
ПЭЭДГЭР АХЫН БАЯРХАЛ
УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Дүүгийнхээ зээлийг би төлөөд өгчихнө, за юу. Төслийг нь харахад жилдээ 2-3 тэрбумын орлого олох юм билээ. Тиймээс “Ах нь дэмжье, зээлийг нь төлөөд, дээр нь хоёр тэрбум төгрөг хүүгүй зээлдүүлье” гээд хэлчихсэн байгаа, за юу. Тайван байцгаа” хэмээн сэтгүүлчдэд, сэтгүүлчээр дамжуулан монголчуудад баярхав.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас дүүгийнхээ авсан тэрбум шахам төгрөгийн зээлийн талаар ярьж буй нь энэ. Түүний үг иргэдийн эгдүүцлийг төрүүлсэн нь олон нийтийн сүлжээнээс тодхон харагдсан.
Б.Наранхүүгийн баярхуу яриаг баталгаажуулсан дүрс бичлэгтэй хамт “Тийм л юм бол эхнээсээ дүүдээ хоёр тэрбум төгрөгөө өгөхгүй, яах гэж жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд очих мөнгөнөөс хумсалсан юм бэ” гэсэн бухимдал, “Ийм ахтай болох юм сан”, “Би ч уг нь эрдэнэ мэт дүү шүү дээ. Намайг анзаарахгүй бол зээл авчихна шүү” гэсэн егөөдөл өдөржин хөвөрснийг үзээгүй хүн цөөн үлдсэн биз.
Засгийн газар унагах, хэн нэгнийг албан тушаалаас нь огцруулах, эсэхийг шийдэх гэх мэтийн товчлуур дарах хүний тоо амин чухал хэрэгтэй үед л Төрийн ордонд ирэхээс бусдаар УИХ-ын үйл ажиллагаанд оролцдоггүй, тойргийнхоо сонгогчдыг төрд төлөөлж, хууль батлах, бодлого тодорхойлох ажлаа хийдэггүй, үүнийгээ байх л ёстой зүйл мэтээр тайлбарладаг пээдгэр гишүүний үг өчигдөртөө л лав эрх баригч хүчний хөлөө гэдсэндээ хийлцсэн дуулианыг дарж чадлаа. Тэр үнэхээр том юм. Ард түмний хүсэж, шаардаад буй хариуцлага, ёс зүй түүнд огтхон ч падгүй, Монголын төр, улс дэндүү жижигхэн харагдаж буй бололтой.
Төр, засгийн тэргүүнүүд нь хөл тавьсан орон бүртээ, уулзсан хүн бүхнээсээ гуйлга гуйж явдаг ядуу орны парламентын гишүүн Төрийн ордонд улиралдаа нэг орж ирэхдээ өлөн зэлмүүн иргэддээ баярхаад зогсохыг Монголоос өөр газар үзэхгүй биз. Ямар гутамшигтай доромжлол вэ. Бид ийм л төртэй, ийм л түшээдтэй болжээ. Ямар бизнес хийдэг, яаж хөрөнгөжсөн нь тодорхойгүй, “гудамжны хулигаан”-аар ийнхүү доромжлуулсаар суух нь төр, түмний эмгэнэл биш гэж үү.
ИРГЭДИЙГ ГЭНЭН, ТЭНЭГ БАЙЛГАЖ, ТАРХИЙГ НЬ УГААХ НЬ ХАМГИЙН ХОРЛОНТОЙ ДОРОМЖЛОЛ
Төрийн түшээдийн манийгаа доромжилсон нь үүгээр дуусахгүй ээ. Улс төрийн хар, цагаан арга технологи заасан элдэв лоозон, номлолоос “Ард түмэн цагаан цаас, түүн дээр юу ч сараачиж болно” гэдэг үгийг л манай улстөрчид ганц сайн тогтоож авсан шиг байгаа юм. Тэд хүссэнээ ярьж, хүссэн дүрдээ тоглож, биднээр даажигнасаар байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан нь илрэхэд зээлээ төлж, уучлал гуйсан. Мөн Улсын ерөнхий прокурорын газраас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-д оруулж ирэхээр болсон тухай эх сурвалжууд мэдээлж эхлэхэд бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзахад бэлэн хэмээн мэдэгдсэн. Яах вэ, оргүйгээс охинтой гэдэг шиг, нэг их пээдийж байгаад салам баярхчихаад гарсан Б.Наранхүүг бодвол худлаа ч гэсэн уучлал гуйж, бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзахад бэлэн гэлээ.
Гэвч үүнд хууртаж, түүнийг шударга хүн хэмээн магтах ёстой юу. Тэр “Төр тэргүүнээ авдаггүй юм бол арми генералаа авна” хэмээх үгээрээ домог болсон сайн аавынхаа нэрийг бодсон ч, төр, түмний буяныг үе дамжин хүртэж, ямар ч байсан гэдэс цатгалан, мөр бүтэн яваагаа санасан ч, ядаж л өөрийнхөө бүрдүүлэхийг хүсдэг шударга хүн гэсэн имижээ бодоод хуйвалдааны замаар хуваасан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгөнөөс авах хэрэггүй байсан юм. Нэгэнт авсан нь илчлэгдсэн хойно “Бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзахад бэлэн” хэмээн чадахгүй байж том дуугаран, худлаа шоудах нь бүр ч илүүц байлаа. Иргэдийн төрд итгэх итгэл “тэг” заасан, нийгмийн шударга ёсны хүсэмжлэл 97 хувьд хүрсэн энэ цаг үед түүний “Бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзахад бэлэн” гэсэн мэдэгдэл үнэхээр хангалтгүй, бас үнэмшилгүй.
Түүний энэ жүжигт итгэж, уярсан хүн бий л байх. Бас Ж.Энхбаяр шударга хүн гэсэн имиж бүрдүүлэхээр хэлбэрдэж буйгаас биш, мөн чанар нь бусдаасаа ялгаагүй, авах, идэх шуналын сэтгэлээ захирч чаддаггүй, ханаж цадахаа мэддэггүй, сувдаг хомхой нэгэн гэдгийг хийсэн үйлдлээс нь ургуулан дүгнэсэн нь ч цөөнгүй биз. Эцэстээ бид бүгдээрээ түүнд доромжлуулчихлаа. Иргэдийг гэнэн, тэнэг байлгаж, үүнийг нь далимдуулан тархийг нь угаахаар ийн шоудах нь хамгийн хорлонтой доромжлол гэдгийг бид биеэрээ амсаад байгаа билээ. Өнгөрсөн 30-аад жил бид ийм шоунд хууртан, ийм жүжигчдэд итгэл хүлээлгэж, дээш нь гаргасаар ямар байдалд хүрснээ нэг санаарай.
Ингэхэд, эрх баригчид хөнжилдээ хөлөө жийлцэж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудлыг дэлгэн, өндрийг нь авхуулаагүй, олон нийт ингэтэл эсэргүүцэн бухимдаагүй байсан бол шударга дүр эсгэж буй улстөрчид хуудуутай үйлдлээ өөрсдөө дэлгэх байсан уу. Үгүй л болов уу. Тэд үнэхээр шударга хүн мөн үү гэсэн асуултын хариу нь энэ.
БИД ХУДАЛ ХУУРМАГИЙН ҮҮР УУРХАЙ БОЛЖ, ЁС ЗҮЙ ГЭЭЧ ЗҮЙЛ УЛАМ Л АЛСАРЧ БАЙНА
Хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах тухай ярьж үглэсээр, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжийг нэмэгдүүлэхийн тулд Сонгуулийн хуульд тусгай квот хүртэл суулгасны хүчинд энэ УИХ-д түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдоод буй. Гэтэл тэд маань яажшуухан явна даа. УИХ-ын гишүүн Н.Оюундарь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хүүдээ зээл авч өгчихөөд, уучлал гуйхгүй хэмээн тас намжирдаж, гүрийсэн. Эцэст нь, уучлал гуйхгүй бол ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн намын даргынхаа мэдэгдлийн дараа “Би хүний өмнөөс уучлал гуйж байна” хэмээн хэн ч хараад худлаа гэдгийг нь мэдэхээр үг амнаасаа унагасан.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа Засгийн газрын хэд хэдэн тусгай сангийн маш олон тэрбум төгрөгийг хувийн “Капитал” банкаараа дамжуулан хүүлсэн хэмээн шуугьж байна. Харин тэр хар цагаан дуугүй таг байснаа уг мэдээллийг дэлгэсэн сэтгүүлч рүү “Наад мэдээллээ устгачих. Битгий дахиж бичээч. Мөнгө өгье” хэмээн танилаар нь дамжуулан холбогдсон гэх. УИХ-ын гишүүн нь төсвийн (татвар төлөгчдийн) мөнгийг хувийн банкаараа дамжуулан хүүлээд, үүнийг нь илчилсэн сэтгүүлчийг мөнгө аваад амаа хамхи гэж хэлээд сууж байгааг доромжлол гэхээс өөр юу гэх вэ. Ядуу ард түмний түрийвчээ хоослон байж төлсөн татварын мөнгийг хүүгүйгээр аваад, хувийн банкаараа дамжуулан 20-30 хувийн хүүтэй буцааж зээлүүлсэн, түүнийг нь илчилсэн сэтгүүлчийг мөнгөөр дуугүй болгох гэсэн нь үнэн бол үүн шиг муухай доромжлол хаана байх вэ. Энэ бол сүүлийн хоёрхон өдөрт тохиосон гурван жишээ. Бид худал хуурмагийн үүр уурхай болж, ёс зүй, сахилга хариуцлага гээч зүйл улам л алсран холдож буйг илтгэх ийм үйл явдлууд өдөр бүр, цаг тутам тохиолдож байна. Ингэж доромжлуулсаар л суух уу, яах вэ. Гарц байна уу.
Бэлтгэсэн: А.Амина