
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.
-Ч.Улаан гишүүн та хоёр МАХН-аас гарч МАН-д орсон шалтгаанаа нэг бус удаа тайлбарласан л даа. Гэсэн ч энэ сэдвээр ярилцлагаа эхэлье. Пропорциональ хувилбарыг үгүйсгэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах, эсэх асуудлаар авсан “Шударга ёс” эвслийн бүлгийн завсарлага таны шийдвэрт шууд нөлөөлсөн гэж бодохгүй байна. МАХН-ыг орхиход хүргэсэн цөөнгүй шалтгаан байсан уу?
-Хүн өөрийгөө зөвтгөх шалтаг, шалтгааныг тоочиж болно л доо. Гэхдээ миний хувьд энэ шийдвэрийг хувиа бодож, довоо шарлуулах гэж гаргасан юм биш ээ. Нэгдүгээрт, манай улс оронд засаглалын хямрал нүүрлэж, эдийн засгийн хямрал гүнзгийрч, улс төрийн намуудын хямрал гаарч байна. Ийм үед монголчууд задрал бутралаар, тэмцэл, мөргөлдөөнөөр асуудлыг шийдэх ёсгүй. Нэгэнт л нам гэсэн бүтцээр дамжиж төрийн эрх барих үйл явцад оролцож байгаа учраас улс төрийн хүчнүүд төлөвших, хүчээ зузаатгах, хэт улстөржилтөө хазаарлах, боловсон хүчний бодлогодоо томоохон өөрчлөлт хийх цаг болсон гэж боддог. Монголын улс төрийн намууд үзэл баримтлал ойролцоогоороо нэгдэж, Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчилж, хатуу гишүүнчлэлгүй, улстөржихөөсөө илүү бодлого, үйл ажиллагаагаараа өрсөлддөг болмоор байна. Цөөхөн монголчууд бид хорь, гучин намд хуваагдаж, оюунлаг “толгой”-нуудаа өмчилж, манайх, танайх гэж талцаж суугаад улс орноо хөгжүүлэхгүй нь ээ. 26 жил хэрэлдлээ, улстөржлөө, намчирхлаа, талцлаа.
Нэгэнт л нам гэсэн бүтцээр дамжиж төрийн эрх барих үйл явцад оролцож байгаа учраас улс төрийн хүчнүүд төлөвших, хүчээ зузаатгах, хэт улстөржилтөө хазаарлах, боловсон хүчний бодлогодоо томоохон өөрчлөлт хийх цаг болсон гэж боддог
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн гэдэг эрх дарх биш, иргэдийн элч-зарц. Энэ үүднээс УИХ-ын чуулганы завсарлагаан бүрээр зөвхөн сонгогдсон тойрог гэлтгүй хөдөө орон нутагт ажилладаг. Ард иргэд санаагүйг минь сануулж, бодоогүйг минь бодогдуулж, анхаарах асуудлыг чиглүүлж өгдөг юм. Уулзалт хийх болгонд МАН, МАХН “Үсэрсэн цус, тасарсан мах. Энэ хоёрыг нэгтгэх, хамтруулахын төлөө ажилла” хэмээн зөвлөдөг, шаарддаг, хэлдэг. Тийм болохоор миний хувьд МАН, МАХН-ыг хамтран ажиллуулахын төлөө дөрвөн жил зүтгэлээ.
Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг харахад намууд тарж бутрахаас илүү нэгдэж, нягтрах хандлагатай байна. АН-д л гэхэд тус намаас гаралтай ихэнх нам нэгдэж, сонгуульд хамтран оролцох нөхцөл үүсээд байна. МАН, МАХН хоёр ч энэ чиглэлээр гэрээ хэлэлцээ хийхэд багагүй хугацаа зарцуулсан. МАХН зөвхөн МАН-тай биш, ИЗНН, МНН, АН зэрэг намтай сонгуульд хамтрах чиглэлээр хэлэлцээ хийсэн. Эдгээрээс хамгийн үр дүнтэй нь МАН-тай хийсэн хэлэлцээр байлаа. Энэ хоёр нам нэг угшил гарал, түүхтэй. Хоёр нам болж хуваагдсанаас хойш аль аль нь олон сонгуульд ялагдсан. Тиймээс энэ удаагийн сонгуульд хамтарч оролцохоор ажлын хэсэг байгуулан, үр дүнтэй ажилласан юм.
Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 76 мандатын 25-ыг МАХН-д өгөх, хамтарсан эвслийн удирдах зөвлөлийг 50:50 хувийн харьцаатай байгуулах, тэргүүнээр нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг ажиллуулах, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг сөөлжүүлэн томилох зэрэг тодорхой саналыг тохиролцсон байлаа. Ингээд зогсохгүй аливаа хэлмэгдүүлэлтийн эсрэг хамтран тэмцэхээр санал нэгдсэн юм. Ийм үр дүнтэй хэлэлцээ хийсэн учраас МАН, МАХН-ын гишүүд, дэмжигчид итгэл тээн хүлээж байлаа.
Гэвч мянга, мянган гишүүн, дэмжигчийн хүлээлтийг үгүй хийж, хамтарч ажилла гэсэн хүсэлтийг нулимсан шүү дээ. Хэсэг хүний явуургүй үйл ажиллагаа, шударга бус үйлдэл, хавчин гадуурхалт зэргээс болоод цул хүчин задарч, хоёр хуваагдсан нь үнэн. Гэхдээ алдаа оноогоо ухаарч, нэгдэж, хамтарч ажиллахын давууг чухалчилж, амин хувийн явуургүй улс төрөө хойш тавьж, ашиг хонжоогоо урьтал болголгүй “Монгол Улсын хөгжил, дэвшлийн төлөө” гэсэн том зургаар харах нь чухал байна. Ингэж хандвал хувийн өш хонзон, хатуу үгийн дайралт, гомдол цөхрөл дэндүү өчүүхэн санагддаг.
Монголчууд “Уруул дордовч элэг дордохгүй” гэдэг. Манай хоёр намын мянга мянган гишүүний дунд ч өөриймсөг хандах “элэг” байсаар буй. Энэ олон хүний итгэлийг хөсөрдүүлж, олон нийтийн хандлагыг үл ойшоож, нийгмийн сэтгэл зүйг анхаарч үнэлэлт дүгнэлт хийлгүй, явцуу эрх ашигт уягдаад хэлэлцээрээс буцсан шүү дээ. Аль аль намын гишүүд, дэмжигчдийн захиалга гэж үзсэний үндсэн дээр МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн. Цаашид энэ хоёр намыг хамтран ажиллах, нэгтгэхийн төлөө зүтгэнэ. МАХН-д хүндэтгэж хайрладаг, шударга, эх оронч, ажил хэрэгч, оюунлаг хүн олон бий. Тэд ил гаргаж илэрхийлэхгүй ч дотроо санал нэгддэг гэдэгт эргэлзэхгүй байгаа.
-Таныг МАХН-аас гарч буйгаа мэдэгдсэний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Д.Тэрбишдагва худлаа ярьж байна. Сонгуулийн холимог тогтолцоог хуульчлахад тэр гар бие оролцсон” гээд албан тушаалын төлөө намаас нам дамжиж байна гэж таныг буруутгасан.
-Сонгуулийн хууль боловсруулсан ажлын хэсэгт би ороогүй. Сонгуулийн холимог тогтолцоог сонгосон хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуульд заасан иргэд шууд сонгох эрхийг боомилж, харшилж байгаа юм биш үү гэж саналаа хэлж байсан. УИХ-аас гарч байгаа шийдвэр болгон ганц хүний саналаас үл хамаардаг. Эсрэг саналтай байсан ч олонхын саналаар шийддэг шүү дээ. Хэрэв холимог тогтолцоог дэмжсэн бол 2012 оны сонгуулиар намын удирдлагуудыг жагсаалтын ард нуугдахгүй, тойрогт өрсөлдье гэж уриалахгүй. Биеийн ам...