
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийж, энэ удаагийн парламент бүрэн эрхийнхээ хугацааны сүүлийн хагаст шилжлээ. Үнэмлэхүй олонх бүхий парламент бүрдсэн 2016 оны зургадугаар сараас эхэлсэн нэг жилийн “танилцах дадлага”, 2020 оны ээлжит сонгууль угтаж аанай л жилийн өмнөөс илт улстөрждөг түшээдэд найдаж болох бяцхан мөчлөг ийнхүү эргэлээ.
Нээлтийн хуралдаанд Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн өнгөрсөн хугацаанд иргэд, сонгогчдод эрх баригчдын өгсөн амлалт, мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудын тал нь ч болтугай биелсэн байх учиртай. Харин энэ удаагийн байтугай хэд хэдэн парламент дамжин ярьсан ч “гар хүрч” чадаагүй төслүүд байрнаасаа хөдлөөгүй хэвээр. Тэдгээрийн нэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
Хавар, намрын чуулган бүрээр хэлэлцэх асуудлын дараалалд багтаадаг ч хойш тавьсаар өнөөдрийг хүрсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Төрийн тэргүүн нээлтийн хуралдаанд хэлсэн үгэндээ онцолсон нь үүнийг хөдөлгөх болов уу гэсэн найдвар төрүүлж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга 10 гаруй минут үг хэлэхдээ ихэнх хэсэгт нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярьсан. Гэхдээ УИХ, Засгийн газрын түвшинд байгуулсан ажлын хэсгүүд, зөвлөлдөх санал асуулга, орон даяар явуулсан хэлэлцүүлэг зэргээс багцалж, хайрцаглаад буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч эрх баригчидтай хамтдаа урагшлуулъя гэсэн уриалга байсан уу гэдэг нь эргэлзээ төрүүлж орхилоо.
Түүний “Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй юм байна. Зүйрлэвэл, бидний хамтран босгосон өрх гэрийн минь суурь, тулгуур баганад алдаа гарч, нурах эрсдэл үүсчихээд байхад бид нурааж, шинээр суурь цутгах, бат бөх тулгуур хийхийн оронд ганц нэг нэмэлт бэхэлгээ хийх, эрсдэл арилсан мэт сэтгэгдэл төрүүлэх гэж өнгөц засвар, будаг түрхэх төдий байдлаар өнөөг хүртэл аргалж иржээ. Одоо аргалж, хуурч хүчрэхгүй хэмжээнд хямрал тулж иржээ. Өрх гэр минь хэдийнээ хазайж эхэлсэн байна” гэх зэргээр эрс шинэчлэл үнэртүүлсэн үгс Х.Баттулга Ерөнхийлөгч төрийн тогтолцооны өөр хэлбэр хүсэж, зорьж буйгаа илэрхийлчихлээ гэж хардахад хүргэв.
Тэрбээр “Хардах, яаран дүгнэхийн оронд хүлээцтэй хандаж, асуудлыг эрүүл ухаанаар шүүн хэлэлцээсэй” хэмээн хүсэж буйгаа тэмдэглэсэн ч түүнийг нэр дэвшүүлсэн намынхнаас нь авхуулаад эл асуудалд тун болгоомжлонгуй хандаж буй нь илт. Төрийн тэргүүний хэлсэн үгийн мөн чанарт “Парламентын одоогийн тогтолцоогоо улам боловсронгуй болгохоос татгалзаж, Ерөнхийлөгчийн засаглалыг илүүд үзсэн зүйл үгүй болов уу” гэх маягтай тайлбарыг лав л АН-ынхан хийж байсан юм. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга мөрийн хөтөлбөртөө “Парламентат ёс болон төрийн удирдлага, нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг боловсронгуй болгож, төрийн тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалах, хүний нөөцийг чадавхжуулж, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэхийн төлөө ажиллана” хэмээн амласныг энд сануулъя.
Харин УИХ-ын даргын гар дээр эхний хувилбар нь ирээд буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл бүхэлдээ одоогийн парламентын тогтолцоог төгөлдөржүүлэхэд чиглэж буй. УИХ-ын дарга ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх, шаардлагатай бол ямар чиглэлээр оруулах вэ гэдгийг хоёр жилийн хугацаанд судалж, эрдэмтэн мэргэд, ард иргэдтэйгээ зөвлөлдсөн. Орон даяар хэлэлцүүлэг явуулж, иргэдийнхээ саналыг авснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн боллоо. Одоо хуулийн дагуу холбогдох байгууллагуудаас санал авч байна.
Өнөөгийн нийгэм, улс төрийн тогтолцоонд тохиож буй саад бэрхшээл, хөгжлийн бодлого, хариуцлагатай, шударга засаглалыг төлөвшүүлэх зорилтыг хангахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь зөв гэдэгт иргэдийн олонх нь санал нэгдэж байгаа. Зайлшгүй шаардлагатайг хийхгүйгээр хэзээ, хэн хийнэ гэж хүлээж суух вэ. Хойш тавих тусам хожигдох эрсдэл ихэснэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэгт улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид орсон. Энэ бол нэг намынх биш, хэд хэдэн парламент дамжин яригдаж, судлан шинжилж, ард түмнийхээ санал бодлыг шингээн, нийтээрээ хамтарч боловсруулсан төсөл. Тиймээс хэлэлцэхийг эрмэлзэх нь зүйтэй” хэмээн онцолсон.
65 гишүүнтэй үнэмлэхүй олонх бүхий эрх баригчид санаа нэгдэж чадвал эхний ноорог нь нэгэнт бэлэн болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад асуудалгүй. Хуулийн хугацаанд хэлэлцдэг төсөв, мөнгөний бодлогоо баталж, Зам, тээврийн хөгжлийн сайдын томилгоо, Хэнтийн аймгийн нөхөн сонгуультай холбоотойгоор гаргасан Үндсэн хуулийн цэцийн шийдвэр зэрэг цаг үеийн шинжтэй зарим асуудлаа шийдмэгц “Эцэг хууль”-д гар хүрэх ажлаас зүрхшээж, зугталгүй бариад авчихвал амжуулж болмоор санагдана. Эрх баригчид хүч түрэн Үндсэн хуулийг өөрчлөх нь гэж АН-ынхан шүүмжилж буй ч Ерөнхийлөгчийн хүчин чармайлт энэ ажлыг урагшлуулахд түлхэц болно гэж найдна. Үгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл “үүц” аятай үлдэх нь.
ЕРӨНХИЙЛӨГЧ
Х.БАТТУЛГА: Үндсэн хуулиар эрс шинэчлэл хийе

- Монгол Улс системийн хямралд нэрвэгдсэн нь тодорхой болж байна. 1992 оноос хойш бүрэлдсэн улс төр, засаглалын тогтолцоо маань Монголын нийгмийн асуудлуудыг шийдэх, зохицуулах чадвараа үндсэндээ бүрмөсөн алджээ.
- Хоёр жилийн өмнөөс илчлэгдэж, яригдаж эхэлсэн “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийг эцэслэх талаар УИХ-ын чуулганыг завсарлуулахгүйгээр хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналыг би гаргасан. Дараа нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх нөхцөл байдал үүссэнийг сануулж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах санал хүргүүлсэн. УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээших нь бас шаардсан, Ерөнхийлөгч санал гаргасан зэрэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болсон тохиолдолд УИХ-ын дарга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх ёстой. Гэтэл үүргээ биелүүлсэнгүй. Хууль тогтоох дээд байгууллага нь баталсан хуулиа үл тоомсорлох болсон нь эрх зүйн хямралын нэгэн тод, бодит жишээ.
- Нийгмийн бүх давхарга, улс төрийн бүлэглэл, судлаачдын хүрсэн ойлголт, нэгдсэн цэг нь засаглалын тогтолцоогоо Монгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан хийх эрс шинэчлэл болоод байна. Үүнийг Үндсэн хуулиар л хийнэ.
- Шинэ Үндсэн хууль, түүнийг батлагсдад “баярлалаа” гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг ирлээ.
Шинэ Үндсэн хууль нь:
- Монголын улс төр, эдийн засаг, баялгийн хуваарилалтад эрх мэдлээ бат тогтоосон хэт цөөнхийн бүлэглэлийн монопол эрх мэдлийг задалж, засаглал, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой, нийгмийн шаардлага, хүлээлтэд нийцсэн, ардчилсан, ил тод, тэнцвэртэй, харилцан хяналттай шударга тогтолцоо болгон өөрчлөх
- Байгалийн болон нийгмийн баялгийн ашиглалт, хуваарилалтыг ил тод, шударга болгон, бүх нийтийн хяналтад оруулах, хариуцлагатай нь давхар уях тогтолцоог бүрдүүлэх
- Үндэсний эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьж, үндэсний ашиг сонирхолд харш олон улсын гэрээ, хэлэлцээр хийх явдлыг эгнэгт таслан зогсоож, хариуцлага хүлээлгэх заалтуудыг оруулж өгөх
- Шүүх, хууль, хүчний байгууллагыг өөрчлөн зохион байгуулж, эрх мэдэлтэнд бус, иргэддээ үйлчилдэг, хуулиа чандлан биелүүлдэг, хариуцлага нь тодорхой, шүүх эрх мэдлийг зохистойгоор эдэлдэг болгон өөрчлөх
- Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэн гаргаж, эдийн засаг нийгмийн амьдрал дахь төр ба намын оролцоо, ажлын заагийг тодорхой болгон, улстөржилт, улс төрийн намын бодлогоос төрийг ангид байлгах нөхцөл бүрдүүлэх
- Монголын нийгмийн жинхэнэ эзэд нь ард түмэн байж, эрүүл, аюулгүй амьдрах, сурч боловсрох, ажилтай орлоготой байх нөхцөлийг нь төр ханган биелүүлэх үүргийг хоосон тунхаглах бус бодитоор хэрэгжүүлэх арга замыг тодорхой заасан, хариуцлагын механизмыг тусгасан байх ёстой.
(УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы нээлтэд хэлсэн үгнээс эшлэв)
УЛСЫН ИХ ХУРАЛ
М.ЭНХБОЛД: УИХ баталсан хуулиа зөрчиж болохгүй

- Монгол төрийн чадавхыг сайжруулах чиглэлд хууль тогтоох байгууллагын анхаарал төвлөрөх шаардлагатай болжээ. Юуны өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал үүнд багтах тул хэлэлцэхийг эрмэлзэх нь зүйтэй.
- Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийнхэн, ард иргэд хамтраад тулгамдсан асуудлаар үндэсний зөвшилцөл хийдэг, гаргасан шийдвэрээ биелүүлдэг тогтолцоонд шилжихийг уриалж байна. Энэ зорилгоор “Үндэсний зөвшилцлийн гэрээ” санаачлан хэрэгжүүлсэн ч болохгүй зүйлгүй.
- Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо, зардлыг 10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриалж байна.
- Төр, засгийн байгууллага, удирдлагууд иргэдийнхээ дунд орж, санал бодлыг нь сонсох, ярилцах, хамтын шийдвэр гаргаж чаддаггүйгээс ажил хаялт, жагсаал цуглаандаа хүрч, эцэст нь арга буюу буулт хийх замаар асуудлыг шийддэг жишгийг халах цаг болсон.
- Намрын чуулганаар хэлэлцэх Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг чангатгах талаар ээжүүдээс гаргасан саналыг тусгах хэрэгтэй. Хүүхэд, залуучуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ногдуулах ял, шийтгэлийн бодлогыг оновчтой тогтооход анхаарч ажиллахыг гишүүдээсээ хүсье.
- Утаанаас дутуугүй иргэдийг бухимдуулж буй асуудал нь авто замын түгжрэл боллоо. Тиймээс импортын автомашины татварыг насжилттай нь уялдуулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гүүрэн болон давхар замын байгууламж барих зэрэг зөв шийдэлтэй арга хэмжээг хугацаа алдалгүй хэрэгжүүлье.
- УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд нэр бүхий гишүүдээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага, Ерөнхийлөгчөөс гишүүдийн шаардлагыг дэмжсэн санал ирүүлсэн. Товчхондоо ээлжит бус чуулганаар АТГ-ын даргыг томилсон УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох санал тавьсан. Авлигын эсрэг хуулиар АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулах тодорхой үндэслэлүүдийг хуульчлан заагаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөх, огцруулахыг хориглосон байдаг. Зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргыг ч биш, төрийн аль ч шатны, ямар ч албан тушаалтныг зөвхөн хуульд заасан үндэслэлээр л албан тушаалаас нь чөлөөлж, огцруулдаг эрх зүйн орчинд бид ажиллаж, амьдарч байгаа. Ийм байхад хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага баталсан хуулиа өөрөө зөрчдөг байж болохгүй.
(УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгнээс эшлэв)