
УИХ-ын сонгуульд нам, эвслээс нэр дэвшүүлэх ажил үргэлжилж байна. Улс төрийн намуудын дүрэм ёсоор аймаг, нийслэлийн хороод нь хуралдаж, тухайн тойрогт нэр дэвшигчдээ тодруулдаг. Тэдний тодруулж, санал болгосон нэр дэвшигчдийг удирдах дээд байгууллага нь батламжилдаг юм. Энэ ёсоор намуудын хороод хуралдаад эхэлжээ. Тухайлбал, АН-аас намын хороодоо энэ сарын 25-26-нд хуралдаж, нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулах чиглэл өгсөн юм байна.
Үүний дагуу өчигдөр Дархан-Уул, Өмнөговь, Булган, Хэнтий, Говьсүмбэр болон Дорноговь аймаг, нийслэлийн Баянгол дүүргийн намын хороо хуралдаж, нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулжээ. Ингээд Дархан-Уул аймагт УИХ-ын гишүүн Р.Бурмаа, М.Сономпил, Өмнөговь аймагт Засаг дарга Б.Бадраа, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Хэнтий аймагт УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Засаг дарга Ж.Оюунбаатар, Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатар, Говьсүмбэр болон Дорноговь аймагт ИТХ-ын дарга Г.Ганбаатар, ҮЗХ-ны гишүүн З.Алтангэрэл, нийслэлийн Баянгол дүүрэгт УИХ-ын дарга З.Энхболд, гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ, Засаг дарга Д.Оросоо нарыг намын хороодоос нь нэр дэвшүүлэхээр санал нэгтэй шийдвэрлэсэн байна.