“Урлаг бол цэцэгтэй адил. Харж, үнэрлэх тусам татагдаж, улам дуртай болдог” хэмээн урлаг судлаач Эмелине Беттекс хэлж байна. Тэрбээр Зайсангийн бэлд оршдог “Цагаандариум” галерейн захирал. Өнгөрсөн жил байгуулагдсан тус галерейд Д.Амгалан, Б.Чогсом, Л.Гаваа, До.Болд, Я.Оюунчимэг нарын шилдэг зураачдын 500 орчим сор бүтээл бий. “Тэдгээр зургаас монголчуудын сэтгэлгээ, мэдрэмжийг харж болдог” хэмээн Эмелине Беттекс ярьсан юм. “Цагаандариум” галерей музей, үзэсгэлэнгийн танхимын хэсгээс бүрддэг. Энэ удаа та бүхэнд галерейн бүтээлийн дээжээс танилцуулъя.
Ж.Гэрэл “Монгол”
Зургийн гол дүр дайчны царай тод харагдахгүй ч нум сум нь тэнгэрийг чиглэсэн байна. Түүний хөлийг тэнгэрийн амьтан гэгдэх шувууны сарвуугаар төлөөлүүлж. Энэхүү зургийг нь монголчууд ба тэнгэрийн харилцааны илэрхийлэл хэмээн урлаг судлаачид үздэг юм билээ. Зургийн ихэнх хэсгийг хоосон орон зай эзэлж байна. Энэ нь Ж.Гэрэл зураачийн онцлог. Түүний “Жирэмсэн эмэгтэй” зураг мөн тус галерейд хадгалагддаг бөгөөд бүсгүйн толгойг харуулаагүй төдийгүй нэлэнхүйд нь цагаан, цайвар өнгөөр дүрсэлсэн байдаг. Жирэмсэн хүн цэвэр ариуны бэлгэдэл гэх санаа уг зургийн гол цөм аж. Тус зургийн дийлэнх хэсгийг мөн хоосон орон зай эзэлдэг. Энэ нь зургийн гол дүр, дүрслэл рүү үзэгчийн анхаарлыг шууд чиглүүлэх боломж олгодог.
С.Төгс-Оюун “Улаанбаатарын гэр хороолол”
Гэр хороолол гэж бодохтой зэрэгцэн нүүрс, утаа, бохир гудамж санаанд буудаг. Тэгвэл зураач С.ТөгсОюуны бүтээлүүдээс гэр хороололд амьдрах нь баяр хөөртэй, гэрэл гэгээтэй мэт харагддаг. Учир нь тэрбээр тэгш бус хэм буюу broken perspective аргаар зурдаг тул гэр хорооллын энэхүү зураг гэнэн томоогүй, хөгжилтэй мэт сэтгэгдэл төрүүлдэг юм. Эмелине Беттекс энэхүү зургийг Б.Шаравын “Монголын нэг өдөр”-ийн орчин үеийн хувилбар хэмээн үзжээ. “Зурагт дүрсэлсэн хүн бүр өөр өөр зүйл хийж байна. Зарим нь түлээ хагалж, ус авч, хүүхэд, нохой тоглож, хоёр эмээ нарлаж сууна. Гэр хорооллын өдөр тутмын амьдралыг эндээс харж болно” гэж тэрбээр ярив.
З.Өсөхбаяр “Замын тэмдэглэл”
Энэхүү бүтээлийг өнгөрсөн, одоогийн харилцан яриа хэмээн дүгнэж болно. 1920-иод оны үеийн хүрээ хүүхэн орчин үеийн загварын машинд суусан харагдана. Түүний ард сүйх тэрэг, тэмээн жингийн цуваа өнгөрч байгаа мэт. Машин нь зогсож байгаа ч хурд, шинэчлэлийг бэлгэдэж, тэмээн жингийн цуваа өнгөрсөн үеийг харуулж байна.
Ц.Энхжаргал “Бөртэ Чоно, Гоо марал”
“Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, гэргий Гоо маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ...” Монголын нууц товчоо ийн эхэлдэг. Өөрөөр хэлбэл, Монголын түүхэн дэх анхны хос нь тэд. Зураач Ц.Энхжаргал хосыг нэгэн биед уусан шингэсэн мэт дүрсэлсэн нь онцлог болжээ. Түүнчлэн тод, хурц өнгө ашигласан ч харанхуйн баргар мэдрэмж төрүүлж буй нь зураачийн хосгүй арга барил. Бөртэ чонын нүд гялалзах мэт байгаа бол Гоо маралыг сайтар ажиглавал эмэгтэй хүний гоолиг бие харагдаж байна.
Ц.Цэгмид “Тэнгэрлэг оршихуйн учир нэг”
Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн бүтээлийг урлаг судлаачид сюрреалист, симболизмын урсгалд хамруулдаг. Уг зурагт дүрсэлсэн хоёр бугыг тэнгэр газрын хоорондох элч хэмээн үзэх ч хүн бий. Бүтээлийн арын хэсэгт хадны зургийг санагдуулам тэмдгүүд харагдаж байна. Энэ тухай зураач Ц.Цэгмэд “Хадны сүг зургууд ямар нэгэн бэлгэдлийг агуулдаг тул намайг татдаг. Зураачид өөрийг нь тойрон хүрээлж байгаа сүнслэг орчин, эрчим хүчний санааг дамжуулж цааснаа буулгадаг. Тэр сүнслэг эрчим хүч зураачийн биед бууж санаагаа дамжуулж байгаа агшин нь онгод юм. Урлаг гэдэг тэнгэрлэг эрчим хүчний илэрхийлэл” гэж тэр хэлсэн.
Б.Эгшиглэн