Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ээлжит шаардлагаа УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн. “Ээлжит бус чуулган зарлах хугацааг тохиролцох тухай” хэмээн эелдгээр эхлүүлсэн эл албан бичгээрээ Төрийн тэргүүн ирэх даваа гараг гэхэд ээлжит бус чуулган зарла гэж УИХ-ын даргад тулгалаа. “60 тэрбум”-ын гэх хэргийг хаацайлж, муу ажиллаж байгаа АТГ-ын удирдлагыг өөрчлөхийн тулд зарлан хуралдуулахыг шаардаж буй ээлжит бус чуулганыг Ерөнхийлөгч ингэж ээлж дараалан нэхлээ гээд илүү үр дүнд хүрэх үү.
СОНСГОЛ ХИЙЛГЭХ ХҮСЭЛ ТАЛААР БОЛОХ НЬ
Ээлжит бус чуулган зарлах сэдэл нь нийтийн сонсгол зохион байгуулахыг шаардсан нэр бүхий гишүүдийн хүсэлтээс улбаатай. Уг чуулганаар хэлэлцэхийг шаардаж буй асуудлын нэг тал гээд хэлчихэд гэмгүй “60 тэрбум”-ын гэх хэрэгтэй холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах санал гаргасан Л.Оюун-Эрдэнэ нарын 19 гишүүний хүсэлтийг судалж шийдвэрлүүлэхээр УИХ-ын дарга Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Улмаар Хууль зүйн байнгын хороо Улсын ерөнхий прокурорын газарт холбогдох тайлбар, санал авахаар хандсан билээ. Тэгвэл Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын чуулганд тодорхой хэргийн талаар тайлбар хийх, нийтийн сонсгол зохион байгуулахад тайлбар хүргүүлэх болон оролцох хууль зүйн үндэслэлгүй болохоо албан ёсоор мэдэгдээд буй. Өөрөөр хэлбэл, нийтийн сонсгол зохион байгуулах гэсэн оролдлого ийнхүү талаар болох нь. Нийтийн сонсгол зохион байгуулахаар санаачилсан Л.Оюун-Эрдэнэ гишүүн ч “Иргэдийн эргэлзээг тайлж, үнэн, худлыг өөрөө илэрхийлсэн гэрчлэлийг сонсох гэж л дэлхийн улс, орны парламентууд “Нээлттэй сонсгол”, “Халуун сандал” гэгддэг арга хэмжээг хийдэг түүхтэй. Манайд ч энэ л агуулгаар ийм хуулийг баталсан. Хууль хэрэгжүүлэхгүй бол баталж яах юм бэ” хэмээн байр сууриа цөхөрсөн, бухимдсан янзтай нийгмийн сүлжээнд илэрхийлсэн.
Нийтийн сонсгол зохион байгуулах замаар “60 тэрбум”-ынхныг илчилж, тэдний гэмийг хаацайлж, нуун дарагдуулж буй АТГ-ын удирдлагыг ээлжит бус чуулган зарлан байж өөрчлөх гэсэн хүсэл дор нэг иймэрхүү үйл явдал өрнөж байна. Нийтийн сонсгол зохион байгуулах хүсэл нь нэгэнт талаар болж буй тул ээлжит бус чуулганд илүү их шунах нь зүйн хэрэг. Гэвч эрх бүхий хүмүүс нь шаардсаар атал ээлжит бус чуулган зарлан товлохгүй байгаа УИХ-ын даргыг ийн шахах нь Ерөнхийлөгчийн буруу ч бас биш. Үгүйдээ л “60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсон, нотлох баримт болсон бичлэгт дуу хоолой нь бичигдсэн М.Энхболд гэж хүн амиа хоохойлж, албан тушаалтайгаа үлдэхийн тулд УИХ-ын даргын эрх мэдлээ ашиглан ээлжит бус чуулган зарлахгүй байгааг Ерөнхийлөгч үл хүлээн зөвшөөрөн, эрхийнхээ дагуу ээлж дараалан шахалт үзүүлж буй мэт ойлголт олон нийтэд төрүүлэх биз. Мэдээж тэр нь Төрийн тэргүүний цаашдын үйл хэрэгт нэмэр болно уу гэхээс нэрмээс болохгүй.
ЕСДҮГЭЭР САР ХҮРТЭЛ ХҮЛЭЭГДЭЖ МАГАДГҮЙ
Юутай ч ээлжит бус чуулган зарлахыг шаардсан Ерөнхийлөгчид УИХ-ын дарга “Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох байнгын хороо хэлэлцсэний дараа зарлан хуралдуулах тов тогтоохоор шийдвэрлэсэн” гэх хариу өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх гээд байгаа асуудлыг нь Хууль зүйн байнгын хороогоор “оруулж” байж тов тогтоох, эсэхээ шийдвэрлэнэ гэсэн үг.
Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлд АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах талаарх зохицуулалт бий. 2006 онд байгуулснаас нь хойш томилсон бүх дарга нь бүрэн эрхийн зургаан жилээ дуусгаагүй ч одоогийн дарга Х.Энхжаргал өмнөх удирдлага Н.Ганболд шиг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхгүй л болов уу. Мөн Ерөнхий сайд С.Баярыг албан өрөөндөө дайлснаараа буруудахгүй бол одоогоор түүнийг хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн гэх сэжүүр лав алга.
Харин түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, эсэхийг тойрсон эргэлзээ бий. Үүнийг нь ч Ерөнхийлөгч хөндөж буй. Одоогийн удирдлагынх нь оронд АТГ-ын даргаар Д.Даваа-Очир, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулах саналаа Ерөнхийлөгч УИХ-д өнгөрсөн тавдугаар сарын эхээр хүргүүлсэн. Хэдийгээр эл саналыг нь Хууль зүйн байнгын хорооноос буцаасан ч ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардаж буй Төрийн тэргүүний хүсэлтийг Үндсэн хуулийн цэц гүйцэлдүүлж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, АТГ-ын одоогийн удирдлагыг өөрчлөх цор ганц үндэслэл болж мэдэх бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон, эсэхтэй холбоотой маргааныг хэрхэн шийдвэрлэхээс ээлжит бус чуулганы хувь заяа хамаарч болзошгүй нь.
УИХ-ын 2016 оны долдугаар сарын 8-ны 07 дугаар тогтоол буюу Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилсон шийдвэр нь Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг, 1.2-ыг зөрчиж буй талаар иргэн О.Дарханбаатар Цэцэд мэдээлэл гаргасан бөгөөд энэ сарын 10-нд маргаан үүсгэчихээд байгааг сануулъя. Иргэн О.Дарханбаатар нь АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нар нь 2011 онд томилогдсон хүмүүсийн оронд “ирсэн” учраас бүрэн эрхийн хугацаа нь дууссан гэж үзэн, Цэцэд хандсан.
Тэрбээр мэдээлэл гаргахдаа “УИХ Авлигын эсрэг хуулийн 21.1 буюу АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн заалтыг үндэслэн томилгоо хийсэн ч тус хуулийн 21.5-д зааснаар “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-т заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэсэн хэсгийг баримтлалгүй, Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг, 1.2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчиж байна” гэсэн юм. Уг маргааныг хянан хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдаан хэзээ болох нь тодорхойгүй хэвээр. Эх сурвалжийн хэлснээр ирэх есдүгээр сарын эхээр хуралдааныг товлож магадгүй гэнэ.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар иргэний гаргасан мэдээллийн дагуу маргаан үүсгэсэн бол дунд суудлын хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх ёстой. Гэхдээ тухайн маргаан ээдрээ, түвэгтэй гэх шалтгаанаар дээрх хугацаанд хуралдаанд бэлтгэж амжихгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болохоор хуульчилсан байдаг.
Нэгэнт хэлэлцэн шийдвэрлэх ёстой асуудлаар нь Цэцэд маргаан үүсгэсэн учраас Хууль зүйн байнгын хороо тодорхой чиглэл өгч чадахгүй л болов уу. Дээр дурдсанчлан Цэц есдүгээр сарын эхээр хуралдаж, ямар ч шийдвэр гаргасан бай дүгнэлтийг нь чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш тав хоногийн дотор Хууль зүйн болон холбогдох байнгын хороо хэлэлцэж, бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөх, эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах хуультай. Өөрөөр хэлбэл, Цэц эл маргааныг хэрхэн шийдвэрлэхээс л хамаг асуудал хамаарах бололтой.
22 дугаар зүйл. АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах
22.1.АТГ-ын дарга, дэд даргыг дараах тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:
22.1.1.өөрөө хүсэлт гаргасан;
22.1.2.биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;
22.1.3.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.
22.2.АТГ-ын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно.
22.3.АТГ-ын дарга, дэд дарга огцрох тухай хүсэлтээ УИХ-д бичгээр гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг УИХ-ын чуулганы үед гаргасан бол 21 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт гаргасан бол чуулган эхэлснээс хойш 21 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.
22.4.АТГ-ын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.
22.5.Хуульд зааснаас бусад үндэслэлээр АТГ-ын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно.
Авлигын эсрэг хуулиас