Жуулчдын гудамжны баруун үзүүрт нэгэн залуу морин хуур тоглож сууна. Европ хөгжимчдийн жишгээр цүнхнийхээ амыг онгойлгоод урдаа тавьчихаж. Өнгийж харвал 100, 500, 1000-тын дэвсгэртүүд харагдана. Гудамжаар яваа хүмүүс түүний хөгжимдөхийг сонсон хэсэг саатна. Харин нүдээ анин хуурдах залуу их хотын чимээ шуугианаас ангид тал хээрт очсон мэт. Өөрийг нь хүндэтгэн хэд гурван төгрөг өгөх хүмүүст тэрбээр хааяахан “баярлалаа” гэж хэлээд толгой дохих аж. Тэрбээр монгол хэлээр тун аялгатай хэлэхийг анзаарлаа. Шого Воро Японоос иржээ.
-Морин хуурын юу нь таныг тэгтлээ татаж, тоглож сурсан бэ?
-Би дөрвөн жилийн өмнө Токиод байхдаа морин хуурын аялгууг анх сонсоход үгээр илэрхийлшгүй гайхалтай мэдрэмж төрсөн. Тэр үеэс хойш багаасаа тоглосон гитараа орхиж, морин хуурын багш хайв. Би 25 настайдаа олон улсын хүмүүнлэгийн байгууллагад элсэж Америк, Хятад, Энэтхэг, Австрали гээд 10 гаруй оронд очиж ажилласан юм. Жил зургаан сарын өмнө Монголын Ховд аймагт ажиллах боломж тохиосноор нэг мөрөөдлөө биелүүлсэн. Тэндхийн алдартай морин хуурч М.Довчингийн ач хүү надад багшилдаг.
-Хуурдахдаа нүдээ анин ямар нэгэн зүйл мэдэрч байх шиг санагдлаа?
-Морин хуур тоглох үед хөгжимтэйгээ нэг цул болсон шиг мэдрэмж төрдөг. Морин хуурын аялгуу надад бясалгал мэт санагддаг.
-Яагаад гудамжинд тоглох болов?
-Хүмүүс намайг мөнгө олохын тулд гудамжинд хөгжимдөж байна гэж бодож магадгүй. Мөнгө надад чухал биш. Эндхийн ажил маань дууссан тул дараа долоо хоногт нутаг буцна. Тэрнээс өмнө монголчуудад морин хуур тоглож үзүүлэхийг хүссэн юм. Японы нийслэлд монгол уран бүтээлчид ирж тоглодог ч орон нутагт тэднийг төдийлэн мэдэхгүй. Тиймээс Японы орон нутгийн хүүхдүүдэд морин хуур тоглож үзүүлэхээр төлөвлөсөн.
Б.ЭГШИГЛЭН