
Д.Гантулгын оронд УИХ-д хэн суухыг шийдэх сонгуулийг хойшлуулахад хүргэсэн Үндсэн хуулийн цэцийн энэ оны 10 дугаар дүгнэлтийг хууль тогтоогчид өчигдөр хэлэлцэн шийдвэрлэх байсан ч яаран шүүрч авсангүй, хойш тавив. Уг нь УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн Цэцийн эл дүгнэлтийг Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо, АН, МАН-ын бүлгийн аль аль нь хүлээн авах боломжгүй хэмээн санал нэгдээд буй. Өөрөөр хэлбэл, төлөвлөсний дагуу дээрх дүгнэлтийг өчигдөр хэлэлцсэн бол “Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй” гэх шийдвэр их суудлын хуралдаан руу шилжих байв. Гэхдээ энэ нь цаг хугацааны л асуудал. “УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй” гэсэн шийдвэр ойрын үед УИХ-аас Цэц рүү шилжих нь тодорхой.
Дүгнэлтийг нь хүлээж аваагүй УИХ-д Цэц ямар хариу барих нь ч бараг тодорхой. Цэц 1992 оны долдугаар сард байгуулагдсанаас 2016 оны аравдугаар сар хүртэл нийт 173 дүгнэлт гаргасан байдаг аж. Энэ нь дунд суудлын хуралдааны шийдвэр гэсэн үг. Эдгээрийн 99 нь буюу 57.2 хувь нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр бөгөөд УИХ 56-г (60 хувь) нь хүлээж аваагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнгөрснөөс үлдсэн жишиг, хандлагаас харвал парламентын баталсан хууль нь Үндсэн хуулийн аль нэг заалтыг зөрчиж байна гэж шийдвэрлэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах дургүй гэж хэлчихэж болохоор байгаа юм. Нэгэнт дунд суудлын хуралдааных нь дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй тохиолдолд Цэц их суудлын хуралдаан хийх хуультай. Харин их суудлын хуралдааны шийдвэр дунд суудлынхыгаа бататгаснаас өөрөөр гарч байсан удаагүй. Тиймээс Цэцээс гаргах шийдвэр нөхөн сонгуульд нөлөөлсөн хэвээр байх магадлал өндөр гэсэн үг.
Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг. Төрийн эрх барих дээд байгууллагаас авхуулаад хэнбугай ч эл шийдвэрийг үг дуугүй биелүүлэх ёстой. Тэгэхээр Сонгуулийн хуульд гар хүрэх шалтгаан нэмэгдэж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, УИХ, Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуулийг нэгтгэсэн, одоогийн Сонгуулийн тухай хуулийг задалж, дахин бие даасан хуулиудтай болгохоос гадна “гар хүрэх” шалтгаан гарч ирэх нь. Гэхдээ энэ нь цаг хугацаанд хавчигдах асуудал. Энэ удаагийн УИХ бүрэн эрхийнхээ хугацааны тэн хагасыг 75-уулаа дуусгах, эсэхтэй холбоотой.
Сонгуулийн тухай хуулийг задлах тухай яриа ээлжит сонгуулийн дараа л гарч эхэлсэн гэхэд болно. Хэлэлцэх асуудлын дараалалд албан ёсоор багтсан хугацаа нь зөвхөн энэ удаагийн ээлжит чуулган ч биш. Үүний өмнөх ээлжит чуулганаар хэлэлцэнэ гэж Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дараалалд оруулсан ч хэлэлцэлгүй өдий хүрсэн. Энэ удаагийн чуулганаар хэлэлцэн батлах нь ч эргэлзээтэй. Өмнөх парламентын жишгээр 2020 онтой уралдан байж нэг юм баталж ч мэднэ. Гэхдээ энэ нь зөвхөн Сонгуулийн тухай хуулийг задалж, УИХ, Ерөнхийлөгч болон Орон нутгийн сонгуулийн тухай гэсэн гурван бие даасан хуультай болох, эсэхийг шийдэхтэй л холбоотой.
Өөрөөр хэлбэл, Цэцийн шийдвэрт нийцүүлэн хийх нэмэлт, өөрчлөлтийг дээрхтэй хамтатгана гэвэл Хэнтий аймагт нөхөн сонгууль болохгүй гэсэн үг. Энэ ч үүднээс харвал их суудлын хуралдаанаас гаргана гэж таамаглаж буй шийдвэрт нийцүүлэн хийх нэмэлт, өөрчлөлтийг Сонгуулийн тухай хуулийг задлахаас өмнө хийж таарах нь. Мэдээж МАХН болон парламентад суудалгүй төлөөллийн хардаж байгаачлан МАН, АН-ынхан нөхөн сонгуулиас айж, Цэцээр захиалгат шийдвэр гаргуулсан гэдэг нь ор үндэсгүй тохиолдолд Цэцийн тогтоолд нийцүүлсэн өөрчлөлтийг Сонгуулийн тухай хуульд оруулах учиртай. Нөгөө талаас Цэцийн шийдвэрт нийцүүлэн хийх өөрчлөлтийг ойрын үед хийе, нэгдсэн хуулийг задалж, тус тусдаа хуультай болгох асуудлыг яаралгүй, нухацтай хэлэлцье гэсэн байр суурийг туршлагатай гишүүд барьж байгаа сурагтай. Өнөөдрөөс эхэлж тоолбол энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жил хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Энэ хугацаанд Сонгуулийн хуульдаа хоёр удаа “гар хүрэх”, эсэхийг ирэх өдрүүдийн улс төр харуулах нь.
Харин нөхөн сонгууль хийх цаг хугацааны боломжийг бид хэдий хүртэл тооцох ёстой вэ. Дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу анх хуралдаанд бэлтгэх шатнаас эхлэн дахин хянадаг. Хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх бөгөөд маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар дээрх хугацаанд дуусахгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно. Бэлтгэл ажиллагаа дууссан гэж үзвэл их суудлын хуралдааны товыг долоо хоногийн өмнө зарлах ёстой. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацааны хязгаарлалтын хүрээнд тооцвол их суудлын хуралдаанаас шийдвэр гаргахад бараг гурван сар шаардлагатай байж мэдэх нь. Энэ нь уг маргаан 2018 оныг дуустал үргэлжилж болзошгүй гэсэн үг.
Хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн хүрээнд нөхөн сонгуулийн санал авах өдөр нь зургадугаар сарын сүүлийн болон аравдугаар сарын эхний ням гараг байх ёстой бөгөөд УИХ үүнээс гурван сарын өмнө товлон зарлах учиртай. Сонгууль товлон зарлах цаг хугацаа давчуу мэт санагдаж болох ч хамгийн ойрын боломжийг ашиглан ирэх оны зургадугаар сарын 30-нд нөхөн сонгууль явууллаа гэхэд тус тойрогт ялалт байгуулсан эрхмийн бүрэн эрхийн хугацаа жил ч хүрэхгүй байх нь. Хэрэв шинэ улстөрч сонгогдвол тангараг өргөж, “танилцах дадлага” хийж байтал 2020 оны сонгуультай золгох нь тодорхой. Шинэ, хуучин улстөрчийн аль нь ч сонгогдсон байлаа тэр хүн тэнд, төрд чин сэтгэлээр ажиллах боломж бараг л бүрдэхгүй. Үндсэндээ Хэнтий аймгийн 42 дугаар тойргийнхон төрд “тал” төлөөлөлтэйгөөр 2020 онтой золгож мэднэ.