Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Хөвсгөлчүүдийн итгэлийг хүлээн хууль тогтоох дээд байгууллагад гурвантаа сонгогдсон Лхагвын Мөнхбаатар хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн яамныхаа сайдын албан тушаалд 2025 оны зургаадугаар сарын дундуур томилогдон очсон билээ. Гэвч гуравхан сар гаруйн дараа буюу аравдугаар сарын нэг л өглөө суудлаасаа “хусагдчихсан”. Хөвсгөлийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургууль төгссөн тэрбээр 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн жилээ Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлсэн байдаг. Яамандаа ахлах мэргэжилтэн, газрын дарга болтлоо дэвшин томилогдоод 2008 оноос хуучнаар Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, өнөөгийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалыг 2011 он хүртэл хашсан юм. Өөрөөр хэлбэл, ХЗДХЯ, түүний харьяа агентлагт л Л.Мөнхбаатар төрийн албанд ажилласан хүн аж. Тиймээс “төрөлх” салбарынхаа хамгийн дээд албан тушаал болох сайдын суудалд суусан ч богино хугацаанд хаших хувьтай байж.
Өмнөх, хойдох сайдууд нь нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулиан тарьсан, олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдэгдэл хийж, өөрийгөө таниулдаг байсан гэхэд хилсдэхгүй. Харин Л.Мөнхбаатарын хувьд ганц ч үг ганхийлгүй байсаар албан тушаалаа өгөхдөө л нэг удаа хэвлэлд “ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилж байгаа талаар та нартай адил мэдээнээс харсан. Өглөө нь бид хоёр тааралдсан л даа. Хууль зүйн байнгын хороогоор төсөв хэлэлцсэн өдөр бид гар бариад салсан. Тэгээд удалгүй мэдэгдэл хийчихсэн. Ерөнхий сайдын өөрийнх нь эрх. Гэхдээ надтай яриад, хэлж болох байсан. Хэлэх ёстой гэж бодож байгаа. Хоёр хүний хоорондын биш, төрийн харилцаа шүү дээ. Эргээд уулзах нүүртэй амьдарвал зүгээр. Хүнийхээ хувьд ч хударгагүй зүйл болчихлоо гэж бодсон” хэмээн мэдэгдсэнээс хойш таг чиг л байгаа. Одоо ч түүнийг огцруулсан шалтгаан нь юу юм бол гэсэн асуулт иргэдийн дунд бий.
Түүний улс төрийн замнал 2012 оноос эхтэй. Тухайн жилдээ Ерөнхий сайд С.Батболдын зөвлөх, дараа жилээс нь МАХНын даргын зөвлөхөөр ажиллаж байгаад “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн болжээ. 2016 оны УИХ-ын сонгуулиар анх хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсоноос хойш 2020, 2024 оны сонгуулиар хөвсгөлчүүд улираан “илгээсэн” байна. Өнгөрсөн сонгуулиар түүний нэрийг дэвшүүлэхдээ МАНын дарга Л.Оюун-Эрдэнэ “Хамгийн олон хууль санаачлан батлуулсан” хэмээж байв. Харин энэ удаагийн парламентад чухам ямар хууль санаачлан батлуулсан талаарх мэдээлэл алга. Уг нь сайдаар ажиллах богино хугацаандаа “Эрх зүйн шинэтгэлийн ирэх 10 жилийн хөтөлбөрөө боловсрууллаа. Авлигатай тэмцэх багц хууль, гэр бүлийн хэргийг шүү хээр хянан шийдвэрлэх гээд олон хууль бэлэн болсон. Мөн Оюутолгойн арбитрын асуудалд ажлын хэсэг ахалж байгаа. Шийдвэр Монголын талд гарна гэдэгт итгэлтэй байна. Харьяа агентлагуудад процессын дахин инженерчлэл хийж эхэлсэн. Стратегийн 16 ордыг хуулийн дагуу олгосон, эсэх ажлын хэсгийг бас ахалсан. Хууль зөрчсөн бол хураана гэдэг байр суурьтай яваа” хэмээн мэдэгдэж байв.
Гурван ч сонгууль дараалан төрийн түшээгээр томилж илгээсэн нь нутаг орондоо чиглэсэн олон ажил хийж хэрэгжүүлсэнтэй нь холбоотойг Хөвсгөлийн иргэд хэлж буй юм. Тэрбээр 2020-2024 оны парламентад сонгогдоод нэг жил нь Хууль зүйн байнгын хорооны, дараа онд нь УИХ-ын дэд даргын албан тушаалыг хашсан. Харин энэ удаад МАН-ын бүлгийн даргаар нэг жил ажиллаад сайд болсон юм даг.
Тэрбээр цэргийн алба хаагаагүй ч цагдаа, дотоодын болон хилийн цэргийн салбар хариуцдаг яаманд эрх бүхий албан тушаал хашдаг байсан гэдэг утгаараа Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн хүндэт медаль болон Цэргийн гавьяаны одонгоор шагнуулж байсан талаар намтарт нь бичжээ.
Д.Дайчин