Манай улсад хөрөнгө оруулахаар сонирхож, хариуцсан сайдтай нь овоо ойлголцон, ажлаа эхлүүлэх тохиролцоонд хүрээд буцсан гадаадын нэг хүн “Би танай улсад хөрөнгө оруулах гэж жил гаруй хэлэлцээ хийгээд, гэрээндээ гарын үсэг зуруулахаар иртэл бидэнтэй хэлэлцээ хийж байсан сайд огцорсон байна. Дараагийн сайдтай нь уулзъя гэтэл яам нь ч байхгүй болчихож. Ингэж болдог юм уу” хэмээн гайхаж, хэлэх үгээ олохгүй толгой сэгсэрч байсан талаар танил маань ярьж билээ.
Улс төртэй чамгүй олон жил зууралдаж, намаа ялагдсан үед “лааз өшиглөж”, ялсан үед нь хариуцлагатай албан тушаал хашаад явдаг өөр нэгэн “Зарим оронд 100 жилд ганц яам нэмэгдсэнээс өөрөөр Засгийн газрын бүтэц нь өөрчлөгдөөгүй байхад манайд өнгөрсөн 20 гаруй жилд Батлан хамгаалах яамны нэрийг л ганц удаа, бусдыг нь өчнөөн олон удаа сольсон. Зарим яамны нэр арав гаруй удаа өөрчлөгдсөн.
Нэр өөрчлөх бүрт албан бичгийн толгой, үнэмлэхнээс эхлээд и-мэйл хаяг, цахим хуудас гээд бүгдийг солино. Шинээр улс байгуулж байгаа юм шиг... Тэгээд эмх цэгцэнд ортлоо гадаад ертөнцөөс тусгаарлагддаг. Зарим яам хоёр цахим хуудастай. Би энэ Засгийн газрын яамдын нэрийг одоо болтол мэдэхгүй яваа. Тэгэхээр гадаадынхан төөрч будлих нь аргагүй шүү дээ. Жаал төөрч будлиж байгаад л Монголыг орхиж байгаа биз. Монголд байгаа хамгийн түгээмэл алдаа, магадгүй манай улс хөгжихгүй мунгинаад буйн нэг шалтгаан нь энэ байх. Ямар ухвар мөчид, муйхар, харалган хүмүүс гэхээрээ ийм байдаг юм.
Нийгмийн салбар бүрт иймэрхүү ахархан бодлоос улбаатай үрэлгэн, будлисан, төөрч мунгинасан, бусдын элэг доог болсон үзэгдэл бий. Бид гомдмоор, харамсмаар, уйлмаар хариуцлагагүй байна” гэсэн. Гадаадынхан бүү хэл, дотоодынхон ч учрыг нь олдоггүй энэ олон өөрчлөлт дунд улстөрчид өөрсдөө ч төөрчихсөн яваа хэрэг. УИХ-ын ээлжит сонгуулиар ялсан нам Засгийн газраа байгуулахдаа яам, агентлагуудыг салгаж, нийлүүлж, татан буулгаж, шинээр байгуулж бужигнуулдаг жишиг тогтоод удсан. Энэ талаар бишгүй л ярьж, шүүмжилдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд байдал улам л ужгирч, хүндрээд байх шиг. Сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажилдаа тохируулан өөрчлөх зүйл байж болох юм гэхэд нэг сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд дор хаяж хоёр засаг солигдож, тэр тоолонд ийнхүү
...Өвчин ороогоод өөдөлдөггүй хүүхдийн нэрийг сольж, эрлэгийн элчийг хуурах талаар лам багш айлддаг тухай сонсож байсан. Харин үйлс нь урагшгүй агентлагийн нэрийг соливол ажил нь сайжирна гэж хэн нэг нь хэлээгүй л байлтай. Богино настай Засгийн газартай, дээр нь сайд солигдох бүрт сандал ширээнээс эхлээд бүх зүйл нь солигдсоор, дороо эргэлдсээр байтал бид эргүүтсэн төлөг шиг боллоо...
бужигнуулж байгааг яагаад ч ойлгохгүй нь. Төрийн албаны залгамж чанар энэ тэр гэж тэдний бодол, хандлагад хэтийдсэн үг хэрэглэхээ больё гэхэд нэг намын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж буйг нь сануулмаар. Ж.Эрдэнэбатын халааг авсан У.Хүрэлсүхийн Засгийн газар хаврын чуулган эхэлснээс хойших хоёр сар хүрэхгүй хугацаанд хоёр ч агентлагийг өөрчлөх шийдвэр УИХ-аар гаргуулаад амжсан.
Нэр сольж, салгаж, нийлүүлэхээс хэтрэхгүй өнгөц өөрчлөлтүүд цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа тул ийн бичихэд хүрлээ. Хэдхэн хоногийн өмнө Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгаж, Мал эмнэлгийн ерөнхий газар болгож өөрчлөх Засгийн газрын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж, дэмжсэнээр он гарснаас хойш гурав, хаврын чуулган эхэлснээс хойш хоёр дахь агентлагтаа хөдөлгөөн оруулж буй юм. Үүний өмнөхөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг салгаж, Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар болгох тогтоолын төслийг баталсан.
Сүүлийн зургаан жилийн хугацаанд тус агентлагийг гурав дахиа салгаж, нийлүүлж, бүтцийн өөрчлөлтөд оруулаад байгаа нь энэ. Тодруулбал, 2012-2014 он буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар тусдаа байв. Дараагийн хоёр жилд нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллахдаа улсын бүртгэлийг статистиктай нэгтгэн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болгосон. Гэтэл “Статистикийн байгууллага Засгийн газрын харьяанд байх юм бол статистик мэдээлэл нь худлаа гарна.
Тиймээс уг байгууллагыг УИХ-ын харьяанд авах ёстой” гэсэн шүүмжлэл гарснаас ч юм уу, 2016 оны сонгуулийн дүнгээр томилогдсон Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг салган, Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн газартай нэгтгэж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болгосон билээ. Харин одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар дээрх газрыг салгах шийдвэр гаргаад байна. Гурван өөрчлөлтийн сүүлийнх нь зургаан жилийн өмнөх Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар тусдаа байсан хувилбар дээрээ буулаа. Угсарсан олон өөрчлөлтийн эцсийн үр дүн ийм л байна. Энэ бол захын жишээ.
Бусад бүх яам, агентлаг ч ийм л замаар бэдэрч яваа. Эцсийн зорилго нь чухам юу юм бэ, ямар үр дүн гаргах вэ гэсэн асуултад тодорхой хариултгүй эх адаггүй өөрчлөлтийн олонх нь ихээхэн даажинтай. 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл тусдаа байсан Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрыг нэгтгэх асуудлыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны төсөв хэлэлцэх үеэр УИХ-д оруулж, дэмжүүлсэн. 2016 оны сонгуулийн дараа шинээр байгуулагдсан Засгийн газар Гааль, татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болгон салгасан. Өөрөөр хэлбэл, хэдхэн сарын өмнө өчнөөн асуудал болж, УИХ-д хэрүүл талцал үүсгэн байж дээрх хоёр газрыг нэгтгээгүй мэт хуучин хэвдээ орж, нүүдэл, суудал, хаяг, шошго нь жигдрээгүй байхад буцаан салгасан.
Аль ч Засгийн газрын, хэн гэдэг Ерөнхий сайдын ч танхимын үүх түүх рүү өнгийхөд ийм жишээ захаас аван бий. Үүнийг нэгтгэж судалбал тун чиг сонирхолтой дүн мэдээ гарах бий вий. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр томилогдсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 13 яам, тохируулагч болон хэрэгжүүлэгч 27 агентлагтайгаар үйл ажиллагаа явуулахаар бүтэц, бүрэлдэхүүнээ батлахдаа Ч.Сайханбилэгийн Засгийн газрын агентлагуудаас нэгийг л хуучнаар нь үлдээж, бусдыг нь өөрчилсөн билээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг намын, нэг мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байсан өмнөх засгийн баталж, байгуулсан бүтэц, бүрэлдэхүүнээр оролдож эхэлсэн тухай дээр дурдсан. Он гарснаас хойш Улсын бүртгэл, оюуны өмчийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгаж, тухай бүрт нь шинэ агентлаг байгуулах шийдвэр гаргасан.
Нэгэн үед байж байгаад алга болсон Ойн газар, Усны газрыг дахин байгуулах тухай яриа аль хэдийнэ дуулдаад эхэлснээс харвал агентлагуудынхаа бүтцийг өөрчилж, шинээр байгуулах ажил цаашид ч үргэлжлэх нь. Эдийн засгийн үзүүлэлтүүд нааштай гарч эхэлсэн талаар Сангийн сайд мэдэгдэхтэй зэрэгцээд шинэ агентлагууд байгуулах ажлаа шуурхайлсны эцсийн зорилго юу бол. Эндээс бид ямар үр дүн хүлээх ёстой вэ. Хамгийн сайнаар бодлоо гэхэд хоёр жилийн дараа байгуулагдах Засгийн газар тэднийг нь дахиад л салгаж, нийлүүлж, татан буулгаж, самрахгүй гэх баталгааны тухай бол бүр ч ярилтгүйг мэдэж байна. Өвчин ороогоод өөдөлдөггүй хүүхдийн нэрийг сольж, эрлэгийн элчийг хуурах талаар лам багш айлддаг тухай сонсож байсан. Харин үйлс нь урагшгүй агентлагийн нэрийг соливол ажил нь сайжирна гэж хэн нэг нь хэлээгүй л байлтай.
Богино настай Засгийн газартай, дээр нь сайд солигдох бүрт сандал ширээнээс эхлээд бүх зүйл нь солигдсоор, дороо эргэлдсээр байтал бид эргүүтсэн төлөг шиг боллоо. Морины уралдаанаар бол морь нь эцэж цуцаагүй байхад унаач нь байсхий гээд солигдож, тэр тоолонд эмээл, хазаараа солих гэсээр баян ходоод болж буйтай адил дүр зураг харагдаж байна. Ямар сайндаа л Засгийн газрын бүтцийг хатуу хуульчлах тухай санал гарч байх вэ дээ. Яам, агентлагуудыг хөдөлгөөнгүй хуульчлах нь учир дутагдалтай гэх хүн байдаг ч Засгийн газар ийм тогтворгүй, дур зоргын шинжтэй ажиллаж буй үед бужигнуулахаас өөр шидгүй будлиу түшээдийг хазаарлах гарц үүнээс өөр бий гэж үү.