Өөр өнцөг булан
Хадам ээж хүүгийн минь эрхлүүллээ. Тэр ч байтугай түүнтэй цуг тоглож байхдаа, “ Хөөрхий минь нялх амьтан. Аавтайгаа адилхан гэдэг нь, тэр багадаа ийм л хүүхэд байсан юм” гэв.Түүнийг ингэж хэлэхэд цахилгаан цахих шиг боллоо. Тэр үнэхээр мэдэхгүй дээ ингэж хэлж байна гэж үү.
Худлаа. Манай хадам шиг танихгүй мэдэхгүй хүнгүй, сонсоогүй дуулаагүй юмгүй эмэгтэй миний оюутан ахуй цагийн амьдралыг судлаагүй гэвэл худлаа болно. Харин мэдсээр байж, тэр яагаад ингэж жүжиглээд байгаа нь сонин. Уг нь манай нөхрийн ээж муу хүн биш л дээ. Хаа ч байдаг жирийн нэг эмэгтэй.Гурван сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн, сайн нөхрийн буянгаар газар үзэж нүд тайлсан нэгэн. Би яахав дээ, оюутан байхдаа ахлах ангийн нэг гадаад залуутай үерхэж байгаад хөл хүндтэй болчихсон юм. Тэр залуу намайг жирэмсэн болсныг мэдэнгүүтээ хэд хэдэн удаа гэрлэх санал тавьж, хүүхдийг минь хүртэл авч өсгөнө гэдэг байлаа.
Хэрэв аав минь зөвшөөрсөн бол би харийн хүний бэр болох байсан биз. Тэгэхэд энэ хорвоогоос явах цаг хугацаагаа хоног өдрөөр тоолон хүлээж суусан аав минь, “ Болж өгвөл нутагтаа амьдраарай. Сэтгэл чинь тун тогтохгүй бол одоо яая гэхэв. Хүн эх орон, аав ээжээ өөрөө сонгодоггүй. Энэ бол хувь заяаны зурсан зураг. Заяа тавилангийн зургаа санасанаараа өөрчлөөд байх хэрэггүй байдаг юм.
Чи манай голомтны ганц хүн. Ээж чинь надаас хойш их ганцаардах байх даа. Сайн л бодоорой”гэж хэлж билээ. Би удаан бодсоны эцэст хүүхдээ ганцаараа өсгөхөөр шийдсэн юм. Энэ шийдвэртээ харамсаж байсан удаагүй. Гэхдээ яагаад ч юм бэ хүүхдээ эцэг шигээ цэнхэр нүдтэй, шав шар үстэй байх вий гэж дотроо их айдаг байсан. Азаар хүрэн үстэй, бор нүдтэй хүүхэд төрсөн. Энэ хүүхдийг эх барьж авсан аав нь миний одоогийн нөхөр. Бид хоёр нэг цэцэрлэг, сургуульд явдаг байсан юм.
Түүнийг дунд ангид байхад аав нь гадаадад албан томилолтоор ажиллах болсноос хойш тааралдахаа больж билээ. Харин хүүхдээ төрүүлэх гэж байхдаа түүнтэй дахин тааралдсан юм. Тэр миний хэвтсэн амаржих газрын эмчээр ажиллаж байв. Аав минь өнгөрөөд удаагүй, бас хүүхдийнхээ эцэгтэй гэрлэхгүй гэж нэгэнт шийдсэн болохоор сэтгэл санааны хувьд тайван бус байсан нь нөлөөлсөн болов уу. Хүндрэлтэй төрсөн. Намайг эмнэлгээс гарахад ээжээс гадна багын танил нөгөө эмч хоёр тосож авч билээ. Үүнээс хойш тэр надаас салахаа болив. Хүнийг ойлгож, хайрлаж чаддаг түүнд аажим аажмаар татагдсаар нэг л мэдэхэд дотнослоо. Хүүгийн эцэгтэй учрахаас өмнө түүнтэй тааралдсан ч болоосой гэж бодох үе гардаг байв.
Төд удалгүй бид хоёр нэг гэрт орлоо. Нөхрийн маань эгч нар айлын бэр болж, төрсөн гэрээсээ явцгаасан тул тэр голомтоо сахихаас өөр арга байсангүй. Ингээд л би хүүтэйгээ цуг хадмындаа амьдрах болсон юм даа. Хадам ээж миний хүүг эрхлүүлсэнээс хойш хэд хоногийн дараа нэг өдөр би ажлаасаа эртхэн тарлаа. Гэртээ сурсан зангаараа хаалгаа түлхүүрдэж оров.
Хадмын найз манайд иржээ. Тэд яриандаа болоод хүн орж ирж байгааг ч анзаарсангүй. Өрөөнийхөө хаалгыг ч гүйцэд хаасангүй.
-Тэгээд танай энэ бэр чинь гадаад хүний хүүхэд төрүүлсэн хэрэг үү. Танай ач чинь гаднын хүний цус холилдсон гэхээргүй шүү дээ.
-Чи хамар, шанаа хоёрыг нь ажиглаарай. Шонхойчихоод шал өөр шүү дээ. Томрох тусмаа төрөлтэйгээ төстэй болоод байгаа юм. Яахав, яахав зүгээр. Эрлийз хүүхдийг толгой сайтай сэргэлэн гэдэг юм.
- Ингэхэд нөгөө түрүүчийн бэр чинь яасан юм бэ. Одоо нөгөө хоёр охин нь овоо болоо биз дээ.
- Угийн заяа муутай юмнууд чинь үг даахгүй яваад өгсөн. Би ямар хөөж туусан биш. Ядуу зүдүү удам судар муутай гэдгийг нь л хэлсэндэг. Үнэн юм чинь одоо яах вэ дээ. Харин манай энэ бэр шаг хийсэн хөрөнгөтэй, гайгүй айлын охин байгаа юм. Татлаа түлхээ багатай.
Хүүхэд яах вэ дээ. Эрлийздээ зүгээр. Цус холдох тусмаа сайн гэдэгдээ. Ямар эцэг нь гэх хүн байнга эргэлдээд байх биш. Өвгөн бид хоёр бүр ам өрхөндөө оруулаад авсан. Одоо энэ хоёр хүүхдийн хэрэггүй. Зүгээр сайхан амьдрахад болно.
Тэдний яриаг цааш нь сонссонгүй. Чимээгүйхэн гарч явлаа. Тийм дээ. Би хадам ижийг мэдээд байсан юм. Тэр манай хүүхдийн төрсөн эцгийн талаар мэдэхгүй байх учиргүй. Түүнд бодож санаж тооцсон юм байж л таарна. Ингэхэд манай нөхөр өмнөх эхнэр, хүүхдүүдээ эргэдэг болов уу. Би түүнийг эхнэртэй байсныг мэднэ. Гэхдээ тэр надад эхнэр хүүхдийнхээ талаар ганц ч үг цухуйлгаж байгаагүй. Би өөрөө зовлон үзсэн болохоороо түүнээс өнгөрсөн амьдралыг нь сөхөж асуудаггүй юм.
Одоо харин түүнээс асуумаар санагдчихлаа. Нөхөр маань ажлаасаа байнга оройтож ирдэг. Заримдаа хоёр өдөр дараалан жижүүрлэдэг. Сүүлийн үед бямба, нямд ч гэртээ үзэгдэх нь ховордсон. Би түүнийг ажил ихтэй хүн гэж боддог болохоороо хардаж үзээгүй.
Саяхан намайг хүүхэдтэй болмоор байна гэхэд тэр юу ч дуугараагүй. Хадам арай түүнд дахин хүүхэдтэй болсны хэрэггүй гэж хэлдэг юм биш байгаа. Яагаад бид хоёр дундаасаа хүүхэд төрүүлж болохгүй гэж? Яг л шатар нүүж байгаа юм шиг бодох хэрэгтэй болж байх шив.
Нүүдэлд хэн хожих нь сонин байна. Шатрын нүүдэлд хожих гэж бод шиддэг шиг манай хадам амьдралд хожих гэж өмнөх бэр, ач нараа явуулчихаж. Харин нөхөр маань ямар нүүдэл хийх гэж зэхсэн юм бол?