Эмч, эмнэлгийн ажилчдын дунд “Рашаан сувиллын Дэнсмаа” хэмээн алдаршсан, хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор Д.Дэнсмаа агсныг эргэн дурсаж, ээдрээтэй амьдралынх нь нэгээхэн хэсгийг уншигчидтайгаа хуваалцахаар шийдлээ. Тэрбээр ардын хувьсгалтай хамт өсөж өндийн, тэр жилүүдийн хүнд ачааг үүрэлцэж, амьдралын хатуутай нүүр тулсан, Монгол Улсын түүхийг бичилцсэн баялаг намтартай эмэгтэй байжээ.
Д.Дэнсмаа 1908 онд Хиагтын Дээд шивээ хотод төржээ. Түүнийг нэг ойтой байхад аав, ээж нь Богдод мөргөхөөр Нийслэл хүрээнд ирээд нутаг буцаж чадалгүй энд суурьшсан аж. Аав Дугар нь жанжин Д.Сүхбаатарын нууц бичиг баримтыг хүрээнд байсан хувьсгалчдад хүргэж өгдөг, жанжны итгэл найдварыг хүлээсэн хүн байсан бөгөөд Дэнсмааг 12 настай байхад цагаантны цэрэгт буудуулан нас баржээ. Айл хөрш байж, хувьсгалын үйл хэрэгт тусалж явсан Дугарын ганц охин Дэнсмааг сургууль соёлын мөр хөөхөд Д.Сүхбаатарын гэр бүл онцгойлон анхаарсан гэдэг. Д.Дэнсмаа 1923 онд байгуулагдсан хүрээний бага сургуульд суралцаж төгсөөд, 1925 онд Москвагийн Дорно дахины хөдөлмөрчдийн эв хамтын сургууль (КУТВ)-д суралцахаар эх орноосоо мордов. Түүнийг КУТВ-д явуулахаар дуудсан Монгол Ардын намын Төв хорооны ажилтан “Д.Сүхбаатарын гэр бүл, түүний дотроос Янжмаа гуай танай гэр бүлийн талаар талархан дурсдаг.
Манай нам шударга ариун хувьсгалчдын үр садыг хайрлан хүндэлдэг учраас чамайг энэ удаа зориудаар дуудан ирүүлж, уулзаж байгаа юм. Улсаас эмэгтэй хүнд анх итгэл найдвар хүлээлгэж байгаа нь энэ шүү. Нам засгийн хариуцлагатай үүргийг биелүүлж, сайн сурч чадах уу. Сайн бодоод шийдвэрээ гаргаарай” гэсэн талаар Д.Дэнсмаа агсан дурссан байдаг. Тэрбээр КУТВийг төгсөж ирээд Намын төв хорооны эмэгтэйчүүдийн хэлтэс, НАХЯ-ны харьяа Дотоодыг хамгаалах газар хэсэг хугацаанд ажиллаад Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн захирал, Санхүүгийн сургуулийн захирал зэрэг албанд томилогджээ. Тусгаар тогтнолоо олж, хөл дээрээ тогтохоор тэмүүлж байсан Монгол Улсад шинжлэх ухааны эмнэлэг, мэргэжил олгох сургууль гээд цоо шинэ байгууллагууд ар араасаа байгуулагдаж, тэр бүхнийг дагаад боловсон хүчин дутагдаж байв. 1935 онд Намын төв хорооноос Д.Дэнсмааг дуудан, Хүний бага эмчийн сургуульд сургаж эмнэлэгт ажиллуулах болсноо дуулгажээ.
Хүний бага эмчийн сургуульд хоёр жил суралцаад 1937 онд төгсөх үеэр нь түүний нөхөр Ерөнхий сайдын дэд шадар сайд, Гадаад хэргийн дэд сайд Г.Самбуу агсныг хувьсгалын эсэргүү хэмээн баривчилж, Д.Дэнсмааг эсэрг үүгийн гэр бүл хэмээн үзэж ажилгүй орхив. Түүгээр зогсохгүй 1938 онд төрөөд удаагүй нялх биетэй байхад нь баривчилж, өвлийн хүйтэнд галгүй гэрт хэдэн сар хорьсон гэдэг. Эхийнхээ сүүг ханатал хөхөж амжаагүй нялх хүүхдийг нь эсэргүүгийн хүүхдийн ясли гэгчид аваачиж, удалгүй нас барсан гэж дуулгажээ. Д.Дэнсмаа хоригдож байсан тухайгаа “До яамны хашаанд байдаг хоёр гэрийн нэгэнд Д.Намдаг гуай, Ц.Дамдинсүрэн гуай нар, нөгөөд нь би ганцаараа хоригдож байлаа. Өвөл хөлдөж үхэхгүйн тулд мөсөөр биеэ арчаад, үсэрч дэвхцэж, ганцаараа бүжиглэдэг байсан” хэмээн хуучилдаг байж.
Хүнд нөхцөл, харгис хатуу эрүү шүүлтийн дор хагас жил гаруй байцаагдаад 1939 оны зун суллагдаж, орох оронгүй хүрээний айлуудаар хоног төөрүүлж явсан хүү Зориг, охин Маяа хоёртойгоо амьд мэнд уулзжээ. Ханилсан нөхөр, нялх үрээ харгислалын шуурганд алдсан түүнд шантармаар үе олон тохиолдсон ч хүү охин хоёроо бодоод тэвчдэг байсан гэдэг. “До” яамны шоронгоос суллагдсаны дараагаар 1940 онд Монголын циркийн урлагийг үндэслэгч Ж.Раднаабазартай гэрлэн, дөрвөн хүүхэд төр үүлж, амьдрал нь тэгшрэх үед Ж.Раднаабазар учир битүүлгээр зуурдаар нас барав. Ингээд тэрбээр зургаан хүүхдээ өсгөж, боловсролтой хүн болгохын төлөө бүх амьдралаа зориулсан байна.
1951 онд Монгол Улсын их сургуулийн анагаах ухааны сургуулийг төгсөж, хүний их эмчийн мэргэжил эзэмшихэд нь түүнийг Намын төв хорооноос Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Дотоодыг хамгаалах газрын эмнэлэгт томилон ажиллуулав. Тэрбээр “Чекист нөхдөө сувилж эмчлэх ариун үүргийг хүлээхэд надад үнэхээр сонин ба бахархаж баярлууштай санагдсан” хэмээн нам, төрөөс итгэл хүлээлгэсэнд баярласан сэтгэлээ илэрхийлсэн байдаг. Дотоодыг хамгаалахын эмнэлэгт хэдэн жил ажиллаад МҮЭ-ийн Төв зөвлөлд шилжин, рашаан сувилал хариуцсан итгэмжлэгдсэн эмч болжээ.
Эмчилгээний рашаан гэдэг ойлголт шинжлэх ухаанд байгаагүй шахам тэр үед Д.Дэнсмаа өвчнийг илааршуулдаг ид шидтэй усыг шинжлэх ухааны үүднээс судалж, эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвижээ. Тэрбээр рашаан усыг шинжлэх ухааны судлагдахуун болгосноос гадна рашаан сувиллыг түшиглэн амралтын газар байгуулж, бүтээн байгуулалт хийсэн, рашаан судлалын боловсролыг АУИСийн сургалтын хөтөлбөрт оруулсан гавьяатай. Д.Дэнсмаа “Хужирт”, “Улаанбаатар”, “Оргил” зэрэг томоохон рашаан сувиллын ажлыг сайжруулах үүрэг аван томилогдож очоод үүргээ “онц” дүнтэй гүйцэтгэсэн, “Жанчивлан” рашаан сувиллын барилгыг бариулахаас эхлээд бүх ажлыг нь удирдан хийж, уг рашаан сувиллыг хөл дээр нь босгожээ. Монголын рашаан сувиллын бүтээн байгуулалтад гар бие оролцсон, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний үндсийг тавьсныг нь төр, засаг үнэлж 1976 онд гавьяат эмч цолоор шагнажээ. Түүний хүү Р.Энхбазар, Р.Энхтуяа нартай уулзаж, дурсамжаас нь хуваалцлаа.
Р.Энхтуяа: Нөхрөө ирэхэд үс гэзгээ янзалж, нүүрээ будсан бай гэж захидагсан
-Ээжийнхээ талаарх дурсамжаас хуваалцаач?
-Бидний багад ээж маань их завгүй ажилтай, өглөө гараад л орой ирдэг байсан. Тэгэхэд Батаа хэмээх буриад эмэгтэй биднийг харж, хоол унд хийж өгдөг байлаа. Нөхөр Бадам нь Богд хааны жолоочоор ажиллаж байгаад хэлмэгдүүлэлтийн үед буудуулсан гэдэг юм. Нөхрийг нь буудчихаад гэр орныг нь хураагаад авчихсан юм гэнэ билээ. Хэдэн өнчин хүүхдээ өсгөхийн төлөө нойр хоолгүй зүтгэж байсан ээжид минь их тусалж байсан даа, хөөрхий. Ээж минь биднийг загнаж, зодож байсныг би лав санахг үй байна. Ээж хааяа биднийг дагуулж кино үзнэ.
Их тэвчээр хатуужилтай, хүнтэй их зөөлөн харилцдаг, тун зарчимч, дайчин эмэгтэй байв. Ажилдаа явахдаа бидэнд үүрэг даалгавар өгч, хийх ажлыг маань хуваарилж өгчихөөд явна. “Гандий мод”, “Янжуур тамхи” дууг сайхан дуулдаг, орос хэлэнд гаргууд хүн байлаа.
-Танд ээж тань юуг онцлон захидаг байв?
-“Битгий эрт унт, ном сэтгүүл унш. Өөртөө л найд. Хүний гар бүү хар, эрдэм сур” гэж байнга хэлнэ. Тэр бүү хэл намайг тэтгэвэрт гарахад эрт тэтгэвэрт гарах хэрэггүй, ажлаа хий гэсэн шүү. Ээж минь их цэмцгэр хүн байсан. Намайг гэрийн халаад битгий өмсөж бай. Нөхрөө орой ирэхэд үс гэзгээ янзалж, нүүр амаа будчихаад байж бай. Битгий навсайгаад бай гэж захидаг байсан.
Р.Энхбазар: Ээж минь хэцүү бүхнийг ганцаараа үүрээд гарсан
-Ээж тань ямар хүн байв?
-Ээж минь өөрийгөө коммунист хүн гэдэг байлаа. Одоо л коммунист гэхээр алан хядагч шиг ойлгоод байгаа болохоос биш тэр үед хөдөлмөрч хичээнгүй, эх орондоо шударгаар зүтгэдэг хүнийг коммунист гэдэг байсан юм шүү дээ. Өглөө 07.00 цагт автобусанд чихцэлдээд ажил руугаа явдаг, орой сүүлчийн автобусаар ирдэг байв. “Хужирт”, “Жанчивлан” рашаан сувилал руу томилолт аваад явна. Хэдэн жаахан хүүхэд нь гэртээ үлдэнэ. Цэл залуудаа ханилсан ханиа алдаж, зургаан өнчин хүүхэдтэй үлдээд, биднийг эрдэм номтой хүн болгож хүмүүжүүлнэ гээд зүтгэсэн. Түүндээ ч хүрсэн. Манайхан бүгд дээд боловсролтой. Нийгэмдээ тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж яваа хүмүүс бий. Хөгжмийн зохиолч Маяа, гавьяат тамирчин Зориг, анагаах ухааны дэд доктор Энхтуяа, хэл шинжлэлийн доктор Нарантуяа нар миний ах, эгч нар шүү дээ. Би бага хүү нь. Миний дээр кино зураглаач Занабазар гэж байгаад нас барсан даа.
-Та нарт юу гэж сургадаг байсан бэ?
-Нөхөр нь цаазлуулж, өөрөө хэлмэгдэж явсан болоод ч тэр үү, их хатуужилтай эмэгтэй байсан. Бидэнд шаардлага тавиад тэг, ингэ гээд байхгүй. Биеэрээ үлгэрлэдэг, байгаа байдлаас нь бид яах ёстойгоо ойлгодог байсан. Ер нь эрэгтэй хүүхдүүддээ их зөөлөн, бүсгүй хүүхдүүддээ чанга ханддаг байсан шиг санагддаг. Эмэгтэй хүн хатуу чанга байх ёстой гэсэн бодол сэтгэлд нь бат суучихсан хүн байлаа.
-Хэлмэгдэж, хоригдож байсан тухайгаа ярьдаг байв уу?
-Туулсан амьдралынхаа талаар ярихдаа зовж байсан гэсэн үг унагахгүй, амьдрал ийм хатуу байдаг, алга хөрвүүлэхийн төдийд эргэж болдог гэдгийг л ойлгуулахыг хичээдэг байлаа. “Нэгэнт туулаад гарсан, өнгөрсөн амьдралыг байн байн эргэж дурсах хэрэггүй. Хүн амьдарч буй цаг үе, нийгэмдээ л зохицох ёстой. Цаг нь тийм байсан болохоор л би тийм амьдрал туулсан. Энэ бол хувь тавилан, түүх. Өнгөрснөө харах биш, урагшаа харж яв” гэдэг байсан. Ээж минь хэлмэгдэж, үхэл зовлон үзэж, хүнд хэцүү бүхнийг ганцаараа үүрээд гарсан эмэгтэй.
Х.УЯНГА