Шинэ чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн түрүү үеийг дуустал ваар савыг зөвхөн гараар хэлбэр дүрс оруулан хийдэг байжээ. Хүннү гүрний үеэс үйлдвэрлэлийн шинэ дэвшилт арга ажиллагаа дэлгэрч ваарыг тусгай оньсон хүрдэн дээр эргүүлэн хийдэг болсон хэмээн Монголын үндэсний музейн тайлбарлагч М.Мөнгөнцэцэг ярилаа. Ингэж хийсэн ваар, савны хана нимгэн, гадаргуу нь жигд, толигор тэгш, хөнгөн болдог аж. Зураг дээрх ваарыг Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь Ноён уулаас олжээ.
МЭӨ III-МЭ I зуун буюу Хүннүгийн үед хамаарах энэ олдвор Монголоос олдсон хамгийн том вааруудын нэг юм байна. Гадагшаа эргэсэн намхан дэрэвгэр амсар, цүлхгэр бөөр, шувтан ёроолтой эл ваарыг элс болон саарал өнгийн шавраар хийсэн байна. Ваарны мөрөөр бүтэн тойруулсан хоёр зураасны голоор долгио хээгээр чимэглэжээ. Түүнчлэн ёроолоос дээш дөрвөн см зайд 2.4 см голчтой нүх гаргажээ. Хүннүчүүд ваар, савыг янз бүрийн хэлбэр дүрстэй хийж үр тариа, шингэн зүйл хадгалах, хоол унд болгох гэх мэтээр ашигладаг байв. Нэг метр орчим өндөртэй эл вааранд үр тариа хадгалж байсан хэмээн эрдэмтэд үздэг байсан ч сүүлийн үед дарс хийдэг байсан гэх таамаглал дэвшүүлдэг болсон гэнэ.
Ж.СОЛОНГО