Хууль, УИХ-ын бусад шийдвэр баталж, биелэлтэд нь хяналт тавьж, шалгах нь манай парламентын онцгой бүрэн эрх. Хэдийгээр эдгээр нь хоёулаа онцгой бүрэн эрх нь ч гэлээ чанартай, сайн хууль батлах нь УИХ-ын гишүүдийн хамгийн түрүүнд хариуцлагатайгаар хийх ажил. Нөгөө талаас хянаж, шалгах эрхийг нь хууль тогтоогчидтой хэн ч булаацалдаагүй.
Тийм эрх ч байхгүй. Харин сүүлийн үед манай гишүүд хянаж, шалгах эрхээ хэрэгжүүлэх гэж шунан, хөөрцөглөх дүр зураг илүүтэй ажиглагдах болов. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглалынханд хуулиар олгосон хяналт, шалгалтын чиг үүргийг нь хууль тогтоогчид булаацалдаж, үйл ажиллагаанд нь хэт хутгалдаад эхэллээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд гэхэд л тодорхой асуудлыг судалж, шалгахаар УИХ болон байнгын хорооноос гурван ч ажлын хэсэг байгуулсан юм.
Тодруулбал, өнгөрөгч сарын 23-нд УИХ-ын дарга захирамж гаргаж, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргаж, “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотойгоор олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг 10 хоногийн өмнө ажилдаа ороод байна..
Тэгвэл төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар гаргасан Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны Удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд танилцуулах үүрэгтэй ажлын хэсгийг тус байнгын хороо байгуулаад хагас сарын нүүр үзэх нь.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан байгуулсан ажлын хэсэгт УИХ-ын таван гишүүн бий. Харин ахлагч Х.Нямбаатар гишүүн “Уг хэргийн талаар бид бүрэн судлах боломжгүй. Гүйцэтгэх ажлын хууль, тогтоомж зөрчсөн, эсэхийг бидний таван гишүүн шалгах эрх, үүрэг байхгүй” хэмээн УИХ-ын түвшинд ажлын хэсэг байгуулахыг хүсэж буйгаа шулуухан илэрхийлчихсэн.
Уг хэргийг шийдвэрлэсэн байдалд эргэлзэж буйгаа эрээгүй илэрхийлсэн ОУПХ ч Монголын намууд эл аллагыг улс төрийн наймааны хэрэгсэл болгон ашигласаар байгаад харамсдагаа ил тод хэлсэн юм. Монголын шүүх хэрэгтнүүдийг нь яллаж, эцсийн цэг хатгасан эл хэргийн талаар ОУПХ-ноос гаргасан шийдвэрийг судалж, санал, дүгнэлт боловсруулна гэхээр Х.Нямбаатар нарын гишүүд юу хийнэ гэсэн үг вэ. Уг хэрэгтэй холбоотойгоор өрнөсөн бүх үйл явцыг эхнээс нь судлах юм уу. Үнэндээ Х.Нямбаатар гишүүний үг юу хийхээ мэдэхгүй байгаа хүнийх шиг санагдсаныг нуух юун.
Харин Оюутолгойн тухайд өмнөх парламентаас ажлын хэсэг гарган “Дубайн” гэх тодотголтой гэрээг шалгаж байсан. Хэд хэдэн сайдын хамтарсан тушаалаар тус төсөлд хийсэн шалгалтын дүнг түрүүчийн УИХ-д танилцуулж сонссон удаатай. Одоо эдгээрийг нэгтгэн, дахин нягталж, ажлаа, салбараа арван хуруу шигээ мэддэг мэргэжилтнүүдийн хүчийг ашиглан тун ч нарийн шалгаж, дүгнэх юм гэнэ.
Үүнээс гадна төрийн аудитын байгууллагын энэ онд бодлогоор гүйцэтгэх аудитын сэдвийн хүрээнд “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээ болон “Дубайн” гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг ирэх долдугаар сарын 1 гэхэд УИХ-ын холбогдох байнгын хороонд танилцуулахаар ажиллаж буйг тэмдэглэе. Эндээс харахад, зөвхөн Оюутолгойтой холбоотой гурван ч дүгнэлт гаргах нь байна.
Өөр хоорондоо юугаараа ялгагдахыг одоо хэлж мэдэхгүй ч тэдний алиныг нь үндэс болгож, дараа дараагийнхаа шийдвэрийг батлах юм бэ. Тэгж яривал “Дубайн” гэрээг байгуулсан үйл явц өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй, хэвээр буй. Тэр тусмаа тус гэрээг хэрхэн байгуулсныг өнөөдөр үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН цөөнх байхдаа шалгасан шүү дээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийг мөн 49, 51 хувиар аль алиныг нь шалгах үйл явц өрнөж байна. 49 хувьтай холбоотой асуудлыг Засгийн газар ажлын хэсэг байгуулан шалгаж, УИХ-д танилцуулан холбогдох шийдвэрээ хэдийнэ баталсан. Түүнийг нь дагалдуулан шүүхийн шийдвэрүүд ч гарч буй. Эл үйл явдлаар Монголын нийгэм, улс төр бүхэлдээ “амьсгалж” байна. УИХ дахь Авлигын эсрэг лообий бүлгийн гишүүд болох Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Л.Энхболд нараас “Эрдэнэт үйлдвэр”, “Стандарт” банктай холбоотой асуудлаар Засгийн газарт асуулга тавьж, ирүүлсэн мэдээллийг нь олон нийт, дөрөвдөгч засаглалынханд ил болгосон.
УИХ-ын дарга байнгын болон дэд, түр хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн хэрэгжилт, тэр дундаа төр, нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзсэн аливаа асуудлыг шалгахын тулд ажлын хэсэг байгуулах нь түшээдээс хэрхэвч салгаж болохгүй эрх. Гэсэн хэдий ч үүнээс өөрөөр хянаж, шалгаж болдог. Үүнийгээ ч орхигдуулалгүй, сайн ашиглаж байгааг зарим статистик мэдээллээс харж болохоор буй юм. Тухайлбал, парламент асуулга, асуулт, Ерөнхий сайдын мэдээлэл сонсох гэсэн хэлбэрээр хяналт, шалгалтын бүрэн эрхээ хэрэгжүүлж болохоор хуульчилсан байдаг.
2000-2016 онд тавьсан асуулга, асуулт, Ерөнхий сайдын мэдээллээс харвал Засгийн газрыг УИХ-аас хянах оролдлого мэдэгдэхүйц нэмэгджээ. 2000 оны сонгуулийн дараа байгуулагдсан УИХ-аас бүрэн эрхийнхээ хугацаанд нийт 33 асуулга тавьж байсан бол 2008-2012 онд 170 болон нэмэгджээ. Мөн бичгээр дөнгөж есөн удаа асуулт тавьж байсан нь дөрвөн жилийн дараа 68 болсон байна. Асуулга тавих замаар хяналт, шалгалтын чиг үүргээ амжилттай хэрэгжүүлсэн ойрхны жишээ гэвэл УИХ дахь Авлигын эсрэг лообий бүлгийнхний үйл ажиллагааг нэрлэж болно.
Ер нь УИХ-ын хяналтын бүрэн эрхтэй холбоотойгоор хууль тогтоогчид Засгийн газрын албан тушаалтан, төрийн албан хаагчтай шууд харилцаж, бодлоо тулган, үйл ажиллагаанд нь хэт хутгалдах явдал хуралдааны үеэр ч ажиглагдах болсон. Саяхан МҮБХ-г хэн авах гэсэн маргаанаас болж гишүүн А.Сүхбат бусдад зодуулж, цагдаад гомдолтой буйгаа “Миний цагдаа намайг хамгаалж чадахгүй байна.
Саяхан Цагдаагийн тухай хуулийг шинээр баталсан. Тиймээс цагдаагийн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнд нь салхи оруулах хэрэгтэй юм байна. Өнөөдрөөс эхлэн цагдаагийн байгууллагыг анхааралтай ажиглана” хэмээн илэрхийлнэ лээ. 76 жижиг тойргоос сонгогдсон гишүүдийг сонгогчдынхоо өмнөөс Засгийн газрын шат шатны албан тушаалтантай шууд харилцахыг нь хориглох хэцүү ч энэ мэт илт дарамталсан өнгө аясаар харилцсаар байх ёстой юу.
Энэ онд төрийн хяналтын байгууллагаас ямар чиглэлээр шалгалт, аудит хийх талаар УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэх үед ч гишүүд өөрт нь таалагдаагүй үйл ажиллагаа явуулсан байгууллага, албан тушаалтныг хамруулах санал зориуд гаргаж байсан юм.
Юутай ч өмнөх парламентын үед Нийтийн сонсголын тухай хууль батлахдаа мөрдөн шалгах чиглэлээр сонсгол зохион байгуулах, эсэхээ нэлээд нухацтай ярилцаж байж, хасаж орхисон юм сан. Тухайн үед мөн л хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хэт оролцож, хутгалдах вий гэсэн болгоомжлолыг гишүүд ч, олон нийтийн зүгээс ч хэлж байсан юм. Өдгөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ч Хянан шалгах түр хороо байгуулах ёстой, эсэх талаар ярилцаж буй.
Тодруулбал, УИХ нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно, ингэхдээ нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь болон нам, эвслийн бүлэг энэ талаар саналаа албан ёсоор тавибал олонх, цөөнхийн тэгш төлөөлөлтэйгөөр УИХ-ын дарга түр хороо байгуулахаар төсөлд тусган, ярилцаж байгаа билээ. Цаашлаад хянан шалгах түр хороо байгуулах, ажиллах журмыг нь хуулиар тогтоохоор санал солилцож эхэлсэн. Үүнийг Үндсэн хуульдаа тусгаж, үр дүнг нь үзэхээс өмнө хууль тогтоох байгууллагаа “Хянан шалгах хороо” болгочих вий дээ.
УИХ-ын тухай хууль
33 дугаар зүйл. УИХ хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх
33.1. УИХ хянан шалгах бүрэн эрхээ дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
33.1.1. Засгийн газрын болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэл сонсох;
33.1.2. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга тавих, түүний хариуг чуулганаар хэлэлцүүлэх;
33.1.3. энэ хуулийн 33.1.2-т заасан албан тушаалтанд асуулт тавьж хариулт авах;
33.1.4. энэ хуулийн 33.1.1-д заасан байгууллага хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хянан шалгаж дүнг байнгын хорооны, шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх;
33.1.5. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, УИХ-аас томилогдсон, түүнд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, гишүүнтэй холбогдсон ажил хэрэг, ёс зүйн зөрчлийг шалгаж санал, дүгнэлт гаргах.
33.2.Төр, нийгмийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл уг асуудлаар Засгийн газрын байр суурийг тодруулах, тодорхой үйл ажиллагаа явуулахыг шаардаж гишүүнээс энэ хуулийн 33.1.2-т заасан албан тушаалтанд бичгээр хандсаныг “асуулга” гэнэ.
33.3. Асуулга хүлээж авсан албан тушаалтан 30 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр өгнө.
33.4. Асуулга тавьсан гишүүн өөрөө хүсвэл түүний хариуг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно.
33.5. Нэгдсэн хуралдаан асуулгын хариуг хэлэлцсэний үндсэн дээр УИХ-аас тодорхой шийдвэр гаргах шаардлагатай гэж үзвэл асуудал хариуцсан Байнгын хороонд энэ талаар чиглэл өгч болно.
33.6. Асуудал хариуцсан байнгын хороо энэ хуулийн 33.5-д зааснаар нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл болон төрийн бодлоготой холбоотой бусад санал боловсруулж санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж тодорхой шийдвэр гаргуулж болно.
33.7. Төр, нийгмийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл тодорхой нэг асуудлаар гишүүн энэ хуулийн 33.1.2-т заасан албан тушаалтанд бичгээр хандсаныг “асуулт” гэнэ.
33.8. Асуултыг хүлээн авсан албан тушаалтан хариуг 14 хоногийн дотор гишүүнд бичгээр өгнө.
33.9. Гишүүн шаардлагатай гэж үзвэл асуултын хариуг байнгын хорооны хуралдаанд танилцуулж, тодорхой арга хэмжээ авах хүсэлтийг шийдвэрийн төслийн хамтаар Байнгын хорооны даргад уламжилж болно.
33.10. Байнгын хороо энэ хуулийн 33.9-д зааснаар гишүүнээс гаргасан хүсэлт, шийдвэрийн төслийг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
33.11. УИХ-ын дарга, түүнчлэн байнгын, дэд, түр хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг гишүүд, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор байгуулан ажиллуулж болно.
33.12. Энэ хуулийн 33.11-д дурдсан ажлын хэсгийн хяналт шалгалтын ажлын хүрээ нь энэ хуулийн 33.1.1-д заасан байгууллагаар хязгаарлагдана.
33.13.Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид энэ хуулийн 33.11-д дурдсан ажлын хэсэг хяналт шалгалт явуулах шаардлага гарвал шалгалтыг төрийн хяналт шалгалтын эрх бүхий байгууллагатай хамтарч гүйцэтгэн дүнг байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно.
33.15. Энэ хуулийн 33.1.5-д дурдсан зөрчлийг шалгах ажлын хэсэг байгуулах эсэх асуудлыг Зөвлөлөөр хэлэлцэж байгуулах нь зүйтэй гэж үзвэл удирдамжийг УИХ-ын дарга батална.
33.16. Энэ хуулийн 33.1.5-д дурдсан асуудлаар байнгын, дэд, түр хороо ажлын хэсэг байгуулахыг хориглоно.