Гавьяат жүжигчин, уртын дуучин Д.Түвшинжаргалыг ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн нөхөр, дуучин Т.Баясгалангийн аав гэдгээр нь олон хүн мэднэ. Гэсэн ч түүний хувьд энэ нь хаалттай сэдэв. “Гурван хүүхэд маань амьдралдаа хийсэн хамгийн том бүтээн байгуулалт. Тэднээрээ бахархдаг ч би хувийн амьдрал, гэр бүлийнхээ тухай ярих дургүй. Хэн хэнтэйгээ хэрхэн амьдарч байгаагаас илүүтэй өв соёл, ардын мэргэн ухааныг монгол хүн бүр сонирхож, судлах учиртай” гэсээр тэрбээр угтсан юм. Өөрийнх нь тухай асуухад Д.Түвшинжаргал гуай их зүйл хэлэхгүй ч уртын дууны түүх, утга агуулгын талаар дуусахгүй яриа дэлгэх хүн аж.
-Уртын дуу зөвхөн тал нутагт л орших боломжтой юу?
-Гадаадын зарим хүн уртын дуу аялах гэж оролддог ч чад даггүй юм. Учир нь ур т ын дуу дуулахын тулд чадвараас гадна монгол сэтгэлгээ, мэдрэмж хэрэгтэй. Талын нүүдэлчид эртнээс байгальтайгаа ярьж, ойлголцож, мэдэрч ирсэн нь урлагт нь ч шингэсний нэг жишээ бол уртын дуу. Уртын дуу зааж байхад хот, хө- дөөгийн хүүхдүүдийн ялгаа анзаарагддаг. Морь мал, өвс ургамал мэдэхгүй хүн уртын дууг мэ дэрч дуулахгүй. Гэхдээ Богд уул руу гарч үзээгүй, Туул голын эрэгт очоогүй хотын хүүхэд байхгүй биз. Голын намуухан урсгал, чимээг нь мэдрэхгүй ус төдий үзэж байгаа хүн хэзээ ч уртын дуучин болж чадахгүй.
Би Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүн. Морь унаж, хонио бэлчээж явахдаа өөрийн эрхгүй уртын дуу аялдаг байв. 1982 онд одоогийн ҮДБЭЧ-д орсноор ардын жүжигчин Н.Норовбанзад агсны гарын шавь болсон. Мөн Монголын сод билигт уртын дуучин болох Б.Лхам жав, Ж.Дорждагва нараар дуулах дэг жаяг, учир утгыг нь заалгасан. Уртын дууг тухайн нутаг орноос шалтгаалан төв халх, боржигин, хар дэл, баруун аймгийн зэр гээр хуваадаг. Манай нутагт төв халх аял гуут уртын дуу зонхилдог юм. Төв, нам балаг аялгуугаараа онцлог.
-Уртын дууны агуу нь юундаа байдаг вэ?
-Тэр бол юунд ч үл баригдах чанар юм. Дуулах тогтсон ёс, баритон, тенор хоолой, ноот зэрэг нь уртын дуунд байдаггүй. Би өнөөдөр “Эрдэнэ засгийн унага”-ыг дууллаа гэхэд маргааш өөрөөр дуулж болно. Өөрөөр хэлбэл тухайн агшны мэдрэмж, сэтгэлийн хөдлөл уртын дуунд шингэдэг. Өвөг дээдэс, нутаг ус, морь мал нь хүнд ямар мэдрэмж төрүүлдгийг дуугаар илэрхийлнэ. Аялгууг хоолой, цээж, гэдэс гээд гурван гүнээс гаргадаг энэхүү агуу урлагийг ЮНЕСКО соёлын өвийн жагсаалтад бүртгэж, дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тэгэхээр Монголын сонгодог урлаг бол уртын дуу гэж ойлгож болно. Уртын дууны үгийг судалбал хүний амьдралын утга учир, үнэт сургаал олон бий. Би ч тэдгээрээс суралцан, амьдралдаа мөрдл өг болгохыг хичээсээр явна.
Жишээлбэл “Өвгөн, шувуу хоёр” хэмээх нэг бүр нь зургаан минут үргэлжилдэг 32 бадаг дуу бий. “Өтөлье гэж өтөлсөнгүй. Өнгөт ертөнцийн жамаар өтөллөө” гэж өвгөн шувуунд хэлдэг. Байгалийн жам ёсыг өвгөн, шувуу хоёрын харилцан яриагаар илэрхийлсэн дуу энэ. “Эр бор харцага”-т “Эр бор харцага нь жигүүртээ хүчтэй. Идэрхэн залуу насандаа даан чиг ажиг ч үгүй явлаа” гэж гардаг. Залуу насандаа л хүн хичээж, зүтгэхгүй бол дараа нь боломж хэзээ ч олдохгүй гэдэг чухал санаа энд явж байна. Ухаад сонсох тусам уртын дуу энэ мэтчилэн амьдралын том сургууль, хичээл болдог юм. Тэгэхээр уртын дуу хүнийг үргэлж зөв тийш нь залж, хүмүүжүүлдэг.
-Н.Норовбанзад агснаас дуунаас гадна юу сурсан бэ?
-Энэрэнгүй байх, хүнийг хайрлахын ухааныг багшаасаа сурсан. Би түүнийг мянганд ганц төрөх хүн гэж боддог. Хожмын хүмүүс намайг оюун ухаан, авьяас чадал, сэтгэл мэдрэмжээр үнэлж, дурсана. Тэрнээс ямар машин унаж, хэдэн давхар байшинд амьдарсныг хэн ч санахгүй. Тиймээс ч хүнд хэрэгтэй, ач тустай зүйл бүтээхийг үргэлж эрмэлздэг. Үүнийг ч үр хүүхэд, шавь нартаа захидаг.
-Уртын дуу шинээр бий болох бололцоо өнөөгийн Монголд хэр байгаа вэ?
-Өнөөдөр манайд хөгжмийн зохиолч олон байгаа ч тийм гэж хариулах хэцүү юм. Өмнөх үеүдийн түүхийг сайн ухаж, гүнзгий судалбал шинээр уртын дуу төрөн гарч магадгүй.
-Уртын дуучин болсон нь танд юу өгсөн бэ?
-Түүхээрээ бахархах, эх орноо гэх сэтгэл уртын дуучин хүнд хүссэн хүсээгүй гүн бат суудаг. Монголчууд XIII зууны үед дэлхийг байлдан дагуулж, бүх ард түмнийг хаанчилж байсан гэдэг. Тэгвэл энэ нь аль 2000 гаруй жилийн өмнөх Хүннүгийн үеэс улбаатайг тогтоолоо. Сүүлийн хэдэн зуун жил дэлхийд аргын тал ноёрхож байсан бол эдүгээ билгийн мянган ирж байна хэмээн эрдэмтэд үздэг юм билээ. Байгальтайгаа салшгүй холбоотой амьдарч ирсэн монголчуудын хувьд билгийн мянганыг оройлох бүрэн боломж бий. Гаднын томоохон улсуудын Монголыг сонирхсон хандлага эрс өсөж байна. Ихэнх хүн үүнийг ашигт малтмалтай холбож тайлбарлах байх. Гэхдээ энэ бол газрын доорх баялгаас хамаагүй илүү зүйл.
Даяаршлын эргүүлгэнд хүн бүхэн хуйларч байгаа ч үүнийг удаан үргэлжилнэ гэж би боддоггүй. Цөмийн зэвсэг бүтээж, зөв харж инээж, буруу харж уйлсан дэлхийн дүр зураг сүйрэл рүүгээ ойртож байгаа ч юм шиг. Магадгүй энэ бүхний гарц нь монгол ухаан ч байж болох. Тиймээс бид яг энэ цаг үед ухаантай байж, өөрсдийгөө зөв залах хэрэгтэй болов уу. Монгол хүн бусдаас тун өөр. Наад захын жишээ дурдахад ихэнх орны хүүхдүүд хортой бодис агуулсан гэх эрээн мяраан тоглоомоор наадаж өсдөг. Тэгвэл монгол тоглоом ямар билээ. Оюун ухааныг хөгжүүлэх, хурц ухаантай болгодог оньсон тоглоомоор өвөг дээдэс маань тоглож өссөн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэцэрлэгүүдэд оньсон тоглоом тараах, багш нарыг ч энэ чиглэлээр сургах зарлиг гаргасныг сонсоод би их баярласан. Сүүлийн үеийн монгол залуус гаднынхныг дуурайж, юм юм руу хошуурч буйд би жаахан эмзэглэдэг юм. Түүнчлэн ихэнх хүн хов живээр хөөцөлдөх болсонд бухимддаг. “Та түүнээс салсан уу, хэдэн жил амьдарсан бэ, тэр, энэ чинь хаана явна” гэх хэнд ч хэрэггүй асуултаар булж, ховоор хоол хийсэн үе дуусах биз. Яах вэ, хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаан, шуугиан удахгүй дуусна гэдэгт итгэе. Монгол ухаан эргэж ирнэ.
-Зөвхөн монголчууд биш хүн угаасаа л хүний мууд дуртай юм биш үү?
-Би тэгж бодохгүй байна. Социализмын үед хов жив, элдэв цуурхал тараахыг гэмт хэрэгт тооцдог байв. Гэтэл ардчилал ялж, хэвлэл мэдээлэл чөлөөтэй болсноор хэн хүссэн нь юу дуртайгаа бичдэг болсон. Гэнэт олдсон эрх чөлөөнд барьц алдсан хүмүүсийг би буруутгахгүй. Хүмүүс тамын тогооны үлгэрийг сонирхохоо больж, илүү оюунлаг, үр өгөөжтэй зүйлд тэмүүлдэг болсон нь анзаарагддаг.
-Та юунаас айдаг вэ?
-Өөртөө ялагдахаас айдаг. Хүн өөрийнхөө хамгийн том дайсан гэж би боддог. Хэрвээ “Би ч үүнийг чадахгүй дээ” гэж бодвол хэзээ ч чадахгүй. “Үүнийг хийх хүн надаас өөр байхгүй” гэж бодвол таны зөв. Жишээ нь бөх хүн өглөө эрт босохгүй, бэлтгэлээ хийхгүй бол гарцаагүй ялагдана. Гэхдээ түүний өрсөлдөгч биш өөрөө л өөрийнхөө дайсан гэж ах нь ойлгодог юм.
-Одоо байгаа хамгийн сайн уртын дуучин гэвэл та ахмад хүний хувиас хэнийг нэрлэх вэ?
-Би л байна даа.
-Тийм үү?
-Тоглосон юм. (инээв) Уртын дуучин С.Сүглэгмаа, Б.Долгоржав, Б.Лхамжав багш бид хэд уртын дууг нэг хэсэг авч явсан гэдгийг хаана ч нүүр бардам хэлнэ. Энэ үеийн дараа Ш.Чимэдцэеэ, Ө.Базарбат, Ж.Нэргүй нар гарч ирсэн. Одоо Б.Батмэнд, Г.Хонгорзул, Д.Ширмэнтуяа нар байна. Гэхдээ сайн ядуучин болохоос өмнө хүн байх эсэх асуудал нэгдүгээрт тавигдана. Хүн шиг хүн байж, сайн уртын дуучин болно гэсэн үг. Саяхан морины тухай уртын дууны “Түмний эх” наадам амжилттай болж өнгөрлөө. Тэндээс залуу, чадварлаг уртын дуучид Монголд олон байгаа нь харагдсан. Хамтран зохион байгуулсан “Ажнай” корпораци ч урьд нь байгаагүй том хэмжээний шагнал өгсөнд баяртай байгаа.
-Гэхдээ “Түмний эх” наадмын шилдэг уртын дуучин таван сая төгрөг, түрүүлсэн морины эзэн нь 65 сая төгрөгийн үнэтэй машинаар шагнуулсан. Амьтныг хүнээс дээгүүр тавьж байгаа ч юм шиг.
-Энэ ажил дөнгөж эхэлж байна. Юм хийж байгаа хүнийг ингэж хэлэх дэмий байх. Миний тэргүүлдэг Монголын уртын дууны холбоо цаашид олон ажил хийхээр төлөвлөсөн. “Түмний эх” наадам амжилттай болж өндөрлөсөн нь манай уртын дуучдад их урам зориг өгсөн. Цаашид ч энэ эрчээрээ ажиллана.
Б.ЭГШИГЛЭН