
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн хуульч байсан Майкл Коэныг сонгуулийн хуулийг зөрчиж конгрессд худал мэдүүлэг өгсөн хэмээн шүүх буруутган гурван жилийн хорих ял оноожээ. Тэрээр Ерөнхийлөгчтэй дотно харилцаатай байсан тухайгаа ярих болсон хоёр эмэгтэйд дуугүй байхынх нь төлөө Трампын сонгуулийн компанид зориулагдсан мөнгөнөөс өгснийг шүүх тогтоожээ.
Яллагдагчийн өмгөөлөгч шүүх дээр Коэныг мөрдөн байцаах ажиллагаатай хамтрахад бэлэн байгаа ч энэ нь урт удаан хугацаа шаардах тул өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ телевизийн камераас нуухыг хүсэж байгааг уламжилжээ.
Майкл Коэн өдгөө 52 настай бөгөөд Трампын багаас 2016 оны Америкийн сонгуульд Оросын оролцоог мөрдөх ажиллагааны хүрээнд хамгийн урт хугацаааны ял авч буй хүн аж. Тэрбээр шүүх хурал дээр Трампын сонгуулийн компанит ажилд өөрийн үүрэг ролийг “Миний үүрэг бол Трампын бохир хэргүүдийг далдлах явдал байсан” гэж тодорхойлсон бол хатуу зарчимч байдлаараа алдартай шүүгч Уильям Поули ялын тогтоол уншхаасаа өмнө “Ноён Коэн хуульч хүнийхээ хувьд хуулийг илүү сайн мэдэх ёстой байсан" хэмээжээ.