
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа улс орнуудад коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дэлхийн хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тоогоор АНУ, Бразил, Их Британи, Энэтхэг, ОХУ, Перу, Мексик, Иран зэрэг улсууд тэргүүлж байна. Харин нас баралтын хувьд АНУ, Бразил, Мексик, Испани зэрэг улсууд өндөр бүртгэгдлээ.
АНУ–д өчигдөр 60,900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 773 нас баралт нэмэгдлээ. Тус улсад нийт халдварын тоо 3,4 сая гаруй болсон бөгөөд 135,900 гаруй хүн нас баржээ.
Бразил Улсад долдугаар сарын 14-ний өдөр 39,900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1,233 хүн нас баржээ. Нийт батлагдсан халдвар өссөн дүнгээр нэг сая 966 мянга гаруй болсноос 1,2 сая гаруй хүн эдгэрсэн байна.
БНЭУ-д өчигдөр 29,400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тус улсын нийт халдварын тоо нэг сая дөхөж байна.
Казахстан Улсад лхагва гарагийн байдлаар 1,759 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Нийт батлагдсан тохиолдлын тоо 63,500 гаруйд хүрчээ.
Япон Улсад 24 цагийн байдлаар 288 шинэ тохиолдол батлагдсанаас 280 нь Токио хотод бүртгэгдсэн байна.
Австрали Улсад өчигдөр 61,000 гаруй хүнд шинжилгээ хийж 259 шинэ тохиолдол бүртгэгджээ.
БНСУ-д долдугаар сарын 14-ны байдлаар 61 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барсан байна.
БНХАУ-д өчигдөр дотоодод шинэ халдвар бүртгэгдээгүй. Харин гадаадаас нэг тохиолдол зөөвөрлөгджээ” гэв.