Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн нээгдлээ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг босгоход олон хүн хувь нэмрээ оруулсан. Энэ ажлыг зохион байгуулсан дүүргийн Засаг дарга Д.Ганболдтой уулзаж, цэцэрлэгт хүрээлэн боссон түүх, энэ хүрээлэнгийн бэлгэдлийн талаар ярилцлаа.
-Цэцэрлэгт хүрээлэн баригдах мөчөөсөө эхлээд сайн, муу үг дуулгасан. Ямар ч гэсэн Та бүхэн амласандаа хүрчээ. Цэцэрлэгт хүрээлэн барих санаа хэзээ төрсөн бэ?
-Ажил хийж байгаа хүмүүст сайн, муу хэлэгдэхээс аваад янз бүрийн бэрхшээл тохиолддог. Тэр бүхнийг бид анхааралдаа авч, боломжийн санаануудыг тусгасаар ирсэн. Сонгогч түмний итгэлийг хүлээн Засаг даргын ажил авахдаа юуны түрүүнд иргэдийн тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлсэн ногоон дүүрэг болгох юм шүү гэж бодсон. Энэ орчмыг хэн бүхний цуглаж алжаал тайлдаг газар байгаасай гэж бодож байсан. Анхнаас нь цэцэрлэгт хүрээлэнгийн зураг гаргахдаа оюунлаг монголчуудын амралт зугаалгын газар байх юм шүү гэж төлөвлөсөн. Тэр санаа маань явсаар, олны дэмжлэг авч хөгжсөөр цэцэрлэгт хүрээлэн болж үүдээ нээлээ. Манай цэцэрлэг хүүхэд тоглож, залуус болзож, настан буурлууд маань залуу насаа дурссан тийм орчин болно гэдэгт итгэж байна. Энэ газрыг чингэлтэйчүүд Дорнын их яруу найрагчийнхаа, ирээдүйн их найрагчдынхаа төлөө хав даран байж авч үлдсэн. Хүрээлэнг байгуулахад зөвхөн манай дүүргийнхэн төдийгүй их найрагчаа хүндэтгэдэг байгууллага, хувь хүн оролцсоныг хэлмээр байна. Яг цэцэрлэгт хүрээлэн босгох ажилд 4О гаруй хүн гардан оролцсон. Энэ ажилд бие сэтгэлээ зориулсан хүмүүст талархаж байна. Бид хүмүүсийн хүсэлд нийцэхүйц хүрээлэн байгуулах гэж хичээн зүтгэсэн.
-Явуухулан найрагчийн цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавьснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн. Ямархуу шийдэл зохиомжтой босох бол гэж хүмүүс сураг тавьж байсан. Түүний хөшөө дурсгалыг хэрхэн бүтээв?
-Их найрагчийн элдвийг эргэцүүлэн суугаа хөшөөг цэцэрлэгийн зүүн хойморт хүрлээр цутган босголоо. Тэрбээр “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Би хаана төрөө вэ?”, ”Алаг дэлхийд төрсөн минь учиртай” гэхчлэн алдарт найргуудаа бодож суугаагаар бүтээсэн. Бид их найрагчийн дүрийг аль болохоор тухайн цагийн эгэл атлаа эгэлгүй дүрээр нь мөнхлөхийг хичээсэн. Сууж байгаа сандал нь гэхэд л яг түүний үед хотын цэцэрлэгт хүрээлэнд тавьдаг байсан сандал байх жишээтэй. Өмссөн хувцас нь тэр үеийн хүмүүсийн өмсдөг байсан даруухан хослол.
Илүү дутуу гоёл чимэггүй. Энэ шийдлийг сонгосны учир гэвэл ийм л эгэл жирийн хүмүүсээс ямар агуу бүтээл гарсан бэ гэдгийг хойч үеийнхэн нь дурсаг гэж бодсон хэрэг. Хэн бүхэн их яруу найрагчийн дэргэд суугаад зургаа татуулах амьд хэлхээ үүсгэх боломж бий болгохыг хичээсэн.
Хүрээлэнгийн баруун хойморт Монгол Улсын газрын зургийг хүндэтгэлтэйгээр байрлуулж дээр нь “Би хаана төрөө вэ?” хэмээх алдарт мөрийг бичсэн байгаа. Монгол хүн бүр өөрийн төрсөн бууцтай. Нийгмийн үсрэнгүй хөгжил, дэлхийн даяаршил, эх захгүй нүүдэл, суудал болсон энэ цаг үед Тэхийн зогсоол, Хүүшийн өвөлжөөгөө эргэн санахад нь хэрэг болж магад гэсэндээ хэсэгхэн саатан нэг сая 565 мянган км хавтгай дөрвөлжин нутаг дахь төрсөн бууцаа ил хараасай гэж энэхүү зохиомжийг шигтгэсэн юм.
-Цэцэрлэгт хүрээлэнгийн байгууламжид байгалийн чулууг ихээр ашигласан байх юм. Талбайн төвд байрлуулсан усан оргилуурыг дан чулуугаар бүтээж, төвд нь мөнгөн аяга давхарлаж өрсөн байна. Ээж хайрханы есөн тогоо шиг. Энд ямар нэгэн сонин содон ид шид байна уу?
-Та зөв ажиглажээ. Энд дорнын их яруу найрагчийн бүтээлээс санаа авсан нэгэн зангилаа байгаа юм. Том, жижиг гурван аяга нь өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн, басхүү сав ертөнцийн бэлгэдэл. Мөнгөн аяга үргэлжид Туулын усаар дүүрэн халгин, цалгиж байх болно. Аяганы дээр чандмань эрдэнийг байрлуулсан байгаа нь учиртай.
Нийслэлчүүд бид түмэн үедээ хатан Туулаасаа ундаалсан. Хойшид ч тэр ундаа үл тасрахын бэлгэдэл чандмань эрдэнийг энд тахилаа. Хэн бүхэнд мөнгөн аяганд мэлтэлзэн буй Туулын тунгалаг усыг хараад их найрагчийн агуу хайрын тухай мөнхийн мөрийг санаж, мөнгөн аяга шиг уран гоо мутраас нь мөнхийн усыг уух монгол бүсгүйн хайр халамжийг бахдан санах юм. Энэ оргилуур таны хэлснээр ид шидтэй.
Давхарласан аяга Туулын усаар бялхан оргилохуйд хөгжим эгшиглэж, ус бүжиглэх юм л даа. Бид гурван мөнгөн аягыг Төв аймгийн Эрдэнэ сумын боржин чулуугаар хийсэн. Хамгийн том суурь аягыг долоо, дунд аягыг тав, жижгийг нь хоёр тоннын ургаа чулууг монгол ур чууд сийлж хийсэн. Монгол урчуудын ур, ухаа ныг шалгасан, цаг хугацаа зарсан ажил болсон. Ургаа чулууг ухаж, цэцгэн хээ товойлгон цохино гэдэг монгол чулуучны авьяас чадлыг сорьсон ажил болохыг нүдээр харлаа.
Энэчлэн Б.Явуухулан гэдэг хүн монгол хүний сэтгэлд хэрхэн шингэж үлдэв, түүний ур чадварт хүрэхийг зорьж авьяастнууд хэрхэн хичээхийг харлаа. Чулуу урт настай. Бидний үеийг элээж хойч үе тэй маань золгоно. Цэцэрлэгт хүрээлэнгийн ха туу, зөөлөн ландшабтын архитекторт монгол хүний мянга мянган жил өвлөн авч яваа гэрээ дугуйлан барьдаг дугуй хэлбэрийн хийцийг гол болгон хурц өнцгөөс зайлсхийхийг хичээсэн.
Ядаж л хүүхэд, хөгшид бүдрэхийн зовлон гарах гүй гээд дугуй хийцэд давуу тал байгаа нь харагдана. Зөөлөн ландшабтын тухайд ногоон өнгийг гол болгон тарьсан модод маань мөнх ногоон. Өвөл энэ цэцэрлэгт хүрээлэнгийн модод цасан дор ногоон шил мүүсээ дэлгэсэн хэвээр байх юм. Бид утаа униар дарахад бага ч гэсэн нэмэртэй гэж үзээд ногоон байгууламжид ихээхэн анхаарсан. Цаашид эдэлгээ сай тай, чулуун шийдлүүд манай нийслэлд давамгайлах байх. Бусдад бидний туршлага хэрэг болох биз ээ.
-Тэгэхээр ямар ч тэгш өнцөгт байхгүй гэсэн үг үү?
-Бараг л тийм. Зарим нэг шийдлийг л зориуд тэгш өнцгөөр гаргасан байгаа. Тухайлбал, бид шагшуурга нь шаагих Хар ус нуурыг тэгш өнцөгт талбайд байрлуулсан. Гэхдээ яруу найрагчийн чихэнд сонсогдсон хөг аялгууг шаагин хүрхрэх усан оргилуурын чимээ, үе үе бидэртэх нуурын толио аяндаа үүснэ.Ус амьд эрдэнэ гэдгийг эндээс мэдрэх юм.
-Сонгодог урлаг, сонгодог бүтээл байдаг ч тухайн үндэстний яруу найраг тэр ард түмнийхээ л сонгодог нь болдог бололтой юм. Гэтэл Монголын түрэн гарч ирж байгаа найргийн дуучид шүлгээ бариад гарах задгай тайзгүй байлаа. Харин энэ хүрээлэн бяцхан задгай театртай гэж сонслоо.
-Дорнын их яруу найрагч минь “Хүлэг минь, шүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж шүлэглэсэн удаатай. Тэр нэгэн дэвжээний эхнийх нь энэ цэцэрлэгт хүрээлэнг чимэх болно. Бид аль ч үед шүлгээ барьсан залуус гарч болох 1ОО гаруй үзэгчийн суудалтай задгай театрыг боржин чулууг өнгөлөн байж босгосон. Энд бас дулааны улиралд ямарваа соёлын арга хэмжээ зохион байгуулах боломжтой. Тэгэхээр хэн бүхэн энд саатаж болох юм.
Алсдаа энд болж өгвөл яруу найрагчид уран бүтээлээ сойдог талбар болгохыг зорьж байгаа. Манай зохиолчдын хорооны залуу удир дагчид яаж ашиглахаа мэд нэ гэж бодож байна. Ямар ч гэсэн энэ орой бид цэцэрлэгт хүрээлэнгээ нээснийх “Явуугийн үдэш” нэртэй хөтөлбөр бэлтгэж байна.
Бид цэцэрлэгт хүрээлэн байгуулахдаа багагүй эрэл хийсэн. Хашаа болгоныг дэлгэ сэн номоор чимлээ. Хашаануудыг баганаар холбосон. Баганын хэлбэр дүрсийг хүмүүс өөр өөрийн сэтгэмжээр харах орон зайг үлдээлээ. Бид цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд талд бага хэмжээний зай орхисон нь учиртай.
Дорнын их найрагч маань хүний сэтгэлд юм бодогдохоор орон зайг ямагт үлдээж чаддаг байсан. Тийм ч учраас бүтээл нь мөнх оршсоор ирлээ. Энэ хэсэг талбайг сул орхисон нь бид залхуурсан хэрэг биш. Тодруулж хэлбэл, чингэлтэйчүүд бүхнийг өөрсдийн хөөрөө шийдэх гэлгүй, тэрхэн хэсэгт бусдын сэтгэлгээ ний орон зайг үлдээлээ.
Их найрагчийн бусдыг сонсох гэсэн их хүлээлт, орон зай тэнд байг. Тэр орон зайг яаж нөхөхөө залуус өөрсдөө шийдэг. Манай цэцэрлэгт хүрээлэнгийн хаалга өнөөг хүртэл монгол хүний хашаагаа бэлгэдэн гоёдог хэзээ ч үл тасрах өлзий хээгээр чимэглэгдсэн. Энэ хаалгаар орж гарах зон олны хөл үл тасраг.
Б.Нацагдорж