
МАН-ын шинэ үеийнхний төлөөлөл, УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоод бүтэн жилийн хугацаа өнгөрч байна. Болчимгүй үйлдлийнхээ төлөөсөнд нэр хүнд, улс төрийн карьераа нэгмөсөн тавиад туучихаж мэдэхээр байгаа тэрбээр энэ хэргээс бултаж, нуугдах, өөрөөсөө зайлуулж, холдуулах гэж янз бүрээр л үзлээ. Төрийн ордны индрээс ор дэрний асуудлаа ярьж, “Тэднийд хоносон. Бандаашаа өмсөөд гарсан” хэмээн ам алдаж, хууль хяналтын байгууллагаар хэргээ хэрэгсэхгүй болгуулж, эцэст нь дахин шалгуулж, “тохиролцоод унтсан” гэж мэдүүлж, яллагдагчаар татагдах хүртэл олон л зүйл туулав.
Хохирогч тал “УИХ-ын гишүүн Д.Гантулга албан тушаалаа ашиглан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэнд нөлөөлсөн” хэмээн гомдол гаргаснаар дуулианы эзэн болж яваа залуу гишүүнтэй холбоотой хэргийн материалыг УЕПГ-т өнгөрсөн намар хянаад, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан дүүргийн хяналтын прокурорын шийдвэрийг цуцалж, хэргийг сэргээн шалгуулахаар болсон. Д.Гантулгын хэргийг өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад буй. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Д.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаа дууссан бөгөөд яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар удахгүй прокурорт шилжүүлэх гэнэ.
БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ
Энэ асуултын хариу тодорхойгүй хэвээр байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад шалгуулах шийдвэр гаргасан тухайгаа Д.Гантулга хаврын чуулган эхлэх өдөр намын бүлгийнхэндээ албан ёсоор дуулгасан. Үүнтэй нь зэрэгцээд Улсын ерөнхий прокуророос түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт УИХ-д хүргүүлсэн.
Уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор шөнө дүл болтол хэлэлцээд “Хуулийн мухардалд орлоо” гэсэн итгэхэд бэрх тайлбар хэлсэн нь өнгөрсөн сарын 5. Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт “УИХ-ынгишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн заалт бий. Харин УИХ-ын тухай хуульд үүнийг зохицуулсан заалт оруулах ажлаа УИХ цаг тухайд нь хийгээгүйгээс дээрх асуудал хуулийн мухардалд орсон хэрэг.
Мухардлаас гаргах ажлыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гардаж, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулан, байнгын хороо, нэгдсэн чуулганы шат шатны хэлэлцүүлэг дамжуулан сар шахам “нухсан”-ы эцэст долоо хоногийн өмнө баталлаа. Уг нэмэлт, өөрчлөлт батлагдангуут Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлт үүсээд байсан ч УИХ таг чиг байна.
Уг өөрчлөлтөөр “Гэмт үйлдлийнх нь явцад, эсвэл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан”, “УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан” тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх заалт хуульд оруулсан юм. Харин УИХ-ын гишүүн өөрийнхөө саналаар бүрэн эрхээсээ түдгэлзэх “эрхгүй” хэвээр үлдсэн. Тэгэхээр хүчингийн хэрэгт яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ хэлэлцэхгүй гэсэн үг. Харин Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэх, эсэх нь одоогоор тодорхойгүй, энэ талаар мэдэх хүнгүй байна.
ҮХЦ-Д ДУУДАГДАХ ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ, НҮГЛИЙН НҮДИЙГ ГУРИЛААР ХУУРАВ
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил ёстой л нүглийн нүдийг гурилаар хуурсан явдал боллоо. Ингэж хэлэх тодорхой шалтгаан ч байна. Өмнө нь хоёр ч удаа ҮХЦ-д очиж, хүчингүй болсон заалтыг энэ удаагийн өөрчлөлтөөр дахиад агуулгаар нь сэргээв. Тодруулбал, иргэн Ц.Энхжингийн “УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалтад “Гэмт үйлдлийнх нь явцад, эсвэл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна” гэсэн мэдээллийн дагуу ҮХЦ 2011 оны аравдугаар сарын 21-нд дунд суудлын, 2012 оны хоёрдугаар сарын 15-нд их суудлын хуралдаан хийж, дээрх заалт Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож байж. Тухайн үед ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авч, Үндсэн хуультай зөрчилдсөний улмаас хүчингүй болсон заалтыг өөрчлөхдөө УИХ ёстой л дүр эсгэжээ. Тодруулбал, “гэмт үйлдлийнх нь явцад” гэснийг “гэмт хэрэг үйлдэж байхад нь”, “гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж” гэснийг “хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” хэмээн үгийг нь сольж, агуулгыг нь өөрчлөлгүй баталсан байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нэр бүхий иргэд ҮХЦ-д уг заалтын талаар дахин мэдээлэл гаргаснаар энэ асуудал олны анхааралд өртсөн. Цэц иргэдийн мэдээллийг их суудлын хуралдаанаараа хэлэлцээд “ҮХЦ-ийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон УИХ-ын тухай хуулийн заалтыг агуулгаар нь төдийгүй үгийн утгын хувьд илүү явцууруулан дахин сэргээсэн, ингэснээрээ УИХ өөрөө Үндсэн хуулийн “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчиж байна” хэмээн үзэж, дээрх заалтыг хүчингүй болгох шийдвэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан билээ.
Байнгын ажиллагаатай парламент хэмээн цээжээ дэлддэг УИХ-ын үнэн дүр төрхийг уг тогтоол дахин харуулав. ҮХЦ-ийн шийдвэрээр хүчингүй болсон хуулийн заалтыг засаж, залруулах ажлаа хууль тогтоох байгууллага цаг тухайд нь хийлгүй орхисноос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хуулийн мухардалд орсон юм. Гэнэтийн шалгуурт бүдэрч, баг нь хуулагдахад яаран сандран хууль өөрчлөхдөө ҮХЦ-ээс хоёронтоо хүчингүй болгосон “Гэмт үйлдлийнх нь явцад, эсвэл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ” хэмээх заалтыг дахиад л агуулгаар нь сэргээчихлээ. Удахгүй дахиад ҮХЦ-д дуудагдах бий вий.