Монголын эзэнт гүрний үед монголчууд Перс, Иран зэрэг орны нутагт Ил хаант улсыг байгуулсан түүхтэй. Чингис хааны ач Мөнх 1251-1259 онд Их Монгол Улсын хаант төрийг барьж байхдаа дүү Хүлэгү, Хубилай нартаа салбар армиа захируулан өрнө болон өмнөдөд аян дайнаа үргэлжлүүлэх зарлиг буулгаснаар Хүлэгүгийн удирдсан монгол цэрэг 1256 онд Иранд нэвтэрч улмаар исламын ертөнцөд Ил буюу монголчуудын засаглалт хаант улсыг байгуулсан. Ил хаант улс нь 1357 он хүртэл 100 гаруй жил оршин тогтножээ.
Өдгөө Монголын эзэнт гүрний дипломат харилцааны үнэт дурсгал болсон захидал бичгүүд дэлхийн хэд хэдэн оронд хадгалагдаж байна. Эдгээрийн дунд Ил хаант улсын захидал бичгүүд онцгой байр суурь эзэлдэг. Ил хаант улсын Аргун хааны хүү Өлзийт хаан 1305 онд Францын IV Луй Филипп хаанд улс хоорондын дипломат харилцааг чухалчлан тэмдэглэсэн энэхүү захидлыг илгээжээ. Захидалд Чингис хааны үр сад эргэж санаа нэгдсэн тухай өгүүлж, урьд европчуудтай сайн харилцаатай байсныг дурдаад, дахин элч илгээн бэлэг солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Монгол хэлээр бичсэн энэ захидлыг итали орчуулгатай нь хамт илгээсэн бололтой. Найрамдалт харилцааг чухалчлан бичсэн Өлзийт хааны уг захидлыг 1824 онд Парис хотын Үндэсний архиваас анх олжээ. Захидлын эх хувь нь өдгөө тус архивт хадгалагдаж байна. Захидлын тамга дээр “Тэнгэрээс заяат суу хүчит эзэн хааны түмэн хэргийг шийдэх тамга” хэмээн хятад эвхмэл ханзаар бичсэн байдаг гэж Монголын үндэсний музейн тайлбарлагч М.Мөнгөнцэцэг ярилаа. XIII-XIV зууны монголчуудын гадаад харилцааны үнэ цэнэтэй сурвалж болсон Уг албан захидлыг Польшийн монголч эрдэмтэн В.Котвич судлаад “XIII зуунд монголчууд дэлхий нийтийн энх тайвны асуудлыг сэдэж, үүсгэжээ” хэмээн дүгнэсэн байдаг. Өдгөө Монголын үндэсний музейд захидлын хуулбар нь хадгалагдаж байгаа бөгөөд эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэн монгол бичгээс кирилл үсэг рүү галиглан буулгажээ.
Ж.СОЛОНГО