Төрийн шагналт, яруу найрагч Долгорын Нямаа Хүн эмнэлгийн техникум төгсөөд Дундговь аймагт бага эмчээр ажиллаж байхдаа 1961 оны тавдугаар сарын эхээр “Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би” хэмээсэн үгтэй шүлэг бич жээ. Ахынхаа шахалтаар эзэмшсэн эмчийн мэргэжлээсээ урваж, өөрийнхөө хүслийг дагаж ЗХУ-ын А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд явахаар хөөцөлдөж явахдаа “Утга зохиол, урлаг” сонинд шүлгээ өгсөн байна. Шүлэг наймдугаар сарын дундуур сонинд хэвлэгдэж, тэр үед Дорнодын хөгжмийн зохиолч Г.Цэндорж амралтаараа ирж таарч. Г.Цэндорж автобусанд сууж яваад суудал дээр гээгдсэн “Утга зохиол, урлаг” сониноос уг шүлгийг олж үзсэн гэдэг.
“Дугуй толины өмнө дахин дахин эргэлдээд Дурлалын дуу аялаад гадаа гармаар байх чинь Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би” гээд унштал ая нь сэтгэлд урсаад ирсэн гэнэ. Тэр дор нь аяа ноотолж Улсын ардын дуу бүжгийн чуулгын дуучин Г.Түмэндэмбэрэл агсантай уулзаж “Үүнийг дуулчихаарай. Би амралтад явлаа” гэж хэлээд явжээ. Г.Түмэндэмбэрэл агсан ч авсан даруйдаа дуулж, Монголын радиогийн алтан фондод есдүгээр сард бичүүлжээ. Яруу найрагч Долгорын Нямаа “Би шүлгээ сонинд хэвлүүлчихээд хойшоо (А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль) явсан.
Наймдугаар сарын 20- дын үед намайг явахад дуу болоогүй байсан. Сургуульдаа ороод удаагүй байхад “Шү лэг чинь дуу болчихож, радиогоор явж байна” гэсэн захиа ирсэн. Энэ мэдээ надад таатай санагдаагүй. Одоо л хүн бүр дуу бичих гээд байдаг болж. Тэр үед яруу найрагчид дуу бичихийг хөнгөн шингэн, ойр зуурын ажил гэж үздэг байсан юм. Дууны үг бол тааруухан юм байдаг. Сайн шүлгэнд ая хийх нь хоёрын хооронд болгочихдог гэсэн ойлголттой. Тийм учраас хайран шүлэг болж дээ гэх ухааны юм бодож байлаа. Олон жилийн дараа бодоход энэ шүлэг дуу болоогүй бол одоо болтол “Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би” гээд уншаад зогсож байх хүн байхгүй биз.
Дуу болсон болохоор 50 дахь жилдээ хүмүүс аялж байна” хэмээв. Тэрбээр энэ шүлгийг бичих болсон тухайгаа “Би Хүн эмнэлгийн техникум хэмээх охидын сургуульд дөрвөн жил сурсан. Тэгэхдээ газар газрын сайхан охидын дунд сэлж явлаа гэх нь хаашаа юм, сэлэхээр ч олигтой эр байгаагүй. Гэхдээ долдугаар анги төгссөн жаахан охид ирээд дөрвөн жилийн хугацаанд нас биед хүрч, зарим нь хүнтэй сууж, хүүхэд төрүүлж, нүдэн дээр хүүхэн болж хувирахыг харж байлаа. Тэр нь надад ямар нэг хэмжээгээр сэтгэгдэл үлдээсэн. Тэгээд энэ шүлэг төрсөн” хэмээн хуучилсан.
Х.УЯНГА