НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКОгийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Далайжаргалтай ярилцлаа.
-Манай улс саяхан хадны сүг зургийг ЮНЕСКОгийн байгалийн өвд бүртгүүллээ. Энэ нь манай улсын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байгалийн хэд дэх өв болж байна вэ?
-Байгаль соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн 1972 оны Конвенц байдаг. Энэ нь дэлхийн улс орнуудад буй байгалийн болоод соёлын өв болох дурсгалт газар нутаг, хөшөө дурсгал, хот зэрэг түүх дурсгалын үнэт зүйлийг бүртгэдэг конвенц. Монгол Улс тэр конвенцэд 1990 онд гишүүн болсон. Түүнээс хойш хоёрхон өвийг бүртгүүлсэн байдаг. Эхнийх нь Увс нуурын ай сав газрыг ОХУ-тай хамтарч бүртгүүлсэн.
Удаах нь 2004 онд Орхоны хөндийн дурсгалт газрыг бүртгүүлсэн байдаг. Өнгөрсөн зургадугаар сарын 19- 29-нд Парис хотноо болсон Дэлхийн өвийн хорооны хурлаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолборыг Дэлхийн өвийн хороо хэлэлцэж бүртгэх шийдвэр гаргасан. Уг нь Дэлхийн өвийн хороо хоёр жилийн дараа дахин хэлэлцэх шийдвэр гаргасан байсан юм. Харин манай төлөөлөгчдийн идэвхтэй чармайлтын үрээр хэлэлцэж бүртгэх нь зүйтэй гэж үзсэн.
-Манай улсад түүн шиг хадны сүг зураг олон байгаа шүү дээ.
-Тийм учраас хэсэгчилсэн байдлаар бүртгүүлсэн хэрэг. Эхний ээлжинд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дахь Арал толгой, Шивээт хайрхан, Улаан хус сумын Цагаан салаа, Бага-Ойгорын хадны зургийг хамаарч байгаа юм. Дараагийн ээлжинд Ховд аймаг дахь Хойд цэнхэрийн агуйн зургийг бүртгүүлэх төлөвлөгөөтэй. Гэхдээ ЮНЕСКО-гийн эксперт болон Дэлхийн өвийн хорооны зөвлөмжийг харна.
-Соёлын өвд бүртгүүлэхийн ач холбогдол нь юу вэ?
-Монгол Улсад олон мянган жил оршин тогтносон баялаг байгаль, соёлын өвтэй юм гэдгээ баталж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаа хэрэг. Хоёрдугаарт, бидэнд байгаль, соёлын өвөө цаашид конвенцийн дагуу хадгалж хамгаалах үүрэг ногдож байна. Соёлын өвийг хадгалж, хамгаалах чиглэлээр ЮНЕСКО-гийн хоёр том конвенц байдаг.
Байгаль соёлын өвийг хамгаалах конвенц. Одоогийн байдлаар дэлхийн 153 орны 936 байгаль, соёлын өвийг ЮНЕСКО бүртгээд байна. Эдгээр 936 өв нь соёлын биет өв гэдэг бөгөөд үүнд хадны сүг зураг хамаарагдаж байгаа. Нөгөөх нь Соёлын биет бус өвийг хамгаалах конвенц. Энэ конвенцэд манай улс 2005 онд нэгдсэн. Үүнд бий биелгээ, цуур хөгжим, хөөмий зэрэг найман өвийг бүртгүүлээд байна. Хамгийн сүүлд хөөмий, наадам, бүргэдийн анг бүртгүүлсэн шүү дээ.
-Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгүүлэх гэж байгаа тухай сонссон. Энэ ажил ямар шатандаа явна вэ?
-Бурхан Халдуныг байгалийн өвд бүртгүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Түүний дагуу ЮНЕСКОгийн Монголын Үндэсний комисс, БОАЖЯ, БСШУЯ-тай хамтарч нэр дэвшүүлэх бэлтгэл хийх юм.
Дэлхийн өвийн Монголын Үндэсний хороо байгуулагдсан. Хорооны даргаар БСШУ-ы дэд сайд Ч.Куланда ажиллаж байгаа. Гэх дээ зөвхөн Бурхан Халдунаар зогсохгүй Отгонтэнгэр, Богд хан уулыг хамтад нь соёлын өвд бүртгүүлэхээр ажиллана. Тодорхой төсөв байгаа.
Мөн ЮНЕСКО-гоос санхүүгийн болон мэргэжлийн арга зүйн туслалцаа авна. Соёлын өвд бүртгүүлэхийн тулд их бэлтгэл хийдэг. Зөвхөн уулыг биш тэр уулыг шүтэх, тахих зан үйл, ёс заншил нь соёлын өв болж байгаа юм. Байгалийн хосгүй өвийг тойрсон зан заншлыг бүртгүүлдэг. Энэ жилдээ багтаан нэр дэвшүүлэх бэлтгэл ажлаа хийнэ. Мөн ЮНЕСКО-гийн эксперт ирж ажиллана.
-Манай улсад ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал зочлох гэж байна. Айлчлалын зорилго юу вэ?
-Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар айлчлах юм. Монгол үндэсний их баяр наадмыг үзэж сонирхоно. Монгол Улсад ЮНЕСКО-гийн дөрвөн Ерөнхий захирал айлчилж байсан. Одоогийн Ерөнхий захирал хоёр жилийн өмнө сонгогдоод, Азийн орнуудаас БНХАУ, Вьетнам, Японд айлчилсан.
Надад байгаа мэдээллээр Азийн дөрөв дэх орон манай улс болж байгаа юм. Ирэх жил Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүн болсны 50 жилийн ой тохионо. Өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд ЮНЕСКО манай улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа, холбоо, мэдээллийн салбарт маш их зүйлийг хийсэн. Ганцхан жишээ хэлэхэд, ШУТИС, МУБИС-ийг үүсгэн байгуулахад мөнгөн тусламж, багш нарыг бэлтгэхэд тусламж үзүүлж байсан. ШУА-ийн Химийн хүрээлэн, Мэдээллийн төв зэрэг олон байгуулага хаалгаа нээхэд туслалцаа үзүүлсэн.
Энэ айлчлалын үеэр МҮОНТ-ийн хоёрдугаар сувгийг нээх гэж байна. Энэ бас ЮНЕСКО, НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагын хамтарсан төслийн хүрээнд хийж байгаа ажил. Айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-той харилцаа, хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурна. БСШУ-ы бүх салбарт зургаан жилийн хугацаанд хийх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлно. Үүнд маш олон зүйлийг тусгасан. Бид цаашид хоёр талын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна
-Соёлын болон байгалийн биет өвийг бүртгүүлэх нь тухайн улсын нэрийн хуудас болно биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Тэр улс ямар түүх соёлтой вэ, гэдгийг ЮНЕСКО-гийн гишүүн 193 улс хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Хадны зургийг зөвхөн Төв Азийн орнуудад, эсвэл Францад л байдаг гэж ойлгодог байсан бол одоо Монголд түүнээс илүү сонирхолтой хадны сүг зураг байна гэдгийг хүлээн зөвшөөрлөө шүү дээ. Соёлын өвд бүртгүүлэхэд нэгдүгээрт, Монгол Улсын нэр хүнд өснө. Цаашид хадгалж хамгаалах боломж нээгдэх юм.
-Соёлын өвд бүртгүүлсэн үнэт зүйлээ хадгалж хамгаалах ажлыг манай улс өөрийн хөрөнгөөр хийх үү, эсвэл ЮНЕСКО-гоос дэмжлэг үзүүлдэг үү?
-Янз бүр. Үүнийг ангилах категор байдаг. Аюулд өртөж байгаа үнэт зүйлийг хамгаалахад ЮНЕСКОгоос яаралтай тусламж үзүүлнэ. Биет бус өвийг ч гэсэн яаралтай хамгаалах шаардлага гарвал ЮНЕСКО тусламж үзүүлдэг. Үнэт өв соёлоо ЮНЕСКО-д бүртгүүлсний дараа Конвенцийн дагуу тухайн улсын Засгийн газар нь Хамгаалалтын захиргаа байгуулна. Хамгаалалтын захиргаа ажлын менежмент, төлөвлөгөө боловсруулна. Тэр бүгдийг зохион байгуулахад ЮНЕСКО-той хамтран ажиллана.
-Хамгийн олон өв соёлоо бүртгүүлсэн ямар улс байдаг вэ?
-Европын орнууд. Тэр дундаа Герман, Франц улс, Азиас БНХАУ, БНЭУ ордог. Манай улс бусад оронтой харьцуулахад идэвхтэй ажиллаж байгаа орны тоонд багтдаг. Байгалийн гурван өв бүртгүүлсэн. Орхоны хөндий, Увс нуурын ай сав газрыг Дэлхийн өвд бүртгүүлснээс хойш гишүүн орон хадгалж, хамгаалах талаар юу хийсэн талаар дунд хугацааны тайлан илтгэлийг ирэх жил Дэлхийн өвийн хороогоор хэлэлцүүлнэ. Бүртгүүлсэн өвийг хадгалж хамгаалах нь гишүүн орны гол үүрэг.
Э.Энхмаа