Сүхбаатарын талбайн баруун талын барилгууд монгол үсгээр бичсэн ганган “хувцас”-аар гоёчихож. “Монгол хүмүүн”, “Мөнх хөх тэнгэр” гэсэн уран бичлэгтэй гоёл нь салхинд намирч цаанаа л сүрлэг. “Монгол туургатан”-ы өдрүүдийн хүрээнд зохиож буй “Монгол бичгийн өдөр”-ийн нээлтийн ажиллагаа эхэлж, талбайд байрлуулсан гэрүүдэд Үндэсний номын сан, МУИС-ийн Монгол хэл соёлын сургууль, Үндэсний архивын газраас ховор ном, бичгийн үзэсгэлэн гаргажээ. Чингисийн чулууны бичиг, 71 метр урттай “Эрдэнийн товч”-ийн хуйлмал эх, Гүюг хааны тамгын бичиг зэрэг түүхэн дурсгалууд байв.
Мөн Богдын зуны ордонд засвар хийх үед шалан доороос нь олдсон бичвэрийг дэлгэсэн байлаа. Өдөрлөгийн үеэр монгол бичгийн тухай шүлгийн уралдааны шагнал гардуулах ёслол болж, 50 гаруй бүтээлээс тэргүүн байранд ардын уран зохиолч П.Бадарч, удаах байранд Ц.Бямбажав, С.Алтанцэцэг шалгарав. Тэмцээнийг шүүсэн ардын уран зохиолч Т.Галсан “Бичиг үсэггүй хүмүүсийг бич юм уу сармагчин юм уу, гэж дооглодог. Аз болоход бид бичгийн өвтэй ард түмэн юм.
Өнөөдрийн энэ арга хэмжээ сүүлийн 100 жилд болоогүй үйл явдал. Чингис, Шихихутаг тэргүүтэй есөн өрлөг, бүх бичгийн мэргэд биднээр бахархаж байгаа” хэмээв. Ардын уран зохиолч П.Бадарч “Аливаа үндэстний тусгаар тогтнолын баталгаа нь бичиг үсэг юм. Хүн төрөлхтөн бичиг үсэггүй бол түүхээ юугаар бичих вэ. Түүхгүй үндэстнийг ямар улс гэх вэ. “Монголын нууц товчоо” байгаагүй бол бид түүхээ төсөөлөхөд бэрх. Тиймээс бичгийн соёл гэдэг бол үнэт өв юм” гэв.
Тэрбээр “Эрдэнийн соёмбо шигээ тэнгэрт гэрэлтсэн юм болов уу
Элчээр үүлсийг хөглөгдөж газарт тэргэлтсэн юм болов уу
Таталгахад салхи шиг хурдан бичиг минь
Дуудахад хуур хөглөгдөх мэт уянга эгшигт бичиг минь” хэмээн монгол бичгээ магтан шүлэглэжээ.
Б.ДӨЛГӨӨН