
Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын дээд хэмжээний уулзалт Кыргызийн нийслэл Бишкек хотноо энэ сарын 16-нд болсон юм. Тэгэхдээ тус байгууллагыг бүрдүүлдэг 11 улсын төрийн тэргүүн 25 жилийн ойдоо зориулсан энэ арга хэмжээнд бүрэн ирсэнгүй. Тэгтэл Петр Порошенко нь ирээгүй хэрнээ л Орос-Украины харилцаа энэ уулзалт дээр болсон ганц зөрчилдөөний шалтгаан болж чадсан байна. Түүнээс биш талууд бүрэн санал нэгтэй байгаагаа харуулжээ.
Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (ТУХН) үүсэн бий болсноос хойших хугацаанд Бишкек хотод дээд түвшний уулзалт гурав дахь удаагаа болж буй нь энэ. Зочдоо хүлээж авахад тус хот уламжлал ёсоороо бэлтгэж, онгоцны буудлаас нийслэл ордог замыг засаж, зар сурталчилгааны самбаруудыг авч, зам дагуу цэцэг алаглуулсан байв. Төрийн ёслолын “Ала-Арча” төвд гэр хэлбэртэй шинэ байшин босгосон байлаа. Энд адууны махаар хийсэн хиам, загас олон зуун кг-ыг авчирчээ. Өөр төрөл бүрийн амттан ч элбэг.
Уулзалтад ирэгсдийн цүнх, гар тээшийг нохойгоор үнэрлүүлэн шалгаж байх хооронд төвийн гол өргөөний шатан дээр улаан өнгийн хивс дэвсэж байв. Хүч чармайлт хэчнээн гаргасан ч уулзалтыг цагт нь эхлүүлж чадсангүй. Владимир Путиний онгоц саатсанаас хоёр цагаар хойшлуулав. Гурван ч удирдагч ирсэнгүй. Украин, Туркмен, Молдавын төрийн тэргүүнүүд дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзжээ. Ийм байдал ер нь уламжлал болж буй гэж хэлж болно. Кыргызэд суугаа Элчин сайд нь Украиныг төлөөлсөн бол Туркмен, Молдав улс Шадар сайд болон Ерөнхий сайдын түвшинд уулзалтад оролцлоо.
Молдавын Ерөнхийлөгч ирээгүйг өнгөрсөн оны адил гайхаж хүлээж аваагүй нь тэнд байдал тун эгзэгтэй байгаатай холбоотой бололтой. Түүнээс гадна төлөвлөгөө ёсоор ирэх жилээс ТУХН-ийг даргалах үүргийг хүлээн авахаас Кишинев татгалзсан аж. Олон улсын аливаа арга хэмжээг өөрийндөө зохион байгуулах хөрөнгө тэднийд байхгүй гэнэ. Тиймээс буухиаг Москва хүлээн авч 2017 оны уулзалтыг Оросын нийслэлд хийхээр болжээ. Энэ бол нөхөрлөлийн түүхэнд шинэ юм биш. Нутгийнх нь зүүн өмнөд хэсэгт дайнтай байснаас Украин 2014 онд дээд түвшний уулзалт зохион байгуулахаас татгалзаж байжээ. Тэгээд уг үүргийг Беларусь авч байв.
Түүнчлэн Украин, Туркмен улс Нөхөрлөлийн дүрмийг ерөөс зөвшөөрч байсангүй. Тийм болохоор гишүүн нь болоогүй аж. Ашхабад өөрийгөө “сэтгэл санаагаараа гишүүн” нь гэж үздэг юм байна. Энэ удаад Ерөнхийлөгч ирээгүй шалтгааныг Үндсэн хуулийн өөрчлөлт хийхээр бэлтгэж буйтайгаа холбон тайлбарлажээ. Узбекистаны хувьд байдал өөр. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Шавкат Мирзиёев нь ирэлгүй Гадаад харилцааны сайд Абдулазиз Камиловоо уулзалтад ирүүлсэн байна.
...Энэ үед Владимир Путин өөрийн дуу чангаруулагчийг нээж, “Нэгдүгээрт, Орос улс юуг ч өөртөө нэгтгээгүй. Крымд болсон үйл явдал нь ажил хэргийг төрийн эргэлтийн хэмжээнд хүргэсэн Украины улс төрийн тодорхой хүчний хүний эрхийн эсрэг үйлдлийн үр дүн юм. Тус хойгийн нутаг дэвсгэр дээр аж төрдөг хүмүүс хүсэл зоригоо илэрхийлсний эцэст, олон улсын эрх, НҮБ-ын дүрэмд бүрэн нийцүүлж Крым Орост нэгдсэн юм...
Эндхийн сонгуулийн бэлтгэл ажил ид оволзож байгаа аж. Узбекистаны Ерөнхийлөгч асан Ислам Каримовын дурсгалыг хүндэтгэхийг ТУХН-ийн гишүүн орнуудын удирдагчид санал нэгтэй дэмжжээ. Уулзалтаа нээмэгц Ислам Каримов өөд болсонтой холбогдуулан Узбекийн ард түмэнд хандаж тусгай илгээлт гаргахаар төлөвлөж буйгаа Ерөнхийлөгчид мэдэгдсэн байна.
Төлөвлөсний дагуу хэлэлцэх асуудал нь орчин үеийн онцлог байдалд ТУХН-ийг нийцүүлэх явдал байв. Үүнийг Казахстан санаачилжээ. Астана асуудалд ихээхэн ач холбогдол өгч төрийн тэргүүнүүдийн түвшинд зөвхөн “хүчтэй асуудлуудыг” ярих, тус байгууллагын аппаратын ажилтнуудын тоог хорогдуулахыг санал болгосон аж.
Энэ байгууллагын ажил үйлс удирдагчдын хүссэн хэмжээнд хүрэхгүй байгааг Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нэг бус удаа харамсан мэдэгдэж байжээ. Түүний хэлснээр бол нийтээр батлан хамгаалах орон зай, чөлөөт худалдаа бий болгох найдвар талаар болсон байна. Назарбаев ТУХН-ийг ядаж, яриа хөөрөө хийх талбарын хувьд ч гэлээ цаашид оршин тогтнох эрхтэй гэж үзэж байгаа юм байна.
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко түүнтэй санал нэг байв. Тэрбээр хэзээний шулуухан зангаараа Нөхөрлөлийн 25 жилийн үйл ажиллагааны үр дүнг сэтгэл тайвшруулахааргүй гэж дүгнэжээ. Гишүүн орнууд нь “сайнаас муу руу” чиглэсэн зам туулжээ. Хамтын ажиллагааны гэрэл гэгээтэй цаг үе рүү одоо буцаж очихоосоо өнгөрсөн гэдэгт Беларусийн удирдагч эргэлзэхгүй байгаа аж.
Итгэл найдвар тэр бүр хэрэгжээгүйг Армений Ерөнхийлөгч Серж Саргсян ч энд хүлээн зөвшөөрөв. Гишүүн улсууд нийтлэг эрх ашгаа олохгүй байгаа нь үүний шалтгаан гэнэ. Назарбаевын үзэл санааг Саргсян лавшруулж, ТУХН-ийн тулгамдсан зорилтоос эдийн засгийн асуудлыг хасахыг санал болгов. ТУХН юу хийх талаар гишүүн орнуудын удирдагчдын дунд ихээхэн маргаан байсан ч бүгдийг нь биш ч гэлээ хэлэлцэн тохиролцсоныг Кыргызийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев тэмдэглэсэн байна.
Украины төлөөлөгч Николай Дорошенког үг хэлэхэд энд ил цагаан болсон цорын ганц зөрчилдөөн үүссэн аж. Тэрбээр Молдав татгалзсанаас үүдээд ТУХН-ийг даргалах үүрэг ээлж алгасан Орост шилжиж байгааг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Гишүүн орнууд 2020 онд хийхээр тохирсон хүн амын тооллогын хэтийн төлөв Украины Элчин сайдын бухимдлыг бүр ч төрүүлсэн байна. Өөртөө “хүчээр нэгтгэсэн” Крымийн оршин суугчдыг Москва хүн амдаа оруулан тоолохыг Киев хүлээн зөвшөөрөхгүй гэж Николай Дорошенко мэдэгдлээ. Санал асуулгын дүнгээр Крымийн хойгийг Орост нэгтгэснийг Украин эсэргүүцсээр ирснийг бид мэдэх билээ.
Энэ үед Владимир Путин өөрийн дуу чангаруулагчийг нээж, “Надад хэлэх хоёр зүйл байна. Нэгдүгээрт, Орос улс юуг ч өөртөө нэгтгээгүй. Крымд болсон үйл явдал нь ажил хэргийг төрийн эргэлтийн хэмжээнд хүргэсэн Украины улс төрийн тодорхой хүчний хүний эрхийн эсрэг үйлдлийн үр дүн юм. Тус хойгийн нутаг дэвсгэр дээр аж төрдөг хүмүүс хүсэл зоригоо илэрхийлсний эцэст, олон улсын эрх, НҮБ-ын дүрэмд бүрэн нийцүүлж Крым Орост нэгдсэн юм.
Хоёрдугаарт, ТУХН-ийн дүрмийг Украин нэгэнт хүлээн аваагүйг Путин сануулаад, ийм учраас гишүүн биш мөртөө түүний үйл ажиллагааны талаар болон даргалах үүрэг хүлээх журмын тухайд өөрийн саналыг хэлэх боломжтой гэж үү хэмээв.
ТУХН-ийн одоогийн үүргийн тухайд нийтлэг сөрөг хандлага байдаг ч гэлээ эхний 15-20 жилд гишүүн орнууддаа бүгдэд нь маш чухал үүрэг гүйцэтгэснийг Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн шинжээч Станислав Притчин сануулж байна. “Зөвлөлт Холбоот улс тарсанд, ах дүү нар нь бутраад явчихсанд, нэг улсад боловсрол эзэмшсэн хүмүүс өөр улсад ажиллаж амьдрахаас аргагүй болсондоо тэгтлээ сэтгэл эмзэглэхгүй байхад нь жирийн хүмүүст туслах нь Нөхөрлөлийн гол зорилго байсан юм” гэж Притчин үзэж байна.
Гэхдээ л улс төрийн байдлын хувьд бүх юм нарийн түвэгтэй байсан. Арван нэгэн улс нэг зорилгод нэгдэх амар байгаагүй нь мэдээж. Гэлээ ч Зөвлөлт Холбоот улс тарсны дараах орон зайд интеграцыг хэрэгжүүлэхэд ТУХН урьдын хэвээр чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгэхдээ л улс орнууд тохиролцоонд хүрэх нь хялбар явдал хэрхэвч биш.