ДАЛД ЕРТӨНЦ
Би яагаад түүний дэргэд сууснаа одоо болтол ойлгож чаддаггүй юм. Эхнэр хүүхэд маань гадагшаа явчихсан болохоор хийх юмаа олж ядаад, шар айраг уух санаатай бааранд ортол хүн ихтэй байж билээ. Хэд хэдэн суудал сул харагдсан боловч яагаад ч юм би тэр хүний хажууд байсан хоосон сандал дээр очиж суув.
Тэрбээр хаана ч байдаг жирийн нэг эр боловч түүний ширтэх гярхай харцанд бусдыг өөртөө татах ер бусын нэгэн хүч байх шиг санагдсаныг нуух юун. Хоёр аяга шар айраг, 50 грамм архи уусныхаа дараа зориг орж, түүнээс “Таны харц чинь төөнөх шиг болж байна. Өөрөө ховсчин биш биз” гэж асуувал, “Үгүй дээ, би зүгээр л аавыгаа дууриасан хүн” гэж хэллээ. Тэгснээ надад ийн ярьж билээ.
Миний эцэг хөдөө төрж өссөн хүн. Манайх гачигдаж зовох юмгүй эгэл амьдралтай айл байлаа. Гэхдээ манайхнаас хүмүүс зайгаа барьдагсан. Тэгэхэд дотуур байрны хоёр сурагч “Хараалчийн хүүхэд явж байна. чимээгүй, болгоомжтой бай” гэж шивнэн ярьж байсан нь санаанаас гардаггүй юм.
Үнээний сүү татарвал, эсвэл морины хөл хугарвал бүгд л манайхаас боллоо хэмээн шивэр авир хийдэгсэн. Би бага байсан болохоор нарийн учрыг нь сайн мэддэггүй байлаа. Аав хүний фото зургийг хараад ном уншиж байгаа юм шиг өнгөрсөн,одоо,ирээдүйн амьдралыг нь ярьдаг байсан. Хавар юмсан.
Манайд хотоос нэг зочин ирлээ. Тэрний унасан машин, гоё хослол одоо ч нүдэнд харагдах шиг болж байна. Түүнийг явсны дараа аав нэг хэсэг бодлогоширон суулаа. Тэгснээ “Манайх хот руу нүүнэ. Хангалттай их мөнгөтэй баян чинээлэг амьдрах болно” гэж аав минь хэлэв. Аавын харцаар байдаг ээж минь “Эндээс явсандаа ч яахав. Ямар биднийг хүн гэж тоодог биш” хэмээв.
Ингээд бид хот руу нүүж, дөрвөн өрөө байранд орлоо. Минйи хувьд, хэнч биднийг мэдэхгүй байгаа нь сайн хэрэг байлаа. Одоо биднийг хэн чхараалч гэж хэлэхгүй. Ямар нэгэн сайн муу явдалд биднийг буруутгахгүй гэж бодохоос сэтгэл өег байв. Харин аавын хийж байгаа ажил надад сонин санагддаг байсан юм.
Манайхыг хот руу нүүхийг зөвлөсөн нөгөө зочин үргэлж ирдэг болов. Тэгэхдээ аавын өрөөнд ороод хаалгыг нь чанга хаачихаад ямар нэгэн нууц зүйл ярьдаг байсан. Нэг удаа тэр хаалгаа гүйцэд хаасангүй. Би тэдний юу хийж байгааг завсраар нь харж, яриаг нь сэмхэн чагнав. Тэр нэг зураг гаргаж ирснээ “Энэ новшийн учрыг олоод аль” гэв. Аав зурган дээрх хүний духан дээр улаан харандаагаар тэмдэг тавьлаа. Дараа нь тэр тавьсан тэмдэгээ шөвгөөр хатгахад цус гоожиж байгаа юм шиг сонин харагдав. Аав “За ингээд чиний саад ариллаа” гэж зочинд хэлэв.
Төд удалгүй сонин дээр гарсан нэг эмнэлгийн мэдээг аав чанга уншихад ээж минь, “Бурхан сайн төрөл олох болтугай” гэж залбирч билээ. Хожим би эмнэлгийн мэдээнд гарсан зураг мөнөөх зочны аавд өгсөн гэрэл зураг хоёр нэг хүнийх гэдгийг нь мэдэв. Аав минь тэр хүнийг хараачихаж.
Энэ явдлаас хойш удалгүй мөнөөх зочин нэг хүүхнийг дагуулж ирэв. Хүүхэн “Тэр намайг хуурч мэхлэн өөр хүүхний араас гүйгээд зогсохгүй надаас явахаар шийдлээ. Түүнийг цээрлүүлээд өгөөч” гэв. Аав хүүхний авчирсан гэрэл зургийг харснаа “Энэ чинь залуу хүн байна. Ноцтой нүгэл үйлдэх насандаа хүрээгүй байна ш дээ” гэж хэллээ. Тэгтэл байнгын зочин нөгөө эр хажуунаас нь, “Чи юун олон үгтэй юм бэ. Зүгээр л миний хий гэснийг хий. Наадах чинь манай дүү хүүхнийг гомдоогоод байгаа юм” гэв. Аав зурган дээрх хүний нүдийг шөвгөөр хатгаж, бас нэг хүчил шиг шингэн юм нүүр рүү нь цацлаа.
Долоо хоногийн дараа телевизийн оройн нэвтрүүлгээр нэгэн залуу дуучин гэнэт нүүр нь түлэгдэн, нүд нь сохорсон тухай мэдээ гарав. Ээж минь тэр мэдээг сонсоод учиргүй уйлж, “Одоо болноо. Хэдүүлээ эндээс сэмхэн нүүе” гэж хэллээ.Аав түүнд юу ч хариулсангүй. Энэ явдлаас хойш нөгөө зочин манайд ирсэнгүй бараг хагас жилийн нүүр үзлээ. Ижий минь сэтгэл ч тайван байх болов.
Тэгтэл нөгөө золигийн зочин ирлээ. Аав түүнтэй бараг хагас цаг хэртэй ярилцсан. “Хоёулаа одоо ийм юм хийхээ болъё” гэж аавыг хэлэхэд, зочин “За, энэ хамгийн сүүлчийнх болог. Тэгэхдээ хэний ачаар өдий зэрэгтэй яваагаа сайн санаарай. Чамд зургаар хүнийг мэргэлж бас хашраах чадвар байгааг чинь анх мэдэрсэн хүн бол би. Миний ачаар л чи баян чинээлэг болсон” гэв.
Тэгтэл аав “ Надад сүүлийн үед муу совин төрөөл байдаг болсон. Манай гэрт бас танайд муу юм тохиолдох юм шиг санагдаад байна” гэвэл зочин “Зүгээр ээ. Энэ новшийг нөгөө ертөнц рүү явахад хэн ч уйлахгүй” гэж хэлэв. Аав зочны авчирсан зургийг удтал харж нэг юм амандаа шивнээд, хоолойгийн хутгаар хэрчиж, улаан будаг зураг руу цацав. Гэрийнхнийхээ яриаг сэм сонсвол нөгөө зурган дээр байсан хүн машины осолд орж, их тарчилж нас баржээ. Зочин манайд баяртай гэгчийн ирж, аавд цүнх дүүрэн мөнгө өгснөөс гадна аав ээж хоёрыг зоогийн газар хоол идүүлэхээр авч гарав. Харамсалтай нь тэр гурав эргэж ирээгүй юм.
Гурвуулаа гэнэтийн ослоор нас барж, намайг асрамжийн газар хүргэж өгөв. Манай сууц, аавын цуглуулсан их мөнгийг ээжийн дүү авсан гэсэн. Гэхдээ тэр дүү нь удалгүй үйлдвэрийн ослын улмаас тахир дутуу болсон.
Би насанд хүрсэнийхээ дараа өөрийгөө ер бусын хүчтэй гэдгээ мэдэрсэн. Нэг удаа газраас танихгүй хүний фото зургийг олсон юм. Үл таних этгээд хаана амьдардаг юу хийдэг хүн болохыг нь зурагнаас уншиж мэдсэн. Тэгээд өөрийгөө шалгаж үзсэн чинь миний бодол яг таарч байсан. Үүнээс хойш би өөрөөсөө айдаг болсон. Би аав шигээ нүгэл үйлдэж амьдрал сүйрүүлмээргүй байна.
Тэр танихгүй эрийн яриаг сонсоод дотор хүйт оргиж, бараг шил архи уусан ч согтоогүй. Энэ явдлаас хойш гурван сар өнгөрсөн ч түүний зүс царай мартагдсангүй. Харин өнөө өглөө телевизийн нэвтрүүлгээр зам дээр болсон ослын улмаас оршин суугаа хаяг нь тодорхойгүй нэг хүн нас барсан тухай мэдээллэв. Зургийг нь хартал нөгөө бааранд байсан хүн дүрээрээ мөн байлаа.