“Цаазлагдсан улстөрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын тэргүүн Д.Дашдаваатай ярилцлаа. Өдгөө 86 настай тэрбээр хилс хэргээр эцгээ алдаж, нэлээд зовлон туулжээ. Үе тэнгийн, ижил зовлонтой ахмадуудтайгаа хамтран уг ТББ-ыг байгуулсан аж. Тэрбээр хэлмэгдүүлэлт, үүний улмаас учирсан хохирлын нөхөн олговрын асуудлаар бидэнд хандсан юм.
-Хилс хэргээр амиа алдсан хүмүүсээ нэхэн дурсдаг уламжлал манай улсад бий. Насанд хүрсэн эрчүүдийнхээ 20 хувийг хилс хэрэгт гүтгэж, 15 хувийг буудан хороосон гэх статистик байдаг юм билээ. Таныг энэ талаар нэлээд судалсан хүн гэж дуулсан.
-Тийм шүү. Би үүнийг 20 гаруй жил судаллаа. Ийм айхтар хэлмэгдүүлэлт явуулсан улс хаана ч байхгүй. 1937-1939 онд ЗХУ-д хэлмэгдүүлэлт өрнөж байсан. Гэсэн ч насанд хүрсэн эрчүүдийнхээ 0.5 хувийг л баривчилсан байдаг юм билээ. 258 950 хүн шүү дээ. Үүнээс хэтрүүлэхгүй байх тушаал гаргасан байдаг. Хэдийгээр хэлмэгдэлтэд өртсөн манай улсын иргэдтэй харьцуулахад олон ч, Зөвлөлтийн хүн амд бол бага.
Монгол хэлмэгдүүлэлт судлал гэж бий. Гэхдээ учир дутагдалтай. Намтар судлал тал руу нь хандсан болохоос хэн, яаж хэлмэгдэв, юу хийж байсан, ямар шийтгэл авсан гэх зэргээс авхуулаад суллагдсан, эсэх нь ч байдаггүй. Уг нь энэ бүгдийг нарийн судлах ёстой юм. Үүнээс гадна Монголд яагаад хэлмэгдүүлэлт гарах болов, юунаас үүдэлтэй вэ, хилс хэрэг хүмүүст тулгахгүй байх боломж байсан уу, үүний улмаас ард түмэнд ямар хохирол учруулав, түүнийг яаж барагдуулсан бэ, гадаадын улсууд ямар туршлагаар цагаатгав гэдгийг судлах ёстой. Гэтэл ийм ажил огт хийсэнгүй.
-Манайх 32 мянга орчим хүнийг цагаатгасан гэдэг. Тэгэхээр судалсан юм биш үү?
-Ойролцоогоор 40 орчим мянган хүнийг баривчилж, 30-аад мянгыг нь буудсан гэсэн тойм тоо байдаг юм. Яг, таг гаргасан зүйлгүй. Тийм боломж ч байхгүй. Маршал Х.Чойбалсангийн өврийн дэвтэрт 57 мянган хүнийг баривчилсан гэж бичсэн байдаг юм билээ. Энэ мэтээр тоон мэдээнүүд зөрүүтэй. Яагаад вэ гэдгийг тайлбарлаж болох уу?
-Бололгүй яах вэ.
-Тухайлбал, Дорноговь аймагт баривчилгаа явуулахад эрчүүд шоронд нь багтахгүй байсан болохоор 30 хүнийг буудан хороосон байдаг. Өмнөговь аймагт үүнээс аймшигтай зүйл болсон. Ачиж явах машин нь очихгүй болохоор ахмад настнууд болон өндөр хэргэмтэй лам нарыг буудсан байдаг талаар ДЯЯ-ны хэлтсийн даргаар ажиллаж байсан хүн мэдүүлсэн байна билээ. Хамбын овооны дор 1000-аад хүний яс бий л гэдэг, дахиад ухвал хэдээр ч нэмэгдэж мэднэ.
Эдгээр хүн тоо бүртгэлд орсон уу, бүү мэд. Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогчийн албыг 10 гаруй жил хашсан хүн бичсэн байна лээ, Цэцэрлэгийн лам нарыг тууж аваачаад буудсан гэж. Хэдэн хүнийг буудсан бэ гэдэг нь бас л тодорхойгүй. Гэх мэтээр баримт олон бий. Тэгэхээр тоо бүрэн бус байгаа биз. Маршал Х.Чойбалсангийн Онцгой бүрэн эрхт комисс жил хагас л ажилласан шүү дээ. Тэд 51 удаа хуралдаж, 25 824 хүн баривчлаад, 20 474-ийг нь буудсан гэх албан тоо байдаг. Гэсэн ч энэ бүрэн бус тоо. Х.Чойбалсан л үүнд буруутай. Сталинд худалдагдаад л ийм зүйл хийсэн юм шүү дээ.
-Хүмүүс янз бүрээр, өөр өөрсдийнхөөрөө тайлбарлах нь бий.
-Маршал 1929 онд Цэргийн зөвлөлийн Бүх цэргийн жанжин, орлогч дарга байсан. Одоогийнхоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга гэх юм уу даа. Уг албан тушаалаасаа бууж, Бага хурлын дарга, бүр Гадаад яамны сайд гэх мэтээр буураад ямар ч албан тушаалгүй болсон гэх түүний талаарх баримт байдаг юм. Архинд орж, музейн эрхлэгч хийж байсан гэж бичсэн байв. Гэтэл 1933 онд Сталин түүнийг нутагтаа аваачаад, зургаан сар амьдруулсан байдаг.
Дараа онд нь долоон сар тэнд байсан. Эмчлүүлж байсан гэхээс өөрөөр юу хийж байсныг нь мэдэх хүн үгүй. 1934 оны сүүлчээр намын IХ их хурал хуралдсан. Гэтэл тэр хурлаар гэнэт л Ерөнхий сайдын орлогч болчихсон. Шууд Монголын хоёрдугаар хүн болчихсон байгаа биз. Хойтон жил нь ганцхан түүнийг 20 ширхэг машинаар шагнасан байгаа юм. Ингээд Маршал цол хүртсэн. Бүх цэргийн жанжин Г.Дэмид тэр хоёр уг цолыг хүртэж байсан юм шүү дээ. Г.Дэмид гуайтай ярих юм байхгүй ээ, Х.Чойбалсан л сонин байгаа юм. Гэтэл 1936 оны хоёрдугаар сард ДЯЯ-ыг байгуулж, Маршал Х.Чойбалсан сайд болсон. Ингээд 1937 оны есдүгээр сараас хэлмэгдүүлэлт эхэлсэн шүү дээ. Тэр үед Монгол ЗХУ-аас шууд хараат, өөрсдөө шийдвэр гаргах эрхгүй байсан даа. Цэргийг нь оруулаагүй гээд Г.Дэмид гуайг хороосон гэдэг шүү.
-Хилс хэргээр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн өмч хөрөнгөө хураалгаж, заяагдмал эрхээ ч эдэлж чадаагүй. Таны аавыг хилсээр хороосон гэсэн. Тавлаж байгаа юм биш шүү, Та их зүдэрсэн байлгүй?
-Өрхийн тэргүүнийг нь хороочихоод эхнэр, хүүхдээс нь эд хөрөнгийг нь хураан авсан шүү дээ. Өрхийн тэргүүн, өмөг түшгийг нь цаазлаад, тэр айлыг гуйлгачин болгосон хэрэг. Тэгэхээр 40-өөд мянган айл хэлмэгдсэн байгаа биз. Бүгдийнх нь хөрөнгийг хураасан. Бүр гэрийг нь авч байсан тохиолдол ч бий. Тэгэхээр улсад их хэмжээний хөрөнгө цугласан байж таарна. Түүний ихэнхийг Халхын голын дайнд зарцуулсан байдаг. Харин үлдсэнээр нь барилга, байшин барьсан. Маршал Х.Чойбалсан сүм, хийдийг нураалгаад 31 тонн алт цуглуулж байсан гэх баримт бий шүү.
Өөрийнхөө тухай ярья л даа. Би буриад хүн. Бид гэр бүлийн хамт амьдрахын эрхээр Монголд ирж, мал малладаг байв. Гэтэл Октябрийн хувьсгалаас зугтаж ирсэн гээд аавыг минь буудсан юм. Түүнтэй хамт хоёр ч баавайг хороосон. Ингээд бүх хөрөнгийг нь минь хураасан л даа. Би эхээс арвуулаа, дөрвийг нь өргүүлсэн. Аав минь амьд сэрүүн байхдаа өвөл Хөвсгөл далай дээгүүр тээвэр хийж, биднийг тэжээдэг байлаа. Ингээд бидний амьдрал сүйрсэн.
Би ч үүний уршгаар сурч, мэдэх эрхээ хасуулсан. Тохиолдлоор би л сургуульд сурсан. Долдугаар ангиа төгсөөд МУИС-ийн бэлтгэл ангид сурсан юм. Ингээд шалгалт өгөөд, Олон улсын харилцааны дээд сургуульд элсэх гэтэл “Цагааны оргодол, эсэргүүний хүүхэд” гээд явуулаагүй. Хэрэв явсан бол дипломатч болох байсан сан. Даанч чадаагүй дээ. Аав минь амьд байсан бол бид зургуулаа эрдэм сурч, өнөөдрийнхөөс өөрөөр амьдрах ч байсан юм бил үү, тийм биз дээ.
-Аавын тань амийг хилсээр авсныхаа төлөөсөнд ямар төлбөр төлсөн юм бэ?
-Нэг сая төгрөг л өгсөн. Өнөөдөр Монголын хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрийнхний 87 хувь нь ядуу амьдарч байна. Цагаатгаж, хохирлыг нь нөхөн төлөх тухай хуулийг Монголд ганцхан удаа л гаргасан. Гэтэл Герман гэхэд 10 удаа шинэчилж баталсан байдаг юм. ОХУ гэхэд таван удаа хууль баталсан. Манай хуулиар цаазлуулсан хүмүүст нэг сая, бусдад нь 500 мянган төгрөг олгодог. Харин Германд таван хэлбэрээр хохирол барагдуулдаг юм билээ.
Энэ бол хохирлын төлбөр шүү дээ. Тэгэхээр цаазлуулсан, шоронд суусан, хөрөнгөө хураалгасан гээд бүх ял ялгавартай байх ёстой. Манайд даанч тийм ялгаа алга. Хэлмэгдсэн 18 мянга гаруй хүнд 2010 онд 16 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон гэж байв. Гэтэл өнөөдөр мөн л үүнийгээ ярьж сууна. Яагаад ингэж зовсон хүмүүсийг тоохгүй байна вэ. Тэгэхээр найман жилийн хугацаанд юу ч хийгээгүй байгаа биз. Хүний амийг өмч хөрөнгөтэй нь цуг авчихаад ганцхан сая төгрөгөөр үнэлж байгаа нь нөхөн олговор болж чадахгүй.
-Гэхдээ нэг болон хоёр өрөө байр олгох хууль гарсан. Үүнийг ар гэрийнхэн нь талархан хүлээж авсан шүү дээ.
-УИХ өнгөрсөн нэгдүгээр сард Цагаатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ирэх оноос цаазын ял сонсож, бүх хөрөнгөө хураалгасан хүмүүсийн үр хүүхдүүдэд хоёр, хорих ялаар шийтгүүлсэн бол нэг өрөө байр өгөх боллоо. Хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэн үүнд их талархаж байгаа. Цагаатгалын улсын комиссын дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Энхболд, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн нарт танай сониноор талархаж буйгаа дамжуулъя. Гэтэл ахмадууд үүнийгээ авч чадахгүй болоод байгаа нь харамсалтай.
-Их хэлмэгдүүлэлтийн үед амиа алдсан хүмүүс одоо байхгүй гэдэг. Та энэ талаар ярих гээд байна уу?
-1930-1940 онд хэлмэгдсэн нэг ч хүн байхгүй. Хүүхдүүд нь ч нас бараад дууслаа. Манай байгууллага хоёр жилийн өмнө нийслэлийн Цагаатгалын салбар комиссынхныг шинэчилсэн бүртгэл хийхэд оролцсон. Буудуулсан хүний хүүхдүүд 171 байв. Харин бусад хэлбэрийн ял эдэлсэн хүмүүсийн үр хойч нь 80 гаруй байна гэж тоолсон. Хэлмэгдсэн хүмүүсийн өөрийнх нь хүүхэд 250 гаруй, бусад нь ач, зээ нь байлаа. Шоронд суугаад, хар болсон лам нарын хүүхэд тоймгүй олон. Үнэндээ хэлмэгдүүлэлтийн үеэс өмнө төрсөн хүүхдүүд л хэлмэгдсэн юм шүү дээ. Тэгэхээр урьтаад өнөө, маргаашгүй хоногоо хүлээж буй хүмүүст нөхөн олговрыг нь өгөх хэрэгтэй.
-Таны бидэнд хандсан шалтгаан энэ үү?
-Тийм. Бүх хохирогчид нөхөн олговор өгөхөд хоёр их наяд 261 тэрбум төгрөг гарна. Монгол Улсын нийт төсвийн гуравны нэг. Тэгэхээр хүн бүрт нэг дор нөхөн олговор олгоход бэрх гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ ядаж эцгээ алдаж өнчрөөд, нэмж бүх хөрөнгөө хураалган, гуйлгачин болсон хүмүүст нөхөн олговор өгөх хэрэгтэй байна. Ийм хүмүүсийн 87 хувь нь ядуу байна гэж дээр хэлсэн шүү дээ. Орох оронгүй хүн ч бий. Тэдний хамгийн залуу нь 80 орчим настай.
Тэд хамгийн бага тэтгэвэр тогтоолгосон, төрөөс ямар ч дэмжлэг аваагүй. Боловсролгүй учраас таван үг эвлүүлээд хэлчихэж чадахгүй. Бүгдээрээ өвчин, зовлонтой, үнэхээр өрөвдмөөр. Тэгээд ч олонх нь нас барчихлаа. Бид хоёр жилийн өмнө нийслэлд ийм 171 хүн байна гэж тоолсноо хэллээ. Гэтэл өнгөрсөн жил арав нь нас барсан. Өнөө жил хэдэн хүн нас барсан юм, бүү мэд. Тиймээс бид хоёр санал дэвшүүлмээр байгаа юм. Нэг нь дээрх. Хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдэд нь нөхөн олговрыг эхэлж өгөөч ээ гэж байгаа юм. Ямар сайндаа 2014 онд бид нэгдэж, ийм ТББ байгуулж байх вэ дээ.
Эхэндээ 100-гаад гишүүнтэй байсан бол өдгөө явдаг нь цөөрлөө. Тэнхээ нь ч дийлэхээ байлаа. Би л гэхэд 86-тай шүү дээ. Мөдхөн ингэж явж чадахаа болино биз. Хоёр дахь нь Дорнод аймгийн төвийг Баянтүмэн гэж түүхэн нэрээр нь нэрлүүлэх арга хэмжээ аваач ээ гэж байгаа юм. Үүнийхээ хажуугаар Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн үр нөлөөг нэмэгдүүлж, орон даяар гашуудан, ямар нэг баяр, цэнгүүн зохион байгуулахгүй байхыг хүсмээр байна.
Бэлтгэсэн: Г.Цэцэг