
Баруун гар талаас АИХ-ын дарга агсан Ж.Уртнасан, АИХ-ын II хуралдааны ажиллагааг
мэдээлэх хэвлэл, мэдээллийн ажлын хэсгийн ахлагч Ж.Нэргүй. 1992.01.13
Сэтгүүлч Жамьяндоржийн Нэргүйтэй ярилцлаа. Тэрбээр 25 жилийн өмнөх энэ өдөр шинэ Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын II хуралдааны ажиллагааг мэдээлэх хэвлэл, мэдээллийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан юм.
-Үндсэн хуулийн өдрийн мэнд хүргэе. Ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан халуун өдрүүдийн талаар депутатууд дурссан нь олонтаа. Харин тэр л өдрүүдийн үйл явдлыг эхнээс нь дуустал сурвалжилсан сэтгүүлч Үндсэн хууль баталсан түүхийг эргэн харах нь сонин байна.
-БНМАУ-ын АИХ-ын II хуралдаан 1991 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 1992 оны нэгдүгээр сарын 25-ныг дуустал хуралдсан. Үндсэн хуулийн төслийг АИХ-ын 430-аад депутат нийт 76 хоног хэлэлцэж байж баталсан түүхтэй. АИХ-ын хуралдаанаар Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх явцад депутатууд байр суурийн зөрчлөөс болж 20 гаруй удаа хуралдааны танхимыг хаяж гарсан байдаг юм. Мөн 70 орчим удаа санал хураалт гацаж, бүр таван ч удаа АИХ тарахдаа тулж байлаа.
АИХ-ын хуралдаанаар Үндсэн хууль баталснаас гадна БНМАУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа, дотоод, гадаад бодлогын үндсэн асуудлаар тухайн үеийн Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Улсын Бага Хурлын үйл ажиллагааны тайланг Бага Хурлын дарга Р.Гончигдорж нар танилцуулан хэлэлцүүлж байсан. Энэ үеэр Ерөнхий сайд өөрөө огцрох санал гаргаж, алт, дилерийн хэргийн талаар хөндөгдсөн нь хуралдааны явцыг нэлээд хурцатгасан л даа.
-Яагаад огцрох санал гаргасан юм бол?
-Хэд хэдэн шалтгаан байсан гэдэг.Тухайлбал, АИХ-ын депутатуудын олонх нь “Ардын эрх” сонинд нийтлэгдсэн социологийн асуултаар Засгийн газрыг огцруулах санал илэрхийлснийг харгалзан ийм шийдвэр гаргаснаа Ерөнхий сайд илэрхийлж байсан.
-Хуралдаан ч бас хурц уур амьсгалд болж байжээ дээ.
-Депутатууд олон хоног хуралдаж, үг, үсэг, цэг, таслал, нэр томьёо бүрийн төлөө чөлөөтэй мэтгэлцэж байсан тохиолдол ер нь үгүй байх. Өмнө нь байнгын ажиллагаатай парламент байгаагүй учир зарим депутат асуудлыг олон өнцгөөс авч хэлэлцэх, маргалдах, мэтгэлцэх, зөвшилцөх зэрэгт туршлага үгүйлэгдэж байсан нь үнэн.
“Төслөө ойлгоогүйгээс гадна юуны төлөө санал өгч, маргалдаж буйгаа ер ойлгохгүй байна”, “Ойлгохгүй байгаа учир хар үгээр ойлгуулж өгөөч”, “Хууль хэлэлцэх нь бидэнд ахадсан ажил байна”, “Гараа мушгиулан саналаа өгөхөд хүрч байна”, “УБХ-ын гишүүд депутатуудын саналыг хүлээж авахгүй юм бол төслийг шууд батлах хэрэгтэй”, “АИХ-ын хуралдааныг санаатайгаар удаашруулах гэсэн бодлого байна. Засгийн газар, УБХ алт, дилерийн хэргийн талаар тодорхой мэдээлэл авахаас зайлсхийж, эсвэл богино хугацаанд хэлэлцүүлэх гэж байна” гэх зэргээр зарим депутат хэлж байсан удаатай.
Депутатууд улсын нэрийг БНМАУ, Бүгд Найрамдах Монгол Улс, Монгол Улс гэх, Ерөнхийлөгчийн, эсвэл парламентын засаглалтай, нэг, эсвэл хоёр танхимтай, парламент нь 55, 76, 102, 120 гишүүнтэй, сүлд нь хуучнаараа, эсвэл соёмботой, цагаан тугтай, морьтой, шонхортой байх, эсэх, Үндсэн хуулийн нэрийг хуучнаар нь үлдээх үү, эсвэл “Эх дархлал”, “Их засаг”, “Үндсэн хууль”, “Их цааз”, “Их хууль”, “Эх хууль” гэж нэрлэх үү гээд л олон санал тойрсон хурц хэлэлцүүлэг өрнөж байж билээ.
Ямар сайндаа л үе үе мухардалд орж, аргаа барсан зарим депутат АИХ-ыг тараах, дарга нь хуралдаан удирдах чадваргүй гэх үндэслэлээр огцрохыг шаардаж байх билээ.
-Ерөнхийлөгчийн засаглалтай байх саналыг ямар хүмүүс дэмжиж байсан юм бэ?
-Ерөнхийлөгчийн засаглалтай, парламент нь хоёр танхимтай байх саналыг нам бусчуудын болон хөдөө, аж ахуйн хоршоодын бүлэг дэмжиж байсан. Мөн арваад аймгийн депутатын бүлэг ч тэдэнтэй санал нэг гэдгээ илэрхийлж байлаа. Харин парламентын засаглалтай байх саналыг улс төрийн намын бүлгүүд илүү дэмжиж байсан санагдана.
-Депутатуудын ирц ямархуу байсан бэ. Хууль тогтоогчдын ирц, идэвх өнөөдөр анхаарал татсан асуудлын нэг болсон учраас сонирхсон юм.
-Наадах чинь АИХ-ын удирдлага болон хуралдаан зохион байгуулах ажлын хэсгийнхний “толгойн өвчин” байлаа. Депутатуудын ирц хангалтгүй, асуудлыг хэлэлцэх гэхэд ирц бүрдэхгүй байсан учир радио, телевизээр зарлуулж дуудуулах тухай ч санал гаргаж байсан. Тэр байтугай депутатуудыг нэг бүрчлэн босгож тоолж байсан тохиолдол бий.
Бараг тал өдөр барсан энэ тооллогод 308 депутат бүртгэгдэж байв шүү дээ. Хуралдааны гаднах нөхцөл байдал ч хүнд байсныг бүгд санаж буй байх. Сүхбаатарын талбайд гурван хүн өлсгөлөн зарлачихсан, эмч нар шаардлага тавьчихсан, мал тооллого эхэлчихсэн тийм л цаг үе байлаа.
-Яг Үндсэн хуулийн төслийг батлах санал хураалт хэрхэн явагдсаныг онцолбол?
-Тус санал хураалтад нэг депутат татгалзаж, хоёр депутат түдгэлзсэн санал өгч байсан тухай тэмдэглэл миний дэвтэрт бичээстэй байдаг.
-Үндсэн хуулийн төслийг АИХ-аар хэлэлцэхийн өмнө орон даяар “шүүсэн” талаар олон хүн онцолдог. УБХ болон ард нийтээр хэлэлцүүлсэн талаар дурсахгүй юу?
-Их цаазын төслийг УБХ-ын чуулганы хуралдаанаар гурван удаа хэлэлцсэн байсан. Үндсэн хуулийг анх Их цааз хэмээн нэрийдэхээр тусгасан байсан юм. Хэлэлцүүлэг байр суурь, үзэл бодлын хурц тэмцлийн дунд болж өнгөрсөн юм даг. Зарим асуудлаар 7-10 удаа санал хураалт явуулж байсан тохиолдол бий.
Тухайлбал, Үндсэн хуулийн төслийн гуравдугаар бүлгийн 30 дугаар зүйлд “Ерөнхийлөгчөөр... Монгол Улсын гурваас доошгүй үеийн уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтаар 11 удаа санал хураалт явуулж байсан юм. Гурван үеийн уугуул иргэн гэдгийг хэн, хэрхэн тодорхойлох вэ гэдгийг тойрч маргалдсан хэрэг л дээ. Их цаазын төслийг 1991 оны зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 1-ний хооронд ард нийтээр хэлэлцүүлсэн.
Ингэхдээ 7000 гаруй байгууллага, хамт олон хурлаараа хэлэлцэж, тэдгээрт 900 мянга гаруй хүн оролцож, давхардсан тоогоор 200 мянга гаруй санал гаргасныг судлан боловсруулж төсөлд тусгасан. Төслийг найруулан засах үүрэгтэй ажлын 11 хэсэг байгуулан ажиллуулж байлаа шүү дээ.
-Тэдгээр саналын хэдэн хувь нь Үндсэн хуулийн төсөлд туссан бол?
-Бүх саналыг цахим тоолуурт оруулж, бусад хуультай эрх зүй, улс төр судлалын үүднээс харьцуулан дүгнэлт хийж, 45 орчим хувийг төсөлд ямар нэг хэлбэрээр тусгасан тухай тэр үеийн БНМАУ-ын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга П.Очирбат АИХ-д илтгэж байсан.