”-ыг ил гаргасан бололтой. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах ажиллагааг З.Энхболд гишүүн гардан гүйцэтгэсэн. Түүний “Шонхор” болон сүүлийн үед эрх ашиг нэгдсэн МоАХ фракцынхан хамтраад 2014 оны арваннэгдүгээр сард Засгийн газраа унагаж орхилоо. Улмаар Ардчилсан намын даргын албан тушаалыг Н.Алтанхуягаас салгав. Ийнхүү эл эрхэм “давхар дээл” өмссөнөөс хойш жил хагас өнгөрөөд байна.
Жагсаалтаар сонгогдсон гишүүнд “халамж” тавих тойрог байх биш, тэгээд ч тэр УИХ-ын дарга болсон учраас хууль санаачлах гэхээсээ илүү даргын ажлаа өнгөрсөн дөрвөн жилд хийжээ. Тиймээс парламентын болон намын гишүүдээ хэр сайн зангидав, ямар ахиц дэвшил гаргав гэдгээр түүний ажлыг дүгнэх болов уу.
З.Энхболд гишүүн бол “Монголчуудад диктатур хэрэгтэй” гэсэн үзэл бодолтой хүн. Энэ үзэлтэй нь уншигч та бүхэн ч зарим талаар санал нийлэх байх. Цаг барьдаггүй, залхуу, ажил голдог, үрэлгэн, бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлсан монгол хүмүүсийг хатуухан гараар хүмүүжүүлж, зохион байгуулах шаардлага бий. Зөв диктатур монгол хүмүүст хэрэгтэй. Уг зарчмаа тэр УИХ-ын гишүүдэд хэрэгжүүлэхдээ харин хэтрүүлж орхисон юм. Чуулганы танхимд гишүүдээ хөгшин залуу, яс үндсээр нь ёжилж, “Та бүр зөнөсөн бололтой” хэмээн тоох ч үгүй доромжилно. Тэгсээ “Яриад байгаа юм чинь надад таалагдахгүй байна” гээд л гишүүний чанга яригчийг хааж орхидог. Түүний энэ зан авир хэтэрч байгаа тухай сөрөг хүчнийхэн үе үе гомдоллодог юм. Зан харилцаа, гишүүдээ зохион байгуулах тухайд нэг иймэрхүү.
Нөгөө талаас түүнд бас хийсэн ажил бий. “Цахим парламент” төслийг амжилттай хэрэгжүүлснээр Байнгын хорооны хуралдаан цахим боллоо. Өмнө нь зөвхөн чуулганы хуралдаан дээр гишүүн товчлуур дарж санал өгдөг байсан бол одоо Байнгын хороо ч ийм зарчмаар хуралддаг болсон. Чуулган, Байнгын хороодын танхимд камер суурилуулснаар тийш зураглаач нар орох шаардлагагүй болов. Төрийн ордонд телевизүүдэд зориулсан тусгай тоноглол бүхий өрөө гаргасан тул зураглаач нар хуралдааны дүрсийг харж байгаад хэрэгтэй хэсгээ хуулж авч байна. Мөн олон жилийн өмнөөс ярьсан цаас, зардал хэмнэх санаачилгаа ажил болгосон юм билээ. Угаас хатуу, зарчимч хүн тул Тамгын газрын ажилтан бүр ямар ажлыг хэдий хугацаанд хийж гүйцэтгэх нарийн хуваарьтай. Түүнийгээ тухай бүрт нь цахим сүлжээнд бүртгүүлж хянуулдаг болжээ. Нэг талаар бол өнөөх л “диктатур” яваад байна.
Ардчилсан намын даргын хувьд ч тэр бас л бүхнийг атгах гэж хүсдэг. Олон тийш харсан, том толгойтой фракцуудаа эвээр биш, шууд хүчээр зангидах гээд зүдэрч яваа. УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрс албан бусаар тодроод байгаа. Энэ бүхнээс бүр жилийн өмнө л тэр өрөөндөө ҮЗХ-ны гишүүдээ дуудаж, нэр дэвшүүлэх хүмүүсийн жагсаалтыг дур мэдэн гаргасан тухай шуугьж байв. Ерөнхий сайд нь нэг ажлыг эхлүүлэхээр зарламагц маргааш нь чуулган дээр тэр “цавчиж” орхино. Нэг намын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гурав хамтран ажиллаж чадахгүй, гурван тийш харж, АН-ын нэр хүнд буурч буйн бас нэг шалтгаан түүний өнөөх диктатураас үүдсэн байж мэднэ. Ерөөсөө л замд нь саад болсон хүнийг хүч түрээд л зайлуулчихна, хэрэгтэй шийдвэрээ ч хүч түрээд л гаргачихна. Түүний даргалсан он жилүүдэд “коммунизм эргэн ирлээ” гэсэн шүүмжлэл зүгээр ч нэг гараагүй байх. Бас саяхан Сонгуулийн хуулийг өөрчлөн батлахдаа эмэгтэйчүүдэд өмнө нь өгсөн 30 хувийн квотыг 20 хувь болгочихлоо. 2007 онд З.Энхболд гишүүний санаачилгаар хуулиас 30 хувийн квотыг бүрмөсөн авч хаясан түүх бий. Үүнээс нь болоод эмэгтэй гишүүд түүнд ууртай яваа.
Нэг ийм хатуу, хорчин, дарангуйлагч, нөгөө талаар зардал хэмнэгч, цэгцэнд нь оруулагч эрхэм өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ыг удирджээ.