Уран барималч Н.Оргилын урланд зочиллоо. Баримлын шавраар хийсэн хөшөөний эх загварууд өрсөн, буланд нь гипсний хагархай хөглөрсөн өрөөндөө тэрбээр Х.Шаравжамц аваргын баримлын эх загварыг урлаж суув.
-Өндөр гэгээний анхны босоо дүрийг бүтээж байгаа гэсэн. Хэзээнээс энэ ажлаа эхлэв?
-Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Өндөр гэгээний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа. Үүнд зориулж Өндөр гэгээний 12 метрийн өндөртэй хүрэл хөшөө бүтээж байна. Өндөр гэгээн амьд сэрүүндээ өөрийнхөө суумал дүрийг бүтээснээс өөр тоймтой хөшөө дурсгал Монголд байдаггүй. Тэр тусмаа анхных нь босоо дүрийг бид бүтээж байна. Уг нь Өндөр гэгээний хөшөө бүхий амралт, аялал жуулчлалын цогцолбор бүтээе гэж бодож дөрвөн жилийн өмнөөс зураг төслийг нь хийсэн юм. Уулын орой дээр хийхээр зураг төсөл гаргачихсан байснаа хөрөнгө мөнгө, газрын асуудлаас болоод нам дор газар цэцэрлэгт хүрээлэнд хөшөөгөө босгохоор боллоо. Санаснаараа хийж чадаагүй ч гаргасан загвараараа бодсон хөшөөгөө бүтээж байгаа. Ажил бараг дуусах шатандаа орсон. Ирэх сарын 10-нд нээнэ.
-Энэ бүтээлийг шүтээн гэдэг талаас нь хийв үү, уран баримал гэдэг талаас нь уу?
-Аль аль талаас нь гаргахыг зорьсон. Өндөр гэгээний зохиосон тиг жаягийг яг баримталсан. Ерөнхийдөө урлагийн бүтээл гэдэг талаас нь бодож, арай чөлөөт сэтгэлгээ оруулсан. Нутгийн зон олон шүтээн гэж хүлээж авч байгаа учраас шүншиглэнэ. Өндөр гэгээн таалал төгсөхийнхөө өмнө “На майг нас барсны дараа ууц таллаж буйгаар бүтээгээрэй” гэж шавь нартаа захисан гэдэг. Гэтэл өнөө болтол түүний захиасыг биелүүлсэн хүн байхгүй учир би ууц таллаж буйгаар дүрсэлж, 35 см-ийн өндөртэй шүншигний бурхан бүтээсэн. Долоон хошуу даншиг гэдэг том наадам олон жил тасраад 1995 онд Өндөр гэгээний 360 жилийн ойгоор сэргээсэн. Шинэ цагийн анхны даншиг Өвөрхангай аймагт болоход би Өндөр гэгээний суумал дүрийг жууз тэрэг, сэнтий суудалтай нь бүтээж байлаа.
-Богдын музейд хадгалж буй Өндөр гэгээний суумал дүрд гэгээнтэн өөрийгөө буруу энгэртэй дээл өмссө- нөөр дүрсэлсэн нь ямар учиртай юм бол. Та их судалгаа хийсэн байх. Энэ талаар олж мэдэв үү?
-Би нэлээд хэдэн хүнтэй уулзаж, энэ талаар лавласан. Лам, судлаачид тоймтой хариу хэлж чаддаггүй юм билээ. Амьд сэрүүндээ өөрийгөө бурхны дүрээр бүтээсэн болохоор домносон байх гэж би бодсон.
-Сайн цагийн мянган бурхны нэг 80 тохой Майдар бурхны эх загварыг та хийсэн. Майдар бурхан хэзээ залрах вэ?
-Өндөр гэгээний бүтээсэн жижиг хэмжээтэй Майдар бурхан Чойжин ламын музейд байдаг. Би наян тохой Майдарын эх загварыг гаргахдаа Өндөр гэгээний бүтээсэн тиг жаягийг мм-ийн зөрүүгүй баримталсан. Өндөр гэгээний тигийг дэлхийн хэмжээнд хамгийн шинжлэх ухааны үндэслэлтэй, төгс гэж хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Тийм ч учраас сэргэн мандалтын үеийн дүрслэх урлагийн гурван том төлөөлөгчийн нэгд тооцдог. Чулууны хаан Мигеланжело, зургийн хаан Леонарда да Винчи, төмрийн хаан Занабазар гэдэг шүү дээ. Майдар бурхныг миний хийсэн загвараар төвд, балбууд бүтээж байгаа. Хойтонгийн өдийд дуусах байх.
-Дархан-Уул аймагт байгуулсан “Морин хуур” цогцолборын “Аргу сан хуурч” баримлыг та хийсэн байх аа?
-Ерөнхийлөгч Н.Багабандийн “Айл бүр гэртээ морин хуур залах ёстой” гэсэн зарлигийг тун нүдээ олсон шийдвэр байсан гэж боддог. Үүний ачаар морин хуургүй айл, албан байгууллага байхгүй болсон. Ингэснээр морин хуур хөгжмөө гаднынханд алдахгүй хадгалж үлдэхэд их хувь нэмэр оруулсан гэж би боддог. Дархан-Уул аймгийнхан их овсгоотой ажиллаж, хэнийг ч сэдээгүй байхад “Морин хуур” цогцолборыг босгосон. Тухайн үед Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Хаянхярваа надад “Морин хуур хөгжимд зориулсан хөшөө босгомоор байна. Ямар шийдлээр хэрхэн хийхээ та мэд. Бид уран бүтээлийн ажилд тань оролцохгүй. Санхүүгийн асуудлыг бид даая” гэсэн.
Тийм болохоор ийм чөлөөтэй, уран сэтгэмжтэй бүтээл гарсан юм. Уран бүтээлээ өөрийнхөөрөө хийх эрх өгчихөөр бүтээл хийхэд ч урамтай байдаг. Сэтгэлээрээ сайхан бүтээл хийх гээд зүтгэж байхад захиалагч орж ирээд ингэж хий, үүнийг нь өөрчил гээд байвал хэцүү шүү дээ. Зарим захиалагч хийж буй санааг минь ойлгохгүй өөрчил, ингэж хий гэж өө рийнхөө санааг тулгадаг. Уг нь санаагаа хэлээд энэ баримал чиний уран бүтээл учраас яаж хийхээ өөрөө мэд гээд орхичихдог бол хаа сайгүй тааралддаг ур хийц, сэтгэлгээ муутай хөшөө арай цөөн байхсан.
-Хотын гудамжинд босгосон хөшөөнүүдэд шүүмжлэлтэй ханддаг юм аа даа?
-Мөнгөтэй л бол юу ч хийж болно гэдэг сэтгэлгээгээ хязгаарлах хэрэгтэй шүү дээ, хүмүүс. Ямар ч хот төлөвлөлтгүй баахан байшин барьчихаад, түүнийхээ завсар зайнд архитектурын шийдэлгүй, шарилын хөшөө шиг үзэмжгүй баримлууд аваачаад тавьчихдагаа болих хэрэгтэй. Одоо бол хэн дуртай хүн хэдэн төгрөг өгөөд л хаа дуртай газраа хөшөө аваачаад тавьчихаж байна шүү дээ. УДЭТ-ын хойно байгаа Ю.Цэдэнбалын хөшөө үүний тод жишээ. Түүнийг гадаадын архитекторууд харвал Монголын барималч, архитекторууд ямар мэдрэмжгүй, тэнэг хүмүүс вэ гэж шоолно шүү дээ. Тэр хөшөөг харахаар захиалагч нь барималчийн эрхэнд халдаж, тэгж ингэж хий гэж хэт тулгасан юм шиг санагддаг.
Төрийн зүтгэлтэн агсныг хөлөө ачиж сууснаар дүрсэлж хөшөө босгомгүй, тэгээд түүнийгээ театрын үүдэнд аваачиж тавимгүй санагддаг. Тэнд Монголыг дэлхийд гайхуулдаг урлагийн төрлүүдэд зориулсан ч юм уу, урлагтай холбоотой хөшөө байх ёстой шүү дээ. Аймгуудаар явахаар тэр начны, энэ зааны гээд л хоорондоо ялгаагүй шахам дэвсэн бөхийн хөшөө байх юм. Баримал урлана гэдэг зүгээр нэг гарын үзүүрээр хийчихээд түүнийгээ уран сайхны халилтайгаар тайлбарлаж, урлаг мэдэхгүй хүмүүсийн “тархийг угаагаад” өнгөрөхийн нэр биш. Хийсэн бүтээл чинь хэдэн зуун жил дамжаад, үр хойчид очно. Тэд биднийг шоолно шүү дээ. -Хэдэн жил баримал, гипстэй ноцолдож байна вэ? -Аав сийлбэрч хүн байсан.
Уран зургийн галерей, Дүрслэх урлагийн музейд аавын бүтээл үүдийг хадгалж байдаг. Би багаасаа уран бүтээлч болохыг хүсдэг байлаа. Наймдугаар ангиа төгсөөд ДУДуСийн баримлын ангид орсон. ДУДуС-ийг 1980 онд төгссөнөөс хойш баримлаар амьдарч явна. 1980 онд Өвөрхангай аймгийн Урчуудын эвлэлийн салбарт барималчнаар очиж ажил амьдралын гараагаа эхэлж байлаа. 1987 онд Улаанбаатар хотод ирж, Монюментал чимэглэлийн үйлдвэрт ажилд ороод Жанрайсиг бурхныг бүтээхэд гар бие оролцож явлаа. Тэнд туршлагатай мундаг барималчдыг дагаж том том ажилд оролцож, их ч юм сурсан даа.
Одоо ч баримлын эрдмээс суралцаад л явж байна. Зах зээлд шилжих үед хэчнээн хүнд байсан ч барималтайгаа ноцолдоод л, зургаа зураад л сууж байсан. Хөдөлмөрлөж байгаа хүний амьдрал дэвжиж байдаг болохоор миний амьдрал ч дээшилж л байна. Авьяастай, мэргэжилдээ үнэнч, ажилдаа дуртай байж уран бүтээлч болно уу гэхээс сургуульд сураад сайн барималч болчихдоггүй гэдгийг залуус ойлгоосой. Сүүлийн үед зарим хүүхэд зураач, барималч болчихвол мөнгө их олно гэж бодож энэ мэргэжлийг сонгож байгаа юм шиг харагддаг. Ингэж болохгүй шүү дээ.
Х.УЯНГА