“Тэр охиныг чи аварсан уу”
Үхэх шиг амархан юм алга гэдэг бил үү. Энэ бол зөвхөн үйлдлийнх нь хувьд ярьж байгаа хэрэг шүү. Алахаа хүрвэл нэг кадр ч хүний амийг бүрэлгэх хүч агуулдаг гэдгийг 34-хөн настай гэрэл зурагчин гэрчлээд тэнгэрт одсон юм даа.
Кэвин Картер. Эзнээ алдрын тавцанд гишгүүлж, үхлийн олсонд шургуулсан эзтэй зургийг тэр дарсан. 1993 онд Суданд ажиллаж байхдаа дарсан гэрэл зургууд нь 1994 оны Пулитцерийн шагналын шилдгээр төвөггүй шалгарав. Мэдээж баярласан, найзуудтай нилээд лонхны бөглөө онгойлгосон биз. Гэтэл!!! 1994 оны тавдугаар сарын 24 Картерийн хувьд аймшгийн өдөр болохыг тэр тооцоолсонгүй.
Колумбын их сургуулийн дурсамжийн номын санд оны шилдэг зурагт олгодог Пулитцерийн шагналаа гардсаных нь маргаашаас эхлээд “Тэр охиныг чи аварсан уу?” гэх асуултыг амтай болгон түүнээс шалгаав. “Юу билээ”, “Би яалаа...”. Тэр авраагүй.
Машины цонхоор толгойгоо шургуулаад ажлаа хийчихээд л буцсан. “Өрөвтас охиноор хооллосон нь тодорхой” Ямар ч тэнэг хүн энэ зэргийн гаргалгаа хийх нь мэдээж. Үнэндээ гэрэл зураг Пулитцерийн шагнал хүртэж, олонд хүрэхээс өмнө дэлхийн хамгийн олон захиалагчтай “New York Times” сонины 1993 оны тавдугаар сарын 23-ны дугаарын тэргүүн нүүрийг чимэглэж амжсан. Харин шүүмжлэгчид тэр үед яагаад амаа хамхисан байх вэ?
“Necklecing”
34 нас, гэрэл зурагчны хувьд ид хийж бүтээдэг, ёстой нөгөө төгөлдөршиж эхэлдэг үе байв. Өмнөд Африкийн гэрэл зурагчин, “Bang Bang” гэрэл зургийн клубын нөлөө бүхий гишүүн. Либерал үзэлтнүүдийн гэрт бяцхан “либералч” болж хүмүүжсэн, цагдаа болохыг хүсдэг байдаг л нэг хөвгүүн.
Эмзүйч мэргэжлээр суралцаж эхлээд удаагүй байхдаа сургуулиа хаяж, армид алба хаасан ч тэр дөрвөн жилд эх орондоо ч өөртөө ч гавъяа байгуулж чадаагүй. Цагдаа болох хорхойгоо цэрэг болж дарах гэсэн хүсэл нь унтарч. Тэр үед багаасаа зураг авах авъяастай, кадр дарах бөөн дураа мэргэжил болгон ашиглах санаа төрж, 1983 онд спортын сурвалжлагчаас гараагаа эхлэв.
1984 онд “ Johannesburg Star” сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар орж, тэнд мэргэжлийн хувьд өсөж дэвжсэн гэдэг. 1985 онд Өмнөд Африкт болсон мөргөлдөөний үеэр авсан “Necklecing” сэдэвт зураг нь түүнийг олон улсад таниулав. 1993 оны тавдугаар сарын 11-нд НҮБ-ын хамгаалагчидтай Судан явав. Кэвин Картер очоогүй л бол тэр онцгой үйл явдал гэх мессэж Өмнөд Африкт тархсан байдаг байж. Цааш юу болсныг бид нэгэнт мэдсэн.
Алдрын тавцангаас үхлийн олс руу
1994.07.27 Фиелд төвийн дэргэд, Braamfontein Spruit голын хөвөөнд тэр машинтайгаа очжээ. Багадаа тоглодог байсан тоглоомуудаа гартаа барьчихсан, бас үхлийн эм-карбон моноксиде... тэр үхэхээсээ өмнө ийн бичжээ.
“Би сэтгэл санааны хямралд орсон...түрээсийн мөнгө...хүүхдэд тусалж чадаагүй...өр мөнгө...!!! Хүүхдийг өрөвтас идэх нь тодорхой байхад би хаяж явсан, новшийн кадрыг дарсан... Хэрэв Кентэй нэгдсэн бол...би азтай эр байх байж”
Т.Жигүүр