
Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
-Жил жилийн төсөв хэлэлцэхэд орлого нэмэгдүүлэх асуудал хөндөгддөг. Ирэх жил төсвийн орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ. Татварт өөрчлөлт орох уу?
-Татвар нэмэхгүй гэдэг зарчмын байр сууриа хатуу хадгалж байгаа. Би макро эдийн засагч хүний хувьд өмнөхөөсөө сургамж авч, зөв, зүйтэй бодлого чиглэлд анхаарч ажиллая гэж бодож байна. Эдийн засгийн өсөлт 4.2 хувь байна гэж үзээд орлогын холбогдох өөрчлөлт хийсэн. 2013-2015 онд бид орлогоо хэт өндөр тооцчихоод төлөвлөгөө нь биелэхгүй болохоор арилжааны банкуудаас мөнгө татдаг, тэр хэмжээгээрээ Засгийн газрын өр нэмэгддэг байлаа. Харин сүүлийн үед орлогоо хэтэрхий доогуур тавьчихаад, түүнээс нь илүү мөнгө орж ирээд байх шиг харагддаг болов. Улсын төсөв 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай байхад мөнгө илүү гарсан мэт буруу ойлголт нийгэмд төрүүлээд буй учраас үүнийг зогсооё. Ер нь энэ удаагийн төсвийн төслийг боловсруулахдаа орлого, зарлагаа зөв, бодитой төлөвлөх зарчим баримталсан.
2018 онд төр арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл аль болох бага авахаар тусгасан нь энэ төсвийн төслийн нэг онцлог. Их хэмжээний зээл авчихаар арилжааны банкууд хувийн хэвшил, иргэдэд өгдөг зээлээ багасгаж, үүнийг дагаад эдийн засаг хумигдаад байна.
-Орон нутагт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг яагаад нэмэх болов?
-Төсвийн орлого бүрдүүлж байгаа байдлыг харахад орон нутгаас төлдөг татварын орлого буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь орон нутагт эдийн засгийн идэвхжил буурч, царцах тал руугаа явж буйг илтгэж байгаа хэрэг. Тиймээс орон нутаг нь өөрөө мэдээд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмж, нэг аймагт дунджаар долоон тэрбум, нийтдээ 147 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөсөн. Энэ мөнгө жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байр бий болгох, эдийн засгийг идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаа.
-Цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн хувьд ямар бодлого баримталж байгаа бол?
-Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгоё гэснийг нийгэм нэлээд шүүмжлэлтэй хүлээж авч байгаа. Гэхдээ энэ бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Эрүүл мэндийн сайд нар Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ-той хийсэн гурван талт хэлэлцээрийн үр дүнгээр хэрэгжүүлж буй ажил. Хэлэлцээрт оролцсон сайд нар өөрсдөө мэдээлэл өгөх байх. Сангийн яам бол тэр хэлэлцээрт тусгасан арга хэмжээний санхүүжилтийг олох зорилготой л ажиллаж байна.
Тэтгэвэр нэмэхэд зориулж 137 тэрбум төгрөг төсвийн төсөлд суулгасан. Мөн сонгуулиар амласан, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу “Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. 0-3 хүртэлх насны хүүхдээ харж буй ээжид сар бүр олгох 50 мянга, 0-18 насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгүүдэд улирал тутам олгох 240 мянган төгрөгийн санхүүжилтийг төсвийн төсөлд тусгасан.
-Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох талаар судалж үзэв үү?
-ОУВС-тай хамтран дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын эдийн засгийн байдал олон улсад эергээр үнэлэгдэж буй нь олон зүйлээс ажиглагдаж байна. Бид уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ОУВС-тай “Нийт хүүхдийнхээ 60 хувьд хүүхдийн мөнгө олгоно” гээд тохирчихсон. 60 хувь гэдэг тоог гаргахдаа 2014 онд айл өрхүүдээр явж, эд хогшлыг нь тоолж амьжиргааны түвшинг нь тогтоосон судалгааг ашигласан.
2014 оноос хойш инфляц хурдтай өсөж, төгрөгийн ханш бараг 50 хувиар унасан учраас иргэдийн бодит орлого багассан. Ядуурлын хэмжээ 20 хувиас 29.6 болж өссөн. Тиймээс 60 хувь гэдэг тоог 80 болгож нэмье гэдэг асуудлаар ОУВС-тай хэд хэдэн хэлэлцээ хийсэн. ОУВС энэ асуудлыг цаашдаа ярилцъя гэсэн. Тиймээс ирэх жилийн төсөвт хүүхдийн мөнгийг 60 хувьд олгох хэвээр тусгасан. Энэ тоог 80 хувь болгох гэрээ, хэлцлийг цааш үргэлжлүүлнэ.
-Өмч хувьчлалын асуудал төсөвт хэрхэн туссан бол. Өмнөх Засгийн газар Төрийн банкийг хувьчилна гэж байсан. Энэ бодлого үргэлжлэх үү?
-Би бол төрийн өмчийг хувьчлах асуудал төсөв дагаж орж ирдэг байх ёсгүй гэж боддог. Төрийн өмчийг хувьчлах бодлогыг УИХ тусад нь гаргаж, батлах ёстой. Энэ Засгийн газар бүрдээд долоо л хонож байна. Бид өмч хувьчлалыг хэрхэн явуулах вэ, алдагдалтай ажиллаж буй төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудыг яах вэ, том төслүүдээ яаж хэрэгжүүлэх вэ, урагшаа тавьж байгаад сураг алдарсан төмөр замаа үргэлжлүүлэх үү гэх зэрэг олон асуудлыг ярьж, бодлогоо тодорхой гаргаж, тууштай хэрэгжүүлнэ.
-Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өссөн нь манай эдийн засагт хэрхэн нөлөөлнө гэж харж байгаа вэ?
-Ний нуугүй хэлэхэд, Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш урд хилээр гарч байгаа нүүрсний тээвэр хязгаарлалтад орчихлоо. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө нүүрс овоо гарч байснаа долдугаар сараас хойш багассан. Өнөөдөр л гэхэд БНХАУ-ын тал цахилгаан тасалдсан гэсэн шалтгаанаар 200-гаад машин л гаргасан гэсэн мэдээлэл ирлээ. Тиймээс ашигт малтмалын үнэ харьцангуй өндөр байгаа ч хилээр гарах нүүрсний хэмжээ ирэх онд олигтой нэмэгдэхгүй гэж үзэж байгаа. Бидний тооцож буйгаар ирэх онд нүүрсний экспорт энэ оны түвшинд хүрэхгүй, нүүрс тээвэрлэлтэд тавьсан хязгаарлалт үргэлжилнэ.
-Таныг Сангийн сайдаар томилсон УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавиад буй. Та өөрийгөө буруугүйг батлах гэж АМГТГ-аас бичиг авсан байв уу?
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хууль бусаар авч амьдардаг 30 гэр бүлийн нэг Ч.Хүрэлбаатар мөн, ах нь лиценз эзэмшдэг гэж зарласан. Тиймээс би АМГТГ-т хандаж, миний болон ах нарын минь нэр дээр одоо тусгай зөвшөөрөл байна уу, өмнө нь байж уу гэдгийг шүүлгэж, лавлагаа авахаар хандсан. АМГТГ-аас “Энэ сарын 27-ны өдрийн байдлаар кадастрын бүртгэлийн системийг шүүж үзэхэд Ч.Хүрэлбаатар, Ч.Ганболд, Ч.Гансүх, Ч.Гантулга нарын эзэмшдэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани өмнө нь ч, одоо ч бүртгэгдээгүй байна” гэсэн хариу өгсөн. Би болон манай ах нар уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлчихье.