
БНСАУ Солонгос хоорондын хэлэлцээрт заасан цэрэггүй бүсэд цэргийн анги нэгтгэлүүдээ байрлуулахаар болжээ. Энэ тухай Умадр Солонгосын Ардын армийн Ерөнхий штаб мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжлав. “Фронтын шугамыг цайз болгон хувиргаж, Өмнөд Солонгостой харилцахдаа цаашид сонор сэрэмжээ нэмэгдүүлэхийн тулд БНАСАУ-ын Ардын арми Солонгос хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулсан цэрэггүй бүсэд анги нэгтгэлээ эргүүлэх байрлуулах төлөвлөгөөг судалж байгаа” хэмээн мэдэгдэлд дурджээ. “Хоёр Солонгосын харилцаа улам дордож буй өнөөгийн нөхцөл байдлыг манай арми анхааралтай ажиглаж байгаа. Нам, засгийн газрын гадаад бодлогын аливаа шийдвэрийг бид цэргийн арга хэрэгслээр хангахад бэлэн байна. Дээр дурдагдаж буй алхмуудаа даруй хэрэгжүүлэхийн тулд бид зэвсэгт хүчний үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, намын Цэргийн төв хорооноос зөвшөөрөл авна” хэмээн Умард Солонгосын Ардын армийн Ерөнхий штабын мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. Улсын дээд удирдлагыг доромжилсон сурталчилгааны хуудас тараасны төлөө "өшөө авах ажиллагааг" зэвсэгт хүчин бэлтгэж байгаа тухай БНАСАУ-ын эрх баригчид Өмнөд Солонгосыг энэ Даваа гарагт анхааруулсан аж. Энэхүү анхааруулгыг хийхээс хоёр өдрийн өмнө БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны Тамгын газрын 1-р орлогч дарга Ким Ён Жон мэдэгдэхдээ, Пхеньян ойрын үед "дараагийн алхам" хийхээр зэхэж байгаа хэмээн мэдэгджээ. Тэрбээр "Өмнөд Солонгостой харилцаагаа таслах хэрэгтэйг” мэдэгдээд дараачийн үйл ажиллагааны талаархи шийдвэрийг "Солонгосын Ардын армийн Ерөнхий штабт үүрэг болгож байгааг" гэж цохон тэмдэглэсэн байна. Ухуулах хуудас тараасныг Пхеньян хоёр талын найрамдлын хэлэлцээрийг зөрчсөн дайсагнасан үйлдэл хэмээн үзэж, энэ сарын 9-нөөс эхлэн БНСУ-тай харилцаа холбооны бүх шугамаа хаасан юм. Тухайлбал, харилцаа холбооны газарт байдаг бүх телефон утас тэр дундаа хоёр Солонгосын цэргийнхэн хоорондын харилцаа холбооны шугамыг, мөн Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны байр, БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордонг холбосон шугамыг хаасан байна.