Манан дундах оргил, алсаас цэнхэртэн харагдах уул, хөх асга, жаргаж буй нарны туяанд ягааран харагдах дов толгод. Бүхнээс өндөрт уул бий. Уулын дээр тэнгэр оршино. Уул гэдэг байгалийн тогтоц төдий зүйл огтоос биш гэдэг нь Оросын алдарт зураач, эрдэмтэн, аялагч Н.К.Рерихийн зургуудаас харагдана. Тэрбээр амьдралынхаа туршид 7000 орчим уран зураг, уран зохиол, гүн ухааны 30 орчим бүтээл туурвижээ. Н.К.Рерихийн бүтээлийн гол сэдэв нь дорнын амьдрал, байгаль, уулс хийгээд Шамбалын орон. Түүнийг 1926 оны есдүгээр сараас 1927 оны тавдугаар сар хүртэл Монголд ирж, судалгаа хийхэд нь тухайн үеийн Судар бичгийн хүрээлэнгийн нарийн бичгийн дарга Цэвээн Жамсранов “Дээд тэнгэрийн Бодисадын замаар замнасан дэлхийд алдартай Рерих мэтийн ихэс буянтай сайн үйлээрээ орчлон хорвоо, цаг үеэ гийгүүлж байгаа нь лавтай.
Тиймээс Николай Константинович манай оронд морилсон явдлыг бүх нийтээрээ их аз завшаан, баяр бахдал гэж үзэж байна” хэмээсэн юм. Тэгвэл Олон улсын монз гол судлалын холбоо, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Олон улсын төв-Н.К.Рерихийн нэрэмжит музей хамтран “Н.К.Рерих ба Монгол” үзэсгэлэнг өчигдөр нээсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр нарын дэмжлэгээр Н.К.Рерихийн бүтээлийг ОХУ-аас авчирч, үзэсгэлэнд дэлгэжээ. Ирэх сарын 15 хүртэл үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд түүний 1925-1947 онд туурвисан бүтээлүүдээс гадна зураачийн гэр бүл, аяллын гэрэл зургууд бий. “Н.К.Рерих нэрт зураач төдийгүй алдартай монголч эрдэмтэн байсан. Түүний бүтээлийг монголчууд эх хувилбараар нь үзэх боломжтой болсонд тун баяртай байна.
Энэхүү үзэсгэлэнг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулж буй нь Орос, Монгол хоёр орны найрамдлыг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой” хэмээн БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр хэлсэн. Тэгвэл тус музейн захирал У.Сарантуяа “Н.К.Рерих нь дорнын ард түмний аж амьдрал, соёл, ахуйг ултай судалсан. Тэр дундаа Монголын хөгжил цэцэглэлтийг зөгнөж байсан хүн шүү дээ. Уул бол онгодыг уриалан дууддаг гайхамшигтай зүйл. Түүний зурсан уулс заримдаа газрынх бус сансрынх мэт санагддаг. Энэхүү үзэсгэлэнд эх бүтээлүүдийг дэлгэсэн нь монголчуудад том боломж олгож байгаа. Эх бүтээл өөрийн гэсэн энергитэй байдаг” гэв. Энэхүү үзэсгэлэнд буй “Агуу их морьтон”, “Уулын бэлийн суварга”, “Оройн цамхаг”, “Цайдам” зэргийг Н.К.Рерих Төв Азийн экспедицийн үеэр зурсан гэдэг. Тэгвэл 1930-1940 оны үед хамаарах бүтээлүүддээ говь, цөлд үүр цайх, нар шингэх, Монголын зах хязгааргүй уудам тал дээгүүрх үүлсийн хөдөлгөөнийг дүрсэлжээ. Түүнчлэн үзэсгэлэнгийн тал хэсгийг “Гималай” цуврал эзэлнэ. Тэрбээр Төв Азийн экспедицийн хүнд, бэрх замыг эхнэр Елена Ивановна Рерих, том хүү Юрий Николаевич Рерихийн хамт туулжээ.
Энэ хугацаанд тэрбээр судалгаа, шинжилгээ хийхийн зэрэгцээ Монгол, Төвд, Хятад, Энэтхэгийн байгаль, амьдрал ахуй, уул хадыг дүрсэлсэн 500 гаруй бүтээл туурвижээ. “Гималай” цувралыг туурвисных нь төлөө түүнийг хожим “Уулын мастер” хэмээн өргөмжлөх болсон юм. Юрий Николаевич Рерихийн шавь, хөдөлмөрийн баатар Ш.Бира “Н.Рерих бол хүний ертөнцийг урлахуйн ухааны билгийн нүдээр харсан, шинжлэх ухаан, соёл урлагийн онцгой чанарыг өөртөө шингээсэн аугаа их монз өнч мэргэн хүн. Судлаач, соён гэгээрүүлэгч, уран зураачийн хувьд шинжлэх ухаанд ч соёл урлагт ч онцгой үзэгдэл байсан. Энэ тухай XX зууны суутнуудын хэлсэн үг бэлээхэн байдаг. Аугаа их физикч Альберт Эйнштейн “Би Таны зураг, урлагийн бүтээлийг үнэхээр гайхан биширдэг. Ялангуяа Таны байгалийн сэдэвт уран тансаг зургууд надад ямар гүнзгий сэтгэгдэл төрүүлдгийг үгээр илэрхийлэх аргагүй” гэж бичиж байсан бол их найрагч Рабиндранат Таагүүр “Таны уран зураг миний сэтгэлийг тун их хөдөлгөсөн билээ.
Үнэхээр гайхмаар. Өмнө минь байгаа тэр хосгүй урлалыг хараад хэн хүнд тов тодорхой юм шиг санагдах ч өөрийнхөө өмнө дахин нээх учиртай, мэдэж байх ёстой өөр сонин, гайхамшигт зүйл бас байдаг болохыг ойлгож авсан шүү. Энэ нь чухамдаа үнэнд хил хязгаар байдаггүйд орших буй заа. Таны урлаг их өвөрмөц шинжтэй. Учир нь аугаа их урлаг мөн юм даа” гэж хэлжээ.Хэдийгээр энэ их хүн зууны тэртээд ажиллаж, амьдарч, бүтээж байсан ч үзэл санаа, бүтээл туурвилын өв уламжлал нь өнөөдөр дэлхий дахины ач холбогдолтой болж улам бүр түгэн дэлгэрсээр байна” хэмээсэн юм.
Н.К.Рерих Монголд байх хугацаандаа 100 гаруй зураг зурсан гэдэг. Тэдгээрийн нэг “Шамбалын хаан Рэгдэндагва”- аа Хичээнгүй сайд Б.Цэрэндоржид бэлэглэжээ. Сайд тусгайлан сүм бариулж, зургийг нь байрлуулахаа амласан ч тухайн үед нөхцөл боломж нь байсангүй. Соёлын хосгүй үнэт өвийн нэг энэхүү бүтээл өдгөө Дүрслэх урлагийн музейд хадгалагддаг. Уг зурагт дүрсэлсэн Рэгдэндагва хаан есөн зүйлийн дайсныг дарагч, шинэ эрин үеийг хамгаалагч, ирээдүйг төлөөлөгч юм. Түүнийг ирээдүй цагийн бурхан Майдартай адилтгадаг бөгөөд голдуу гурван мэлмийтэй догшин дүртэй бүтээдэг бол Н.К.Рерих Рэгдэндагвыг хоёр мэлмийтэй, амирлангуй дүртэй, хар хөх зүсмийн морьтой, жад барьсан байдлаар дүрсэлжээ. Тэрбээр монгол зургийн аргаар төв хэсэгт нь морьтныг байрлуулж, “Шамбалын догшин хүрдэт хаан Рэгдэндагва” хэмээн төвд үсгээр бичжээ. Бурхны шашинд улаан өнгө нь аз жаргал, баяр баясгаланг бэлгэддэг. Тэрбээр энэхүү бүтээлдээ Монгол орны хөгжил цэцэглэлт, бадрал дэвшлийг бэлгэдсэн хэмээн судлаачид үздэг юм билээ.
Б.ЭГШИГЛЭН