Намрын бороо, хаврын салхи, өвлийн анирыг үл ажрах он цаг урсаж, хаашаа, юунд ч юм яаран, амьдрал хөвөрнө. Заавал ирэх ёстой, эсвэл ирж магадгүй хүн, тохиох ёстой учрал, болох ётой үйл явдлыг хүлээсэн өдрүүд, он жилүүд. Хүлээлт бол хүсэл, бас итгэл. Саад бэрхшээлийг туулан гарах тэнхээ. Юунд ч өвдөг сөхрөхгүй байхын төлөөх тэмцэл. Өөрийгөө хийгээд өрөөлийг таних их аян. Аз жаргалтай хормууд өнөөдөр л тохиож болохыг ч мартаад, хожим, магадгүй хэзээ нэгэн цагт болох бүхний төлөө амьдрахын нэр билээ, хүлээлт.
Амьдрал тэр чигээрээ хү лээлт юм шиг санагдах мөчүүд бидэнд цөөн бус тохиолддог шиг хүсэл биелж, хүлээсэн бү хэн ирэх тэр хоромд мэдэрсэн бүхэн цөхрөл, шаналал, тэсвэр, сэтгэлийн хат, ялалтын амттай юм шиг. Цаг цохилох, цас орох, үс бууралтах, үрчлээ нэмэх тоолонд ухаарал ирэх энэ амьдралын мөн чанар ерөөс хүлээх ч байж мэднэ. Ирээдүйд болох бүхнийг мэдэхгүй учраас бид маргаашийг хүлээдэг, аз жаргал, сайн сайханд итгэн итгэн, энэ бүхэндээ өөрийгөө үнэмшүүлэн, түүн рүү тэмүүлэх хүсэл минь биднийг урагш хөтөлнө. Магадгүй, орон зай, цаг хугацаа гэж үгүй бол хүлээлт гэж байхгүй ч юм билүү. Хүлээлтийг замтай адилтгамаар. Замын дундаас буцах, шантрах, бүхнийг орхих, чиглэлээ өөрчлөх бодол төрдөг. Гэхдээ замыг туулж байж л зорьсондоо хүрнэ. Хэн нэгнийг, ямар нэгэн зүйлийг хүлээхэд цаг хугацаа зогсчихсон юм шиг санагддаг даа, өнгөрч буй мөч бүхний үнэ цэнийг тэгэхэд л бид ухаардаг юм шиг.
Бүгдэд адилхан заяасан, мөнхийн, дуусашгүй, бас хязгаарлагдмал цаг хугацааны өмнө бид өртэй гэдгийг, үүнийг задгай зоос шиг зүгээр нэг үрж болохгүй юм гэдгийг хүлээлт мэдрүүлдэг. Хүлээх бол шалгуур. Замд тохиолдох бүхнийг туулж гарч чадах уу, шантрах уу гэдгээ мэдэх боломж. Бас хүлээсэн бүхнээ авах эрхтэй эсэхээ таних завшаан. Хамгийн их мөрөөдсөн, хүссэн зүйл чинь юу гэдгийг хэлж өгөх багш. Гэвч... Хүлээсэн хүн ирэхгүй, хүссэн зүйл бүтэхгүй бол яах вэ? Бүхнийг туулаад, юунд ч сөхрөлгүй зогсоолдоо ирэх тэр мөчид галт тэрэг аль хэдийнэ хөдөлчихсөн байвал яах вэ ? Урам зориг чинь хугарч, дэмий зүйлийн төлөө өчнөөн их цаг хугацааг өнгөрүүлсэн мэт санагдвал бас яах вэ?
Тохиолдлын зүйл гэж үгүй. Хүлээж, тэв чиж, өөрийгөө таньж, өвдөг сөхөрч, дахин босоод урагш алхсан тэр өдрүүд чинь танд үлдэнэ. Уучилж, үдэж, өрөвдөж, өгч чадсан тэр сэтгэлээс өөр өнгийн, гэгээн, үл мартагдах аялгуу эгшиглэнэ. Хүлээсэн бүхэн ирээгүй ч бид хүч чадалтай, өмнөхөөсөө илүү ухаантай болно. Хуучин найдварын оронд шинэ итгэл мэндэлж, тохиолдсон бүхнээс туршлага үлдэх тэр үед аз жаргал, амар амгалан, хайр, итгэлийг жинхэнээр нь харж танина. Он жилүүдийн хаа нэгтээ гээгдэж үл - дээд, сэтгэлийн мухарт хар цагаан зураг шиг бүдэг бадаг дурсагдах олон хүн, үйл явдал одоо бидэнд яагаад чухал биш юм? Яагаад гэвэл жинхэнэ хүслээ бид хүлээлтийн ачаар таничихсан ч юм билүү.
Õ.ÎÄÎÍ×ÈÌÝÃ