“М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааныг ДБЭТ-ын гоцлооч С.Мөнгөнцэцэг тэргүүллээ. Э.Амартүвшин П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны хоёрдугаар байрт шалгарлаа”... Жил дараалан сонсогдох гайхам амжилтын таатай мэдээ. Дэлхийд Монголын сонгодог урлагийг сурталчилж, чансааг нь таниулсан өндөр босготой уралдааны шагналтнуудын “багш аа” гэж хүндэтгэдэг хүн нь Б.Солонго.
Ер нь л ДБЭТ-ын бүх гоцлол дуучин түүний шавь. Гэхдээ тэр дуучин биш. харин дуучдыг оркестортой бэлтгэл хийх хүртэл нь бүхнийг зааж сургадаг багш. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийн охин, Монгол Улсын гавьяат жүжигчин, ДБЭТ-ын концертмейстер Солонготой ярилцсанаа хүргэе.
-Анх 21 жилийн өмнө театрт ажилд орж байхдаа алдартай олон дуучдаасаа айж бэргэдэг байсан гэдэг. Гэхдээ л тэд таныг багш аа гэж хүндэтгэн, хамтран бэлтгэлээ хийдэг. Харин одоо та дуучдыг “айлгадаг” болсон байх даа?
-Айх нь юу юм бэ, мэдээж залуу дуучид бэлтгэлээ хийхгүй бол багш юу гэх бол гэх мэтээр эмээдэг л байх. Би ч одоо ахмад нь болоод байгаа.
-ДБЭТ хэдэн концертмейстертэй вэ?
-Гоцлол дуучидтай ажилладаг хоёр концертмейстер байгаа. ХБК төгссөн Ундрам гээд охин надтай хамт хоёр жил ажиллаж байна.
-Сүүлийн үед ДБЭТын дуучид онцгой амжилт гаргаж, энэ амжилтын төлөө хамтран зүтгэсэн хүн нь та байдаг. Хөгжимчин хүний хувьд тоглоочоор ажиллаж, хувийн уран бүтээлээ олонд таниулах боломжгүй, бусдын арын албыг хариуцдаг концертмейстер мэргэжлийг та яагаад сонгосон юм бэ?
-Би 1973 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд элсээд 1985 онд төгссөн. Тухайн үед бүгд л дээд мэргэжил эзэмших сонирхолтой байлаа. Тэгээд Сверд ловскийн хөгжмийн дээд сургуульд сурч төгсөөд ирэхэд ДБЭТ-т намайг хуваарилсан. Хариуцсан Соёлын яамтай, хаана хэнийг сургаж, ажиллуулахаа мэддэг байж. Театртаа ирж, гоцлол дуучидтайгаа ажиллаад 21 жил болжээ. 1990 оноос хойш яг нэг байрандаа байгаа хэрэг.
-Уран бүтээлч хүмүүс үргэлж ямар нэгэн шинэ зүйл рүү тэмүүлж явдаг юм шиг ээ. Харин таныг театр юугаараа ийнхүү татаад дуучидтай “нө- хөрлүүлээд”, төгөлдөр хуу рын ард суулгаад байна даа?
-Би мэргэжилдээ дуртай. Тэгээд ч театрт жил бүр ямар нэгэн шинэ уран бүтээл тавиг даж, үүний хэрээр шинэ мэдрэм жээр цэнэглэгдэнэ. Түүнээс гадна дууч даа уралдаан тэмцээнд бэлдээд нэгэнд нь амжилт гаргах гүй байсан ч нөгөөгөөс нь шаг нал хүртэнэ. Ингэх бүрт дараа нь хэнийгээ ямар уралдаанд бэлт гэх вэ гэсэн урмаар тэтгүүлнэ. Уран бүтээлийн ажил сайхан шүү дээ. Би дуучдаа дагаад олон газраар явж, их юм үзлээ. Ийм сайхан хоолойнууд байгаа учраас би дагаж хөгжиж, тэднийхээ төлөө хичээн ажиллаж байна.
-Ойрын үед Амараагаас гадна хэнийг уралдаанд “соймоор” байна вэ?
-Манай театрт Э.Бумхүү гэж сайхан баритон хоолойтой дуучин бий. Э.Бумхүү бид хоёр М.И.Глинкийн нэрэмжит уралдаанд арванхоёрдугаар сард оролцохоор бэлдэж байгаа. Энэ жил СУИС төгссөн Ч.Энхтайван болон тэдний ангийн Б.ГомбоОчир нарыг “сойхсон” гэж бодож байна.
-Дуучид нь амжилт гаргаад байхаар гаднын театр танд хамтран ажиллах санал тавих юм уу?
-Арай тийм санал ирээгүй байна. Миний мэргэжлийн боловсон хүчин манайд л тааруу болохоос биш ОХУ болон Европт өндөр хөгжсөн учраас олон сайн концертмейстер бий. Гэхдээ одооноос Солонго гэж хэн бэ гэдэг нь танигдаж байгаа. Тийм санал ирвэл гоё л байна.
- С . М ө н г ө н ц э ц э г и й г М.И.Глинкийн нэрэмжит уралдааныг тэргүүлсний дараа та хоёр гавьяат жүжигчин болсон. Гэхдээ түүнээс өмнө та ямар ямар уралдаанаас шагнал хүртэж байсан бэ?
-Анх ардын жүжигчин Ц.Пүрэвдорж гуайн нэрэмжит ари романсын уралдаан 1994 онд болсон юм. Театрын арваад дуучин уралдаанд оролцож, надтай бэлтгэл хийсэн. Уралдааны нэгдүгээр байрт ардын жүжигчин Б.Жавзандулам, эрэг тэй хоолойноос П.Ганбат нар шалгарсан. Мөн гавьяат жүжигчин М.Болд, Д.Ганхуяг ах, Д.Долгормаа эгч шагнал хүртсэн. Түүнээс хойш болсон дотоодын олон уралдаанд дуучдаа бэлдэж, шагнал хүртсэн дээ.
-Мэргэжлийн дуулаачдын уралдаан оролцогчдодоо насны хязгаар тогтоосон байдаг. Ажиглаад байхад 30-аас доош насныхныг л оролцуулдаг юм шиг ээ?
-Хамгийн дээд тал нь 32 байгаа. Жил ирэх тусам л дуучдын нас залуужаад байна. Залуу насандаа хоолойн хүч, цар хүрээг хэрхэн ахиулж, хөгж үүлж байгааг чухалчилдаг юм. Уралдаан тэмцээний нас дуусангуут дуучдын хувьд карьерийн нас эхэлдэг. Тэгээд 40, 50 нас хүрээд тайзнаас бууна. Тайз угаасаа залуу насыг шаарддаг болохоор дуучдад хэцүү. Бидний хувьд гар нь хөдлөөд, сонсгол нь хэвээр байвал ажил лаад байж болно. Би ч бас дуучдын нэлээд хэдэн үеийг өнгөрөөлөө.
-Гэхдээ нас ахих тусам дуулах эв сууж, туршлагаждаг байх, тийм үү?
-Дуурьт дуулж байгаа хүн нас ахих тусмаа туршлагаждаг. Гэхдээ байгалийн жамаараа нас дагаад хоолойд өөрчлөлт орно.
-Сургууль төгсөөд ирэхдээ танай театрт тэнцэхүйц хоолойтой байж байгаад хэдэн жилийн дараа тэнцэхээргүй болно гэж байх уу?
-Ер нь төгсөөд орж ирэхэд л манайд суурьтай байх үгүй нь харагддаг. Дуулж байх явцдаа өвдөж болно. Эсвэл том дууриудад гарахгүй байж байгаад том дүр авахаараа дийлэхгүй байх гэхчилэн янз бүрийн шалтгаан гарч болно.
-Хөгжмийн зохиолч аавын охин хөгжим зохиож байна уу?
-Үгүй. Тэр авьяас нь надад байхгүй. Зохиоё гэж бодож ч байгаагүй. Д.Лувсаншарав гуайн охин Халиунсүрэн эгч бас төгөлдөр хуурч шүү дээ. Манай театрт концертмейстер байсан юм. Харин Халиунсүрэн эгч хоёр гурван дуу бичсэн гэсэн.
-Анх аавынхаа “Бодлын цагаан хун” дууг нь хөг жимд өж, бичүүлсэн гэсэн. Та хоёр уран бүтээлийн хамтрагчид биз?
-Шинэ дуу зохиогоод дуучнаар дуулуулахад би тоглодог. “Энэ хэсгийн төгөлдөр хуурын ноотыг ингэж бичвэл ямар вэ” гэхчилэн хоорондоо ярилцана. Сүүлд гаргасан цомгийн ажил болон тоглолтод нь оролцсон.
-Эхээс хэдүүлээ вэ. Танаас өөр урлагийн хүн бий юү?
-Би айлын том охин. Гурван эмэгтэй дүүтэй. Бүгд өөр мэргэжилтэй.
-Таны хамгийн хайртай хүн хэн бэ?
-Ижийдээ их хайртай. Намайг өдий зэрэгтэй амжилтад хүрэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүн нь миний ээж. Мэдээж ааваасаа тэр сайхан авьяасыг нь өвлөсөн. Хөгжмийн сургуулийн хүүхдүүд гэрийн бараа харах завгүй явдаг. Тэгээд болоогүй ээ, өөрөө тэгж сурчихаад хүүхдээ төрүүлээд ээждээ орхиж байгаа юм. Миний охиныг өсгөж, ар гэрийн бүх асуудлыг хариуцдаг ээждээ хайртай. Аавдаа ч хайртай. Мөн намайг завгүй байхад охинд минь анхаарал тавьж, үргэлж тусалдаг дүү нартаа баярлаж явдаг.
-Театр зун тоглолтгүй байдаг болохоор нэг хэсэгтээ л сайхан амрах боломжтой юм байна. Энэ үеийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Гэр зуураа л байдаг. Энэ зуны хувьд амрах зав байхгүй ээ. Амараа бид хоёрт Осло болон Москвад хоёр ч конкурс байгаа.
-Дуучдаа “хөтлөөд” л тэмцээн уралдаан гээд яваад байдаг ч охиндоо харин тийм анхаарал хандуулах зав хомс байдаг уу?
-Охин минь Бостонд сурч байгаа. Тэндээ болсон жижиг конкурст ордог гэсэн. Саяхан Австрид мастер класст сурчихаад буцаад явчихсан. Энэ жилийн хувьд гэртээ ирэхгүй. Италид манай найзууд байдаг болохоор тэднийд очиж амардаг юм. Ирэх жил сургуулиа төгсөнө.
-Концертмейстер хүний ажил зарчимч байхыг шаарддаг уу?
-Цаг сайн барихаас эхлээд өөртөө өндөр шаардлага тавих ёстой. Маш сайн боловсрохгүй бол юу ч мэдэхгүй байж хүнд зааж болохгүй.
-Шинэ дуурь тоглохын өмнө бол өдөр шөнөгүй бэлтгэл хийгээд завгүй байдаг уу?
-Бид өдөрт 6-8 цаг ажилладаг. Шинэ дуурьтай үед өглөө, оройны бэлтгэлтэй байна. Би бас ХБК-д багшилдаг. Ихэнх цагийг ажилдаа зарцуулдаг даа. Гэхдээ одоо жаахан хөгшрөөд байгаа юм уу, аль болох гэр рүүгээ тэмүүлдэг болжээ. Өмнө нь ажилдаа өглөө ирээд шөнө буцдаг байлаа. Угаасаа дуучидтайгаа сургуулилахаас гадна өөрөө их давтах хэрэгтэй.
-Гэртээ байх хугацаандаа ажлаа хийгээд байхгүй биз дээ. Гэртээ байх цагаа ихэвчлэн юунд зарцуулдаг вэ?
-Би гэрийн сайн эзэгтэй биш ээ. Гэхдээ гэртээ угаалга хийж, бүх юмаа цэвэрхэн байлгах дуртай. Хэдэн мэддэг хоолоо гайгүй хийчихнэ. Түүнээс биш мундаг эзэгтэй нар шиг нарийн жор байхгүй.
-Хөгжимчид “Гар эвдэрчихнэ” гээд юм угаадаггүй юм биш үү?
-Угаалгүй яах вэ. Одоо миний гар эвдэрнэ гэхгүй шүү дээ. Тэгээд ээжийгээ зарчихаад суугаад байлтай биш. Эмэгтэй хүн гэрээ цэвэрлэж, угааж арчлахгүй бол хэцүүднэ биз дээ. Анх сургуульд орж байх үед шал угааж болохгүй, том юм мушгиж, гурил элдэж болохгүй гэдэг байсан. Энэ нь Монголын нөхцөлд тохиромжгүй юм шиг ээ. Айлын том охин байж энийг ч болохгүй гээд цагаан гартан бололтой биш. Хөгжимчин хүн, эмэгтэй хүн гэдэг утгаараа тодорхой хэмжээнд гараа хайрлах нь ойлгомжтой.
-Та ямар үед амархан баярлаж бас гомддог вэ?
-Хичээлийн дараа дуучид ахихгүй бол гонсойдог. Тэр нь тэд энэ өрөөнөөс гараад хувийн бэлтгэлээ хийгээгүй байна гэсэн үг. Харин дуучдаа сайн дуулж амжилт гаргах, шинэ бүтээлээ тайзнаа амилуулах сайхан байдаг.
-Энэ жилийн хувьд театр шинэ дуурь төлөвлөөгүй болохоор өөр хийхээр төлөвлөсөн ажил юу байна вэ?
-Олон улсын уралдаанууд байна. Төлөвлөгөөт тоглолтдоо бэлдэнэ. Мөн сайхан тоглолт хийх юмсан гэж боддог л юм. Гэхдээ амждаггүй.
-Та сонгодгоос гадна ямар төрлийн хөгжим сонсох дуртай вэ?
-Мэдээж эстрадаас эхлээд янз бүрийн хөгжим сонсдог. Гэхдээ үргэлж хөгжмийн дунд байдаг болохоор эндээс гараад л хамаг юмаа хаачихдаг.
-Ажил мэргэжлийнхээ сайн чанарыг хэрхэн үнэлдэг вэ?
-Дуучидтайгаа олон сайхан газраар явснаа дээр хэлсэн. Мөн төрийн хэмжээний том арга хэмжээнд дуучид явахад Солонго дагаад л явна. Тэр хэрээр том хүрээлэлтэй болно. Шавь нараас сайн концертмейстер төрж байна. Хүнд үнэлүүлнэ гэдэг хамгийн сайхан. Мундаг хүмүүс л намайг “Солонго багш аа” гэж хүндэтгэнэ. Тэр болгоныг дааж амьдрах хэрэгтэй. “М.Глинкээс нэгдүгээр байр эзэллээ, гавьяат жүжигчин боллоо” гэхэд хүмүүс миний өмнөөс маш их баярлаад байсан. Би хүн баярлуулж, ми ний амжилтад бусад хүн талархах нь сайхан санагддаг. Алхам бүрээ мэдэрч явалгүй нэг л муухай хальтирвал тэр сайхан сэтгэлийг үгүй хийнэ.
Ж.СОЛОНГО