Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчлэв. Түүнчлэн банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 14 болон 19 хувьд хүргэхээр болжээ. Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа 50 хувь буюу орлогынхоо 50 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний зээл авч байсныг ийнхүү буурууллаа. Ингэснээр банкны системийн зээлийн өсөлтийг зохистой түвшинд хадгалж, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлого үргэлжлэн хэрэгжүүлэхийг Төвбанкнаас дурдсан. Хэдийгээр мөнгөний хатуу бодлого үргэлжилж буй ч зээл өссөн хэвээр буюу өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх жилийнхээ мөн үеийнхээс 21 хувиар нэмэгдсэн аж. Хэрэглээний зээлийн өсөлт нь эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөх, бизнесийн зээлийн эх үүсвэрийг бууруулах, хэрэглээний импортыг гааруулж ханш, төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүйгээс дээрх арга хэмжээг авсан гэнэ.
С.Дулам