
Маргааш "Хүүхдийн баяр"-ын өдөр. Харин яг нэг сарын дараа монголчууд сонгуулиа өгнө . Хувийн амьдралаа тэр бүр ил болгодоггүй улс төрчид хүүхдийн баярт зориулан өөрсдийн фэйсбүүк хуудсанд "сайн аав" гэдгээ харуулахаар басхүү сонгогчдод оноо авчих санаатай ч гэмээр зургуудаа ил болгожээ. УИХ-ын гишүүний хүүхэд гэхээр л улсын мөнгөөр гадаад, дотоодын том сургуульд арын хаалгаар орчихдог гэсэн ойлголт монголчуудад бий. Тэдний хүүхдүүд хичнээн мундаг байсан ч эцэг эхийнхээ нөлөөн дор муу нэр зүүх нь ч байх. Тэгвэл улс төрчдийн гэр бүлтэй танилцацгаая.
1. 
Цөөхөн хүүхэдтэй байхын зовлонг мэддэг учраас С.Эрдэнэ сайд багаасаа өнөр өтгөн гэр бүлтэй болохыг мөрөөджээ. Түүний эл мөрөөдөл биелэж, дөнгөж 20 шүргэж байхдаа анхны хүүхдээ өлгийдсөн гэдэг. Өдгөө зургаан хүүхдийн аав болсон төдийгүй зургаан ач, зээгээ тойруулсан өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн болжээ. Түүний гэргий н.Нинжбадгар эдийн засагч мэргэжилтэй. Харин С.Эрдэнэ энэ удаагийн сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшинэ.
2.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад 2012 оны УИХ-д жагсаалтаар орж ирсэн М.Батчимэг гишүүн дөрвөн хүүхдийн ээж, өнөр бүлийн гэргий. Гэр бүлээ барагтай бол ил гаргадаггүй эрхэм гишүүн нөхөртэйгөө 13 настайгаасаа үерхэж эхэлсэн тухайгаа нэгэн ярилцлагадаа дурджээ.
3.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гэргийг Тунгалаг гэдэг. Харин том охиныг нь Дэлгэрмөрөн, удаах охиныг нь Анар-Эрдэнэ, бага гүнжийг нь Маргад гэдэг юм байна. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсан дээрх зургийг оруулжээ. Зураг дээрээ гэр бүлийнхнийгээ тайлбарлаж бичсэнийг харвал их ач холбогдол өгсөн бололтой.
4.
Монголчууд бид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэр бүлийг төдийлөн сайн мэддэггүй. Тэрбээр улс төрч дунд хамгийн өнөр бүлтэй нь аж. Өөрийн төрсөн хүүхдүүдээ хүмүүжүүлэхийн хажуугаар өнчин, нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүдийг асран, халамжилж, тэднийг зөв сайн хүмүүс болгон өсгөхөөр одоогоос найм, есөн жилийн өмнө “Болор сан” ТББ-ыг байгуулсан гэдэг. Энэ төвд одоогоор 30 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд бүгд Ц.Элбэгдоржоор овоглодог гэнэ лээ.
5..jpg)
“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай Орхон аймагт нэр дэвшихээ зарласан. Сүүлийн үед гэр бүлээрээ очиж сонгогчидтой уулзалт хийн, хүүхдэд зориулсан ном бичиж өрсөлдөгчиддөө байхгүй давуу талуудаа ашиглаж яваа хэмээн сураг дуулдсан. Л.Гүндалай гурван хөөрхөн охинтой.
6. 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүү охин хоёртой. Хүүхдүүд нь том болж, гадаадад сурч, Ерөнхий сайд удахгүй өвөө болох өдрөө хүлээж байгаа гэнэ.
7.
НИТХ-ын тэргүүлэгч “эко хатагтай” Б.Саранчимэг энэ жил УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. ЗХУ-д оюутан байхдаа гэр бүлээ батлуулсан ч хуримын даашинз өмсөж чадаагүйгээ “нөхөж”, оюутан цагийн мөрөөдөл Италийн Сан-Ремо хотод 25 жилийн ойн мөнгөн хуримаа хийжээ.. Тэрбээр хоёр хүүтэй.
8. 
УИХ-ын дэд дарга М.Энхболдынх охин хүү хоёртой. Хэвлэлд ам нээдэггүй гэргий Ж.Туяацэцэг нь ШУТИС-д багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирлын албыг хашсан зөвлөх инженер, техникийн ухааны доктор, дэд профессор гээд баялаг намтартай мундаг бүсгүй гэнэ.
9.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Унгарт 10 шахам жил ажиллан амьдарч хуульч мэргэжил эхэлсэн. Харин эх орондоо ирэнгүүтээ иргэний хөдөлгөөн байгуулж, гудамжны тэмцэгчээс улс төрийн карьераа эхэлсэн билээ. Үүний үр дүн нь гарч өнөөдөр УИХ-ын гишүүн болчихоод байгаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан эхнэр гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Гэргийг нь Дэлгэрмаа гэдэг. Нэг хүүхэд нь Батзанданг иргэний хөдөлгөөний тэмцэгчийн ажлаа идэвхтэй хийж, төрийн ордны өмнө поошиг нүдэж, улаан лооль шидэж байх үеэр төрсөн гэх юм билээ.
10. 
Сонирхуулахад УИХ-ын гишүүн Сү.Батболд 1990 онд Лондон хотын бизнесийн удирдлагын их сургуулийг төгссөн анхны монгол оюутан болж байжээ. Харин том хүү Б.Баттүшиг нь Харвардын бизнесийн их сургуулийг төгссөн. Тэрбээр тус сургуульд мастер хамгаалсан анхны монгол оюутан болсон юм.