
АНУ-ын Ерөнхий прокурор Уильям Барр холбооны түвшинд ял эдэлж байсан дөрвөн гэмт хэрэгтний цаазаар авах ялыг гүйцэтгэхийг үүрэг болгожээ. Энэ тухай АНУ-ын Хууль зүйн яамны цахим хуудсанд мэдээлсэн байна. “Дөрвөн алуурчин манай үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шүүхийн бүрэн шалгалтаар орсон бөгөөд өнөөдөр тэдгээр хэрэгтний ялын товыг шийдвэрлэлээ. Бид эдгээр аймшигт гэмт хэргийн хохирогчид болон тэдний гэр бүлийнхний өмнө манай шүүх засаглалаас оногдуулсан ялыг биелүүлэх үүрэгтэй" гэж Ерөнхий прокурорын хэлснийг цахим хуудсанд нийтэлжээ. Эдгээр 4 хоригдлыг хүүхдийн амь хөнөөсөн хэрэгт буруутгасан бол 2 нь мөн насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан байна. Тэдэнд оноосон цаазын ялыг 7 дугаар сарын 13, 15, 17 болон 8 дугаар сарын 18-ны өдрүүдэд гүйцэтгэхээр товложээ. “The Washington post” сонины мэдээлснээр, хамгийн сүүлд холбооны эрх баригчид 2003 онд ялын дээд хэмжээг гүйцэтгэж байжээ. Түүнээс хойш үхлийн тарилга хэрэглэх журмыг зөвшилцөж чадаагүйн улмаас нэг ёсны албан бус моратори үйлчилж байсан аж. Хорь орчим жил завсарласны дараа ийнхүү цаазын ялыг сэргээх тухай өнгөрсөн оны 7 дугаар сард хэвлэлүүд мэдээлж байсан аж.