
Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагуудын дунд 2013 оноос хойш уламжлал болон зохиож буй “Монгол цэргийн жавхаа 2016” уралдааны шилдгийг тодруулж, шагналыг нь гардуулах ажиллагаа энэ сарын 28-ны бямба гаригт Төв талбайд боллоо. Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллага, онцгой байдлын албаныхан оролцсон уг уралдаанд Зэвсэгт хүчний тусгай батальон 084 дүгээр ангийнхан тэргүүлж, шинээр байгуулагдаж, улсын төсвийн хөрөнгөөр барилга байгууламжаа барьж тохижуулсан 350 дугаар анги болон хилийн 0164 дүгээр анги удаах байрт шалгаран захирагч нар нь орон сууц, анги нь эмнэлгийн тоног төхөөрөмжөөр шагнуулсан.
Цэргийн жагсаал, хөгжмийн үзүүлэх тоглолт Чингисийн талбайд ийнхүү болж байхад Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ажиллаж байсан хүн Төв талбайгаас холгүй өлсгөлөн зарласан сонин үзэгдэл бямба гаригт тохиов. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан, цагтаа генерал офицеруудад гар дээрээ суниан гайхуулж явсан МАХН-ын дарга Н.Энхбаяр ийнхүү өлсгөлөн зарласныг харамсалтай нь төдийлөн олон хүн ойшоосонгүй. Харин ч түүний энэ үйлдэлд дургүйцэж буй хүн маш их байгаа юм.
“Н.Энхбаярын эрх мэдлийн төлөө хийсэн дайн, шунал хүсэл хэтэрлээ. Түүнийг төрийн эрхэнд байх үед авилга, хээл хахууль, бялдуучлал бий болсон” гэж ярих хүн олон байв. Тэрбээр Чингисийн болон Тусгаар тогтнолын талбайн аль нэгэнд өлсгөлөн зарлана гэж байсан ч Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нар зөвшөөрөөгүй учраас МАХН-ынхаа байрны гадна гэр барьж өлсөж эхэлжээ. Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, МАХН-ын дэд дарга Ж.Сүхбаатар, Б.Тулга тэргүүтэй тус намынхан “Шударга сонгууль явуул, хүний эрх, эрх чөлөөг ханга, МАХН+Н.Энхбаярыг хэлмэгдүүлэхээ зогсоо” гэсэн шаардлага гэрийнхээ хананд өлгөөд байгаа юм.