ЭХЯ: Цахилгааны хязгаарлалтыг үргэлжлүүлэхээр боллоо
“ДЦС-4”-ийн наймдугаар зуухны халах гадаргууд гэмтэл гарч зогссоны улмаас цахилгааныг хязгаарлаж буй. Тог хязгаарлаж байгаа талаар Эрчим хүчний яамнаас дараах мэдэгдэлийг гаргасан байна. "Бөөрөлжүүтийн цахилгаан станцын зуух руу орж байгаа нүүрс 2026 оны нэгдүгээр сарын 20-ны 18 цагт хөлдөж, бункер бөглөрснөөс ачаалал 120 МВт-аар буурч, хязгаарлалтын хэмжээ нэмэгдсэн байна. Иймд цахилгааны хязгаарлалтыг тодорхой хэмжээгээр үргэлжлүүлэхээр болсон" талаар ЭХЯ мэдэгдлээ.
Уржигдар 13 цаг 37 мин
Нэр дэвшигчийн болон хяналтын хоёр сонсгол зохион байгуулав
Эдийн засгийн байнгын хороо намрын чуулганаар хийсэн ажлын тайлангаа гаргажээ. Тус байнгын хороо энэ хугацаанд 51 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 128 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлуулжээ.
Уржигдар 13 цаг 30 мин
Хүүхдүүд даралт, зүрх, судасны эм санамсаргүй ууж, хордох нь нэмэгджээ
Сүүлийн жилүүдэд хүүхдүүд, тэр дундаа бага насныхан янз бүрийн эм, аминдэм санамсаргүй их хэмжээгээр ууж, хордох нь нэмэгдсэнийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-өөс сэрэмжлүүллээ. Тус төвийнхөн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасагт 2020-2025 онд цочмог хордлогын улмаас хэвтэн эмчлүүлсэн тохиолдлуудад дүн шинжилгээ хийхэд 67 хувь нь янз бүрийн эмд хордсон байжээ. Харин үлдсэн хувийг угаарын хий, химийн бодисын хордлого эзэлсэн байна. Насаар нь авч үзвэл, нийт хэвтэн эмчлүүлэгчийн 55.8 хувь нь тав хүртэлх насныхан, үүний 34.1 хувь нь 1-2 ойтой нялхас гэнэ. Эмд хордсон шалтгааны дийлэх хувь нь эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүйтэй шууд холбоотой аж.
Уржигдар 13 цаг 00 мин
“Indra” компанитай агаарын тээврийн салбарт хамтран ажиллана
Манай улстай 2009 оноос эхлэн хамтран ажиллаж, Баянхонгор, Дорноговь, Хэнтий аймгийн сумдад нислэгийн удирдлагын систем нийлүүлсэн Испанид төвтэй “Indra” компанийн төлөөллийг Зам, тээврийн сайд болон албаныхан өчигдөр хүлээн авч уулзжээ. Талууд цаашид Монгол Улсын агаарын тээвэр, иргэний нисэхийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж, агаарын хөдөлгөөний удирдлагын болон навигацийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна.
Уржигдар 12 цаг 00 мин
“Монголтой ойролцоо ОХУ-ын нутагт шатахууны нөөц сав бэлтгэнэ”
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд болон дэд сайдтай Москвад уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар санал солилцжээ. Энэ үеэр шатахуун нийлүүлэлтэд гарч байсан хүндрэлийг давтахгүй байх, 2026 онд хангамжийг хэрхэн тогтвортой хангах талаар хэлэлцэж, цаашдын төлөвлөлт, уялдаа холбоог сайжруулах зорилгоор талууд онлайнаар тогтмол харилцахаар тохирчээ.
Уржигдар 11 цаг 30 мин
"ДЦС" 4-д зуухны халаах гадаргууд гарсан гэмтлийг 24 цагт засварлана гэв
Бэлтгэл тоноглолгүй, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарч, эрчим хүчний хязгаарлалт хийжээ. Цахилгаан станцын зуухны халаах гадаргууд гэмтэл гарч, цахилгаан эрчим хүчний дутагдалд орж, тодорхой байршлуудад цахилгаан тасарсан байна. Тоноглолын гэмтлийг 24 цагийн дотор засварлахаар ажиллаж байна гэдгийг албаныхан мэдээллээ.
Уржигдар 09 цаг 30 мин
“Эх оронч худалдан авалт-үндэсний үйлдвэрлэл-2026” үзэсгэлэнг зориорой
“Эх оронч худалдан авалт-үндэсний үйлдвэрлэл-2026” үзэсгэлэнг МҮХАҮТ-д энэ сарын 23-нд зохион байгуулна. Эл арга хэмжээ нь дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо, хэмжээг нэмэгдүүлэх, үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих зорилготой гэнэ.
2026-01-20
Хүүхдүүдийн таргалалтыг өдөөдөг хүнс сурталчлахыг хоригложээ
Хүүхэд, багачууд, өсвөр насныхны таргалалт ноцтой асуудал болж, үүнээс үүдэлтэйгээр эрүүл мэндийн сангийн ачаалал нэмэгдэж байгааг Британийн эрх баригчдын түвшинд хэлэлцэх болсон нь нөхцөл байдал ямар болсныг илтгэнэ. Бага сургуулийн сурагчдын 10 хувь нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа байна. Энэ тоо ерөнхий боловсролын ахлах ангийнхны хувьд 35 болтлоо өсөж байгаа нь хоол хүнсний зохисгүй хэрэглээтэй шууд холбоотой.
2026-01-20
Монголбанкны үйл ажиллагаанд аудит хийнэ
Монголбанкны ерөнхийлөгч томилогдоод сар ор чим болж буй. Тус банкны орон тоо 700-д хүрсэн, чиг үүргийн давхардал их, бүтээмж муу, 10 орчим их наяд төгрөгийн алдагдалтай байгааг С.Наранцогтыг томилогдох үед гишүүд сануулж, хамгийн түрүүнд бүтэц, зохион байгуулалтаа цэгцлэх зөвлөмж өгч байсан юм. Тэгвэл энэ бүхний суурь шалтгааныг судалж, 2030 он хүртэл хэрэгжүүлэх ажлын стратеги төлөвлөгөөгөө боловсруулаад дуусаж буйгаа тэрбээр ярив. Дотоод бүтцийн өөрчлөлтийг хоёр үе шаттай хийнэ, эхний “давлагааг” ирэх долоо хоногт эхлүүлнэ гэлээ. Мөн УИХ-ын ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, Үндэсний аудитын газарт хүсэлт тавин, шалгалт хийлгэхийг дэмжиж буйгаа илэрхийллээ.
2026-01-20
Өвлийн адаг сар гарч байхад нийслэлчүүд сая нэг дулаан зогсоолтой золгох нь
Иргэд ийн шүүмжлээд эхлэнгүүт нийслэлийн ЗДТГ-аас сая гэнэт санасан аятай “Хаалттай зогсоолуудыг засварлаж дууссан. Өнөөдөр (өчигдөр) нээнэ” ч гэж байх шиг. Автобусны дулаан зогсоолуудыг түгждэг шалтгаанаа ихэвчлэн “Гудамжны, архины хамааралтай иргэд бохирдуулдаг, орж унтдаг. Зорчигчид хамаг эд хогшил, хаалга үүдийг нь эвдэлж, цонх, шилийг нь хагалчихдаг” хэмээн тайлбарлаж, бүх бурууг иргэдэд л тохдог. Ард иргэдээ ингэж нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхах байсан юм бол анхнаасаа “Архичдад, гудамжны гуйлгачдад үйлчлэхгүй” гээд санамж хадчихгүй дээ.
2026-01-20
Малын удмын сангийн үндэсний төв дөрвөн лаборатори ашиглалтад оруулна гэв
Манай улсын Малын удмын сангийн үндэсний төвийн суурь 1958 онд тавигдсан бөгөөд одоогоор тус төвийн генийн санд 39 үүлдэр, омгийн 38 000 малын гүн хөлдөөсөн үрийг хадгалж буй гэнэ. Түүнчлэн 2022-2025 онд 30 741 үхэр, 2343 хонийг дурангийн аргаар хээлтүүлсэн байна. Цаашид тус төв нь олон улсын стандартад нийцсэн дөрвөн лаборатори ашиглалтад оруулахаар зорьж буйг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
2026-01-20
Номыг чангаар уншвал “уйтгартай” санагдахгүй
Дижитал эриний хүүхдүүдэд ном унших нь яагаад “уйтгартай, залхуутай” мэт санагддагийг Боловсролын ерөнхий газар, “Уншигч” төрийн бус байгууллагаас дараах байдлаар тодорхойлжээ. Эргэн тойронд нь уншдаг, үлгэр жишээ хүн байдаггүй бол ном сонирхолтой гэдгийг тэд мэддэггүй. Уншихыг хүчээр тулган албадах, сонголт хийх боломж өгөхгүй байх, нас, сонирхолд нь нийцээгүй сэдэв, агуулгатай, хэтэрхий “урт” буюу зузаан ном сонгох, дүн авахын төлөө унших ёстой гэсэн өрөөсгөл хандлага зэрэг нь хүүхдүүдийг эл ертөнцөөс холдуулах наад захын шалтгаан болж буй аж. Иймд унших чадварыг хөгжүүлэх стратеги аргачлалуудыг эцэг, эх, асран хамгаалагч, багш, номын санчдад санал болгосон байна.
2026-01-20
Төрийн захиргааны албан хаагчдын мэдлэг, хандлагыг “оношлох нь”
Төрийн захиргааны албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлагыг тодорхойлох, чадамжийн хэрэгцээнд суурилсан сургалт, хөгжлийн бодлогыг сайжруулах, хүний нөөцийн төлөвлөлтөд ашиглах үндэслэл бүхий мэдээллийг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх зорилгоор “оношлох” судалгааг энэ сарын 23-нд улсын хэмжээнд зохион байгуулах гэж буйгаа Төрийн албаны зөвлөлөөс өчигдөр мэдээллээ.
2026-01-20
Дөрвөн төрлийн аюултай вирус эрсдэл үүсгэж болзошгүй
Олон улсад зорчих хөдөлгөөн ихэссэн, байгалийн халдварт өвчний эрсдэл өндөр хэвээр байгааг эрдэмтэн, судлаачид анхааруулах боллоо. Тодруулбал, энэ онд дөрвөн төрлийн аюултай вирус эрсдэл үүсгэж болзошгүйг тэд анхааруулсан юм. Сармагчны цэцэг, улаанууд, шувууны томуу, оропуче вирус (шумуул) эдгээр халдвар нь мутацид орж, дэлхийн өөр өөр бүс нутагт хурдан тархаж байгаа нь санаа зовоосон асуудал болсныг эрдэмтэд онцолжээ. Өөрөөр хэлбэл, болзошгүй энэ аюулыг “өвчин Х” гэж нэрлэж буй бөгөөд хэрэв үр дүнтэй эмчилгээ, вакцин цаг тухайд нь бий болгохгүй бол шинэ өвчин дахин дэгдэж, хатуу хязгаарлалт тогтоох эрсдэлтэйг сануулав.
2026-01-20
БНХАУ өнгөрсөн сард түүхэн дээд хэмжээний нүүрс импортолжээ
БНХАУ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 58.6 сая тонн нүүрс импортолсон нь бүх цаг үеийн дээд үзүүлэлт боллоо. Энэ нь өмнөх оны мөн үеэс 12 хувиар өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, тус улсын Гаалийн ерөнхий газрын тайланд дурдсанаар өвлийн улиралд халаалтын эрэлт нэмэгдэж, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилгоор урьдчилан нөөц бүрдүүлэх шаардлага тулгарсан, дотоодын нүүрсний үнэ өссөн зэрэг нь импортын хэмжээ ийнхүү цойлоход нөлөөлсөн гэв. Индонез, Австрали, ОХУ зэрэг гол нийлүүлэгч орны хязгаарлалтаас шалтгаалан арваннэгдүгээр сард импортын хэмжээ буурсны дараах огцом сэргэлт энэ болсныг мөн тодотгосон байна.
2026-01-20