Өөр өнцөг булан
Хэдхэн цагийн дараа би явна. Энэ газар дахин хэзээ эргэж ирэхээ тодорхой хэлж чадахгүй байна. Өнөөдөр сэтгэл нэг л тавгүй. Ядаж байхад хажуугийн өрөөнөөс Шарль Азнавурын бүтэлгүй хайрын гунигт аялгуу эгшиглэх юм. Хажуугийн өрөөнд лав эртний нэгэн эрхэм буусан болов уу. Манай аав ээж л Азнавурын дууг сонсдог байсан байх. Би хуучны дуу сонссондоо бухимдаагүй нь лавтай. Тэгээд? Тохиолдлын юм шиг тэр учралаас болоод уу.
Үгүй яавч тийм биш. Үнэндээ дунд сургуульд нэг ангид сурч байсан хүүхэдтэйгээ энэ хол газар, зочид буудалд тааралдана гэж зүүдэлсэнгүй. Би чинь удахгүй хадамд гарах гэж байгаа хүн. Ээж, эгч нар минь намайг хүнтэй суулгүй хөгширөх вий гэж санаа зовсондоо, таагүй явдлаас урьдчилан сэргийлж сайн танилынхаа хүүхэдтэй гэрлүүлэхээр шийдсэн билээ. Би тэдний саналаас татгалзаагүй. Тэгээд л том эгч маань намайг ирээдүйн нөхөртэй минь танилцуулсандаа. Үнэндээ сүйт залуу минь надад таалагдсан. Номхон даруухан, бас тачаангуй.
Хамгийн гол нь тэр анхны харцаар надад дурласан юм. Бид танилцаад хэдхэн хоноод л нэг гэрт орсон. Удахгүй гэрлэлтээ албан ёсоор батлуулна. Одоо бидэнд хуримынхаа урилгыг тараах л үлдээд байна. Хэд хоногийн өмнө би томилолтоор энэ хотод ирсэн. Зочид буудлын үүдэнд тааралдсан өндөр ханхар залуу намайг танимхайран мэндэлж, өрөөнд ороход минь тусаллаа. Дараа нь намайг орой хамтдаа хоол идье гэж урихад түүнийг сая нэг юм таньж билээ. Арван жилийн дунд сургуульд бид нэг ангид сурч байсан юм. Өтгөн хар хөмсөгтэй, том алаг нүдтэй, гозгор туранхай хүүхэд байж билээ. Бид жирийн л найзууд байсан. Аравдугаар анги төгссөнөөсөө хойш уулзсангүй.
Тэр энэ зочид буудлын эзэн болсон юмсанж. Ангийн анд маань “Би чамайг харангуутаа таньсан. Багын төрх чинь байнаа. Гэхдээ нас бие гүйцээд танигдахын аргагүй сайхан хүүхэн болж” гэж байсан. Мэдээж ийм үг сонсоход сайхан байлгүй яахав. Тэр орой нь хэлсэн ёсоороо намайг зоогийн газар дагуулж орлоо.
Бид багш нар, бас ангийнхний тухай ярьж удтал суулаа. Түүнтэй ярсаар суугаад цаг өнгөрсөнийг ч мартаж орхиж. Нэг л мэдэхэд зоогийн газар хаалгаа барьж, тэр намайг зочид буудлын өрөөнд хүргэж өглөө. Гурван хүүхэдтэй энэ эр эхнэртээ үнэнч хүн бололтой. Тэр нэг ангийн андууд гэсэн “хилийн шугамаас” гадагш гарсангүй. Маргааш нь түүнтэй тааралдсангүй. Би ч хөөцөлдөх ажил ихтэй байсан. Гэтэл тэр өчигдөр орой нэг ууттай юм барьчихсан манай өрөөнд орж ирээд, “Чамайг ийм хурдан явахыг чинь мэдсэнгүй. Дараа ирэхдээ чамайг гэртээ заавал аваачна. Энэ жаахан бэлэг. Гэрийнхэндээ өгөөрэй” гэв. Би түүнд сэтгэл хоргодоод байгаагаа мэдэрлээ. “ Баярлалаа. Чи суу л даа.” гэхэд тэр татгалзсангүй. Би өөртөө байсан жаахан чихэр жимсийг таваглаж, бас сүйт залуудаа авсан шил архиа задаллаа.
Бид ярьж суусаар архиа шил архиа бараг ууж дуусгав. Нэлээн ч халсан байлаа. Тэр намайг гэнэт тэвэрч үнссэнээ, “ Сайн яваарай. Би маргааш ирэхгүй байж магадгүй. Ингэж тааралдах юм гэж үнэндээ санасангүй. Сайхан хүүхэн минь” гэж хэллээ. Би түүний өргөн ханхар цээжинд наалдан зогсоод л баймаар санагдаж байсан ч тэр намайг өөрөөсөө холтгосноо ганц ч үг дуугаралгүй гарч явав. Тэр өөрөө л бүхнийг эхэлсэн.
Анхнаасаа намайг дуудаж, яриа дэлгээ биз дээ. Үгүй дээ. Нэг ангид цуг сурч байсан хүнтэйгээ тааралдвал хэн ч гэсэн мэндэлж үг сольдог. Үүнд түүний буруу гэж юу байхав. Тэгээд намайг цоо ширтээд сайхан хүүхэн болсныг нь гайхаад байсан биз дээ. Тийм дээ. Тэр ч бас надад татагдаж байсан байж магадгүй. Гэхдээ биеэ барьсан болов уу. Гэнэт утас дуугарлаа. Сүйт залуу маань байна.
– Чи хэдэн цагт ирэх вэ
– Оройдоо багтаад хүрчихнэ.
– Чамайг их санасан шүү
- Би ч гэсэн
- Чамайг тосч авна Үнсье.
- Би ч гэсэн
Утсаа тасалтал хэн нэгэн өрөөний хаалга тогшлоо. Хаалга нээвэл ангийн анд! Ирэх байсан юм бол өчигдөр орой үлдэхгүй яасан юм бэ. гэж сэтгэлдээ шивнэлээ. Унаа явахад ганцхан цаг үлджээ.